
Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож салбар бүрдээ амжилттай ажиллаж байгаа хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар 30 гаруй хүн шагнагдлаа.
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хотын нутгийн зөвлөл хамтран Монгол сүү судлал шинжлэх ухааны холбоо хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Мөнххаан сум байгуулагдсны түүхт-90 жилийн ойд зориулсан онол үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
-Боловсрол хотхоны 250 айлын орон сууцны гэрээнд Барилга хот байгуулалтын яам, Сүхбаатар аймгийн талууд гарын үсэг зурлаа. Энэхүү хорооллын орон сууцны 1 мерт квадрат нь 600 мянган төгрөг байна. Ингэснээр орон нутагтаа хямд үнэтэй тохилог орон сууцанд амьдрах боломжтой болж байгаа юм.
-Алдагдсан хөдөөгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах төслийг Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжүүлэхээр боллоо. Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы нийгмийн хөгжлийн сангийн ивээн тэтгэлгээр хэрэгжих төсөлд Онгон, Эрдэнэцагаан, Уулбаян, Мөнххаан, Баяндэлгэр сумдын 6-10 насны хүүхдүүд хамрагдана.
-Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт албан байгууллага аж ахуй нэгжүүдийг дайчлан хотын ойр орчмын 89 цэгт төвлөрсөн томоохон хогийн цэгүүдийг цэвэрлэсэн. Тэгвэл энэ Бямба гаригт айл өрхүүдийн нийтийн цэвэрлэгээг Баруун-Урт сумын ЗДТГ-аас зохион байгууллаа. Гэр хороолол болон орон сууцны иргэд цэвэрлэгээндээ идэвхитэй оролцсон.
-МУЗГ, Боловсрол шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдэд Багшийн хөгжил, ном, авъяас гэсэн гурван томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаа багш нартаа, эцэг эхчүүддээ тайлагналаа.
-Аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд өнгөрсөн шөнө 12 иргэн эрүүлжүүлэгджээ. Архидан согтууруулах байдал ихсэж тэр дундаа залуучууд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж олноороо эрүүлжүүлэгдэж байна. Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн ихэнх нь ажилгүй иргэд байгаа юм.