
Төв Азийн бүс нутаг ерөнхийдөө өөрчлөлт шинэчлэлийн үе рүүгээ орж байгааг Назарбаев онцолж байна. Харин энэ бүс нутгийг хуучин хүйтэн дайны “линз”-ээр хардаг хүмүүс одоо ч байгааг шүүмжиллээ. “Үүний шалтгаан нь хэвлэл мэдээлэл, судлаачид, мөн зарим улстөрчдийн хуучинсаг үзэл бодолтой холбоотой” хэмээн Назарбаев үзэж байна. Энэ бүс нутгийн байдал 2014 онд АНУ цэргээ Афганистанаас гаргасны дараа “хурцадна” сүйрэл ирнэ” хэмээн үзэх судлаач, улстөрчдийн байр суурийг ч Назарбаев хуваалцахгүй байна. 1979 оноос хойш дайны хөл тасраагүй Афганистанд АНУ-ын цэрэг байрласнаар нааштай өөрчлөлтүүд гарсаныг үгүйсгэхгүй ч Афганистан дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс хүмүүнлэгийн болоод эдийн засгийн хөрөнгө оруултаар цангаж байгааг хэллээ. “Одоо 30 нас хүрч байгаа афган залуу гартаа буунаас өөр зүйл барьж үзээгүй байгаа нь эмгэнэл юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүч тусалцаа Афганистаны энхийн цагийн сэргээн босголтод хэрэгтэй байгааг би ямагт онцолж ирсэн. Энэхүү асуудлыг шийдэхэд шаардлагатай ямар нэг шинэ бүтцийг бий болгоход Казахстан тусламжийн гараа сунгахад бэлэн байна” хэмээн Назарбаев мэдэгдлээ.
Арвин их байгалийн баялаг, асар уудам газар нутагтай Казахстан “хэзээ ч байгаагүйгээр өөрийн хөгжилдөө итгэлтэй байна” хэмээн Назарбаев бардам мэдэгдэж байна. 2050 он гэхэд Казахстаныг дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны тоонд оруулах зорилгыг Казахстан тавиад байна. Казахстан улс 16.7 сая хүн амтай, эдийн засгийн өсөлт нь 7.5 хувьтай, нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн нь 13,200 ам.доллар, ажилгүйдлийн түвшин 5.4 хувьтай, инфляци 8.3 хувьтай /2011 оны байдлаар/ гэсэн статистик байна. Экспортын гол орлогоо буюу 35 хувийг нефтийн бүтээгдэхүүнээс авч өнгөр болон хар метал, зэс, улаан буудай экспортолдог. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас анх удаа 2002 онд олон улсын зээлжих зэрэглэл хүртсэн орон юм.
Өнгөрсөн 2012 онд Нурсултан Назарбаев G-Global хэмээх хөтөлбөрийг дэвшүүлэн тавьж, ихээхэн сурталчилж байна. Назарбаев үүнийгээ “XXI зууны дэлхийн шинэ бүтцийн үндэс” хэмээн тодорхойлж байгаа бөгөөд таван зарчмыг дэвшүүлж байгаа аж. Үүнд:
-Хөгжил, улс төр дэх аливаа хувьсгалт өөрчлөлтөөс татгалзах
-Шударга ёс, тэгш эрх, хэлцэл
-Харилцан итгэлцэл болон тэвчих үзэл
-Ил тод байдал
-Үр бүтээлч олон талт үзэл бодол хэмээн тодорхойлжээ. Шашны номлол мэт харагдах эдгээр зарчмууд нь шинэ зууны дэлхийн улс төрийн гол онол байх болно гэдэгт Назарбаев итгэлтэй байна.
Назарбаевийн санал болгож өөр нэг зүйл нь ЕвроАзийн эдийн засгийн холбоог байгуулах хүсэл. Шинэ холбоог одоо үйлчилж буй ОХУ-Беларус-Казахстаны Гаалийн холбоог өргөжүүлэх замаар бий болгох зорилготой байгаа аж. ОХУ-Беларус-Казахстаны Гаалийн холбоо нь байгуулагдаад дөнгөж гурван жилийн нүүр үзэж байгаа юм. Одоогоор ОХУ-Беларус-Казахстаны Гаалийн холбоонд ОХУ давуу байр суурьтай байгаа хэдий ч Төв Азийн бүс нутгийн орнуудыг энэхүү холбоонд татан оруулах, Европын холбоотой дүйхүйц жин дарах холбоог байгуулж чадна гэсэн итгэл Назарбаевт байна. Гэхдээ Европын холбооны алдааг давтахгүй гэдгээ хэлж байгаа юм. “Европын холбоо бидэнд сургамж юм” хэмээн Казахстан үзэж байна.
Үнэхээр Казахстан Төв Азид эдийн засаг, улс төрийн нөлөөгөөр цойлон гарч чадах уу? Тусгаар тогтносон Казахстан улсын Ерөнхийлөгчөөр тасралтгүй 22 ажиллаж байгаа хуучин Зөвлөлт Холбоот улсын улс төрийн кадр Назарбаевийг дарангуйлагч, нэг хүний засаглал тогтоож байна гэж шүүмжлэгчид цөөнгүй. Ууган охин Даригагийн нөхөр дипломатч мэргэжилтэй бизнесмэнРахат Алиев хадам эцгийнхээ дарангуйллаас зугатан баруунд дүрвэн гарсаныхаа дараа Назарбаевийн дэглэмийн талаар, хэрхэн улс төрийн эрх мэдлийг гартаа оруулсан талаар ном бичсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Казахстаны дотор ч сөрөг хүчний дуу хоолой байсаар байсан. Харин одоо сөрөг хүчний дуу хоолой багассан гэж хэлэх хүн байна. Учир нь, хэдийгээр Назарбаев улс орондоо дангаар ноёрхож байгаа ч улс орнй нь эдийн засаг хөгжиж, нэр хүнд нь өсч байна, гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэж байна, чинээлэг дунд анги бий болж байгаа зэрэг нь тархийг нь ходоодоор нь худалдаж авсан хэрэг аж.