
Ийнхүү Д.Сумъяабазарыг тангараг өргөх асуудлыг хэлэлцэхгүй болсноор МАН-ынхан УИХ-ын чуулганаас завсарлага авсан. Тэд ингэхдээ “Д.Сумъяабазарын тангараг өргөх асуудлыг хэлэлцэхгүй бол УИХ-ын дэд даргын асуудлыг хэлэлцэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Уг нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл эхлээд хэлэлцэж УИХ-д оруулах эсэхийг шийддэг. Гэтэл яагаад Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээгүй болон бусад асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос тодрууллаа.
-УИХ-ын өнгөрсөн чуулганаар завсарлага авсныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь бүр шантаачилж байна гэх юм?
-Бид энэ асуудалд зарчмын үүднээс хандъя гэж бодсон. Ер нь тэгээд сонгуульд оролцоод ард түмнийхээ саналыг авч, эрх мандатаа авсан хүмүүсээр УИХ бүрдсэн байх ёстой. Одоо хоёр хүн дутуу байгааг хүн бүр мэдэж байгаа. УИХ-ын тэргүүн зорилго нь ард түмнийхээ сонголтыг УИХ-д оруулж ирэх явдал болохоос биш дотроо байгаа нэг хүнээ тэр нь дарга, тэр нь биш гэх нь тийм ч чухал асуудал биш. Тэр тусмаа намын бүлгүүд нь өөрсдөө тодруулаад бүлгээ төлөөлүүлээд дэд даргад нэр дэвшүүлчихсэн хүнээ сонгох уу, үгүй юу гэдэг дээр ямар ч асуудал байхгүй. Р.Гончигдорж гишүүн УИХ-ын дэд дарга болдгоороо болно. Үүнийг бид дэмжиж байгаа. Бүх зүйлд эрэмбэ гэж байдаг. Энэ ч утгаараа эхлээд УИХ-ын эрх ашгийг дараа нь бүлгийн эрх ашгийг бодох нь зүйтэй гэдэг байр сууринаас хандаж, завсарлага авсан.
-Энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцчихээд УИХ-д оруулж ирээгүй гэсэн яриа байгаа?
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдахад энэ асуудал орж ирээгүй байсан. Уг хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон. Гэтэл СЕХ энэ асуудлыг пүрэв гарагт өгчихсөн. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байхад Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэх асуудал байхгүй байсан. Иймээс бид энэ асуудлыг яриагүй. Хуулиараа бол Д.Сумъяабазар сонгогдсон хүн. Түүнийг СЕХ-ноос өргөн мэдүүлснээс хойшхи хамгийн эхэнд болсон чуулганы хуралдаанаар оруулж, эрх нь баталгаажих ёстой. Дээр нь нэгэнт сонгогдсон хүний эрхийг баталгаажуулах, тангараг өргүүлэх нь УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудал угаасаа биш. Үүнийг логик утгаар нь авч үзвэл Монголын сонгогчдын бараг 10 хувь нь амьдардаг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг хүлээсэн хүнийг УИХ-ын даргын зөвлөлийн арван хэдхэн хүн “Энэ хүний асуудлыг УИХ-д оруулах уу, оруулахгүй юу гэдгийг яриад суух нь утгагүй. Үндсэн хууль болон бусад хууль, сонгуулийн утга агуулга бүх юмтай зөрчилдөнө. Тэгэхээр хэзээ орж ирнэ автоматаар хэлэлцдэг юм.
Тэрбээр ийн ярьсан. Харин энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаагаас тодруулахад “Цэцэд гомдол гаргасан асуудлыг УИХ-ын даргын зөвлөл авч хэлэлцэх боломжгүй” гэсэн юм. Тэгэхээр УИХ бүл нэмэх эсэх асуудал Цэцийн шийдвэр шууд хамаарах болох нь. Анхнаасаа л будилаантсан 26 дугаар тойргийн асуудлыг яаж шийдэхийг цаг хугацаа харуулна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
