Филиппиний баруун хойд хэсгийн Лусон арал дээр орших Майон галт уул өнөөдөр гэнэт сэрж, идэвхижсэнээс таван уулчин амь үрэгдэж, долоон уулчин гэмтэж бэртсэн тухай “Times online” сайтад мэдээлжээ. Филиппиний албаныхны мэдээлснээр Майон галт уул сэрж, идэвхижсэнээс галт уулын тогооноос асар их хар утаа суунаглаж, хад, чулуу үнс чандруу гадагш цацагдаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Албай мужийн албаныхны зүгээс өнөөдөр Майон галт ууланд авиралт хийж байсан уулчдын багийхнийг авчруулахаар аврах баг илгээжээ. Энэхүү уулчдын багт нийт 20 орчим хүн багтаж байгаа бөгөөд амь үрэгдсэн уулчид нь Герман, Австри, Филиппиний иргэд байжээ.
2462 мерийн өндөртэй Майон галт уул нь Филиппиний хамгийн идэвхитэй галт уул бөгөөд өнгөрсөн 400 жилийн хугацаанд 40 удаа идэвхижиж байсан байна.
Үүнээс өмнө өнгөрсөн 2010 онд Майон галт уул идэвхижин 8 км-ийн радиуст үнс цацалж эхэлснээс олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байжээ.
Б.АНХТУЯА