
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 105 тоот дуудлагын утсанд энэ сарын 15-ны 08.00 цагаас өнөөдрийн 08.00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд 12 дуудлага ирүүлжээ. Баасан гаригийн өглөө 11.00 цагийн үед Бөхийн өргөөний нэг давхарт гал гарлаа гэх дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын дэргэдэх аврах ангийн гал сөнөөгчид газар дээр нь цаг алдалгүй очиж, унтраасан байна. Одоогоор хохирлын хэмжээ, гал гарсан шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа гэнэ. Бусад дуудлагын хувьд ихэвчлэн иргэдийн байшингийн дээвэр, амбаар гэх мэт ахуйн чанартай дуудлага байсан аж. Харин өнөөдөр 13.00 цагийн байдлаар иргэдийн байшингийн дээвэрт бага хэмжээний гал гарлаа гэх хоёр дуудлагын дагуу очиж унтраасан байна.
Д.Долгор