Орос улс зөвлөлт холбоот улс болох уу

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Орос улс зөвлөлт холбоот улс болох уу

Зөвлөлтийг санагалзах явдал өнгөрсөн долоо хоногт Орост ердийнхөөс хавьгүй илүүтэй мэдрэгдэв. Юуны өмнө, оросууд Л.Брежневийг хайрлан дурсдаг нь И.Сталин, В.Ленинийг санадгаас хамаагүй илүү байдгийг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Хоёрдугаарт, В.Путин Зөвлөлтийн үеийн “Хөдөлмөрийн баатар” цолыг сэргээж хэд хэдэн хүнд гардуулав. 1927 онд анх бий болсон энэ хүндэт цолыг ЗХУ-ыг задрах хүртэл олгосон юм.

Л.Брежнев Узбекистаны Коммунист намын дарга Ш.Рашидовтой уулзаж байгаа нь. 1971 он

1938 онд энэ цолны нэрийг “Социалист хөдөлмөрийн баатар” гэдэг болсон бөгөөд энэ нэрийг өнөөдөр хэвээр хэрэглэж болохгүй нь мэдээж, ямар “Капиталист хөдөлмөрийн баатар” гэлтэй биш. Сэргэж буй хуучин цолны статусыг В.Путин тогтоохдоо, жирийн хөдөлмөрчнөөсөө гадна (залуудаа ажил сайн хийсэн өндөр настнууд, сайн хийж байгаа түшмэд энд мөн орно) Ерөнхийлөгчийн талыг тууштай баримталдаг хүмүүсийг шагнахаар шийдсэн бололтой гэж Эстонийн “Eesti Paevaleht” сонинд бичжээ.

Майн нэгний баяраар шагналаа гардсан эхний таван Хөдөлмөрийн баатрын дунд Челябинскийн токарьчин, Воронежийн механикжуулагч байв. Мөн тэднээс гадна хоёр “цагаан захтан” байсан нь дэлхийд нэртэй хөгжмийн удирдаач Валерий Гергиев, Оросын алдартай мэс засалч Александр Коновалов нар юм. В.Путины “итгэлтэй хүмүүс” гэгддэг бүлэг хүн “Хөдөлмөрийн баатар” цолыг сэргээхийг Ерөнхийлөгчид зөвлөсөн бөгөөд шинээр бий болоод нэг их удаагүй байгаа энэ институцтайгаа В.Путин жилд хоёр удаа тогтмол уулздаг байна. ЗХУ-аас авч хэрэглэж болох чухал хэдэн уламжлал буйн нэг нь энэ цол хэмээн тэд В.Путиныг сэнхрүүлжээ.

Өнөөгийн оросууд Зөвлөлтийн үеийн юмнаас зээлдсэн нь ганц энэ биш бөгөөд өмнө нь ЗХУ-ын төрийн дууллын аялгууг шууд авч Оросынх болгосон юм. Харин сүүлийн үед В.Путин, Зөвлөлтийн залуучууд “Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн” тэмдгийн нормыг заавал биелүүлэх ёстой байсныг сэргээх тухай ярьж эхэлсэн бөгөөд энэ нь армид сул биетэй залуус их ирэх болсонтой холбоотой гэнэ. 1931 онд нэвтрүүлсэн энэ нормыг биелүүлэхийн тулд гүйлт, харайлт, гранат шидэлт, буудлага, сэлэлт, суниалтаар тодорхой үзүүлэлтэд тэнцэх ёстой. ХБХ тэмдгийн нормоор улсын аварга хүртэл шалгаруулж байв. Мөн үүнээс гадна алдарт “Ан-2” онгоцыг дахин үйлдвэрлэх, сургуулийн хүүхдийг нэгэн ижил дүрэмт хувцастай болгох, Зөвлөлтийн үеийнх шиг түүхийн хичээлийн сурах бичиг гаргахаар бэлтгэж байна. Саяхан баталсан зарим хууль ч хуучин сэтгэлгээний хэв маягийг санагдуулж байгаа юм. Зөвлөлтийн үед байсан шиг хаягийн бүртгэлийн хатуу систем тогтоох санаачлага ч хүчтэй байна. 22 жилийн өмнө үгүй болсон аварга том гүрэн ЗХУ түүхийн чанад руу алсарсаар байхын хэрээр түүнийг оросууд аль болох сайхнаар дурсахыг хичээж буй нь илт харагдана.

Зөвлөлтийн зогсонги байдлын бэлэг тэмдэг болсон Л.Брежнев хориод жилийн дараа оросуудын шүтээн болно гэж тэртээх 90-ээд онд хэлсэн бол итгэх хүн олдохгүй л байсан байх. Гэтэл социологийн цоо шинэ судалгаа яг ийм зүйлийг харуулж байна. Олон нийтийн судалгааны “Левада-центр” хэмээх нэр хүндтэй байгууллага Б.Ельцин, В.Путин хүртэлх ХХ зууны удирдагчиддаа оросууд хэрхэн ханддагийг Майн нэгний баярын өмнөхөн тодруулжээ. Судалгаанд оролцсон бүх насныхан ЗХУ-ыг 18 жил толгойлсон Л.Брежневийг хамгийн нэр хүндтэй хоёр удирдагчийнхаа тоонд оруулсан байна. 40-өөс дээш насныхны хувьд Л.Брежнев В.Ленинтэй үзүүр түрүү булаацалдсан бол 25-40 насныхан түүнийг Николай II хаантай зэрэгцүүлэн үнэлжээ. Харин хамгийн залуу үе буюу 25 хүртэлх насны бүлгийнхэн Л.Брежневийг Николай II хааны дараа тавьсан байна. Үүний хажуугаар, санал асуулгад оролцогсдын дийлэнх нь Л.Брежневт илүү үнэлгээ өгсөн бол В.Ленин, И.Сталин, Николай II тэднээс ийм үнэлгээ авч чадсангүй. Энд мөн нэг сонирхолтой зүйл бий нь, залуу үеийнхэн тэр дундаа Л.Брежневийн үед амьдарч байгаагүй хүмүүсээс, түүнийг илүүтэй үнэлэгсэд нь, сүүлийн сонгуулиар В.Путины төлөө саналаа өгсөн хүмүүс байна. (Эсрэгээрээ, В.Путинд саналаа өгөөгүй хүмүүс Л.Брежневт тааруухан ханддаг нь харагдсан) Энэ нь ч логиктой мэт, учир нь ЗХУ задарсан явдлыг В.Путин геополитикийн асар том гамшиг хэмээн нэг бус удаа хэлж байсан билээ. “Eesti Paevaleht” сонины тоймч үүнийг дүгнэхдээ “Л.Брежневийг гэнэт ингэж их хайрладаг болсон нь тохиолдлын ч хэрэг биш, хайрладаг болохыг цаанаас нь өөгшүүлэн дэмждэг байж магадгүй” гэжээ.

2000-аад онд Оросын томоохон телевизүүд Л.Брежневийн цаг үеийн тухай хэд хэдэн олон ангит кино захиалан хийлгэсэн юм. Тэдгээрийн олонх нь хуучныг санагалзсан романтик өнгө аястай байв. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЗХУ-д амьдрал сайхан байсан талаар урьд урьдахаас илүүтэй ярьж бичиж байгааг харахад ч хандлага хаашаа явж байгаа нь эрхгүй харагдана.

2011 оны намар В.Путин Кремльд буцаж ирэх нь тодорхой болоод байсан тэр үед (Л.Брежнев 20 жил төрийн толгойд байсан бол В.Путин энэ удаа хоёр бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгч байвал нийтдээ 20 жил төрийн толгойд сууна) Орос зогсонги байдалд орлоо, В.Путин Л.Брежнев болж хувирлаа хэмээн хүмүүс их ярьдаг байв. Гэтэл В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков сэтгүүлчдэд ил шулуун хэлэхдээ, ийм харьцуулалт байлаа гээд муудах юм байхгүй, яагаад гэвэл Л.Брежневийн үе оросуудын хувьд сайхан цаг байсан гэж байжээ.

Оросууд Зөвлөлтийн үед сайхан байсан тухай ярихдаа, улс орон социализмын бүрэн төгс ялалтад ойртсон чухам Л.Брежневийн тэр үе, орос хүн хамгийн аюулгүй хамгаалалттай амьдралаар амьдарч байсан тэр үеийг л хэлдэг. Гаднаас нь харахад бол үнэхээрийн аюулгүй тэр амьдралын цаана ямар айхтар аюул нуугдаж байсныг, тийн ярьж буй олон хүн ухамсарлахыг огт хүсдэггүй билээ.   

Гэхдээ ЗХУ-ыг санагалзан, сайн сайхнаар дурсаж байгаа нь одоогоор бэлэг тэмдгийн чанартай бөгөөд үүний зорилго нь нийгмийн тодорхой давхаргад таалагдах, олон нийтийн оюун санаанаас уур мананг нь гаргах явдал юм. В.Путин Оросыг Зөвлөлтийн үеийн төрийн хэв загвар луу эргүүлэн оруулах нь гэмээр яг таг зүйл одоогоор харагдахгүй байгаа нь яамай. Сонсогдож байгаа үг яриа янз янз байгаа ч тэр нь, Орос орон хуучин Зөвлөлтийн замаар замнана гэсэн үг хараахан биш билээ.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж