
Энэхүү “Next stop” наадмаас шалгарсан залуучууд “Оны залуу”-гийн лекцийг тухайн оныхоо дараа жилд зохион байгуулдаг сайхан уламжлалтай. Тиймээс өнөөдөр 2012 Оны шилдэг залуугаар шалгарсан залуу удирдагчдын лекцийг сонсохоор 1000 гаруй оюутан залуучууд хүрэлцэн ирсэн байлаа. NEXT STOP 2012 наадмын “Оны Залуу”-гаар шалгарсан Эдийн засаг, Бизнесийн салбарын “Оны залуу”, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Баянжаргалын Бямбасайхан “1+” сэдвээр, Нийгэм, Улс төрийн салбарын “Оны залуу” Хууль зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжин “Шинэ үе, Эрх чөлөө, Хариуцлага” сэдвээр лекц уншлаа. Оюутан залуучууддаа уншсан лекцэндээ Х.Тэмүүжин сайд “Монгол залуус дэлхийн хүн болох хэрэгтэй байна, өөрчлөлтийг мэдэрч, өөрчлөлтөө хамгаалж, өөрчлөлтийг хийх ёстой, залуучууд маань өөрөө өөрийгөө л хуурч болохгүй шүү” гэдгийг онцлон захиж байлаа. “Эрчим хүч бол эдийн засгийн суурь, ирэх 10 жилд 200ГВ-н нар салхи хосолсон станц барихад 62 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, харин ирэх 20 жилд хүний нөөцийн салбарт инженерүүд манлайлагчид болно” гэдгийг Б.Бямбасайхан дарга “1+” лекцээр дамжуулан онцоллоо. Залуучууд тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, асуулт асууж лекц тун халуун дулаан уур амьсгалтай болж өндөрлөсөн юм.