Путин намдаа хандан сонгууль гэж хөөрөхгүй байхыг хэлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Путин намдаа хандан сонгууль гэж хөөрөхгүй байхыг хэлэв

Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийг угтан хөөрцөглөхгүй байхыг ерөнхий сайд Владимир Путин Нэгдмэл Орос намын төлөөлөгчдөд хандан уриалав. “Энэ талаар ярьж, сэтгэлээ хөөргөхгүй байхыг та нараас гуйя. Дараагийн жилд бид ажлаа хийх ёстой шүү дээ” гэж Путин сануулсан байна.

Харин ирэх арванхоёрдугаар сарын Төрийн думын сонгуулийн кампанид анхаарлаа хандуулахыг Путин онцлон анхааруулжээ. Намын удирдах ажилтнуудтай уулзахдаа Путин төрийн думын сонгууль эхлээд байгааг анхааруулав. Намын нэр дэвшигчдийг сонгохдоо илүү ил тод байхыг тэр уриалаад “Жагсаалтад орох тэр 600 хүн нэг нам гэж явцуурахгүй байх ёстой. Нэр дэвшигчдийг бүс нутаг, хотуудад өргөн танилцуулах ёстой. Хүмүүс манай намд итгэж байгаа учраас тэд хэн нь парламентад өөрсдийг нь төлөөлөх вэ гэдгээ мэднэ” гэж Путин хэлжээ.

Үүнээс нэг хоногийн өмнө Нэгдмэл Орос намын Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орлогч Юрий Шувалов Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэн түрүүнд дэвшүүлэх хүн гэж нам үзнэ хэмээн мэдэгдсэн байлаа. Путин “ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрны бужигнаан ажлын ердийн зохион байгуулалтад харш” гэж хэлсний дараа ийнхүү мэдэгджээ. Ерөнхий сайд өөрөө сонгуульд оролцохоо үгүйсгээгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж