
Б.Батчулуун бол хэн нэгэн ая зохиогчид ая захиалаад түүнийгээ аваад дуулчихдаг жирийн нэг дуучин биш. Тэр бол төгөлдөр хуурч, ая зохиогч. Тэр үгүйсгэхийн аргагүй орчин цагийн сонгодог дуучин. Бидний дурлан сонсдог тэр бүх аялгуунууд бүгд түүний дотоодоос хөврөн гарсан яруу ноотнууд байдаг. Тэр ноотнууд огтоос хуучирдаггүй гайхалтай шидтэй. Ерээд онд нэг л үед зэрэгцэн төрж, зэрэгцэн байлдан дагуулж байсан эстрадын гэх тодотголтой дуунуудаас Никитоны дуунууд огт өөр сонсогддог нь юуных вэ? Өдгөө тэдгээр эстрадын дуунууд носталжи болсон байхад Батчулууны дуунууд хуучиршгүй байгаа нь бас юуных юм бол? Түүнийг би лав хувьдаа орчин цагийн манай хөгжмийн урлагийн СОНГОДОГ дуучин гэж боддог. Сонгодог хөгжим хэзээ ч хуучиршгүй байдаг. Сонгодог хөгжим ТАНСАГ байдаг. 14-хөн настайдаа зохиож байсан “Янаг цэцэг”, 16-тайдаа зохиосон “Хос хунгийн дууль”, “Том ярьсан хүүхэд” дуунууд одоо өөрийнх нь дөчин насан дээр сонгодог хэвээрээ л байна шүү дээ. Түүн шиг дуучин манайд өөр хэд байна?

“Үүлийг үсийг чинь гэж боддог
Цасыг царайг чинь гэж боддог
Салхийг уруулыг чинь гэж боддог
Сарыг гунигийг чинь гэж боддог
Үснээс чинь би тэнгэр үнэрлэдэг
Царайнаас чинь би цас олдог
Уруулаас чинь би салхи залгидаг
Гунигаас чинь би сарыг хардаг
Үүлэн үстэй
Цасан царайтай
Салхин уруултай
Саран гунигтай…
Цэцгийг инээдийг чинь гэж боддог
Солонгыг сормуусыг чинь гэж боддог
Мананг бодлыг чинь гэж боддог
Марлыг зүүдийг чинь боддог
Инээднээс чинь би цэцэг тасддаг
Сормууснаас чинь би солонго хайчилдаг
Бодлоос чинь би мананд төөрдөг
Зүүднээс чинь би марал түүдэг.
Цэцгэн инээдтэй
Солонгон сормуустай
Манан бодолтой
Марал зүүдтэй…”
"Болор цом"-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюушийн шүлэг юм билээ. Бүсгүй хүний гоо сайхныг магад Б.Батчулуунаас илүү гоёмсгоор магтан дуулсан дуучин бараг л байхгүй дээ. “Ялгуун” гэхэд л хичнээн яруу тансаг үгтэй билээ. Түүний дуунуудад уяран догдолдоггүй бүсгүй хүн гэж үгүй биз.
Б.Батчулуун шиг дуучинтай, “Никитон” шиг хамтлагтай нэг цаг үед амьдарч байгаагаараа би л хувьдаа үргэлж бахархдаг. Бүгдээрээ авъяасыг хайрлацгаая. “Үүлэн үст” бүх хөгжмийн дэлгүүрт 55000 төгрөгөөр худалдаалагдаж байна лээ. Эсвэл 1950 руу залгаад үнэгүй хүргүүлээрэй.