“Энержи Ресурс” компани Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг барих эрх авсныхаа дараа уг төмөр замын ТЭЗҮ-г боловсруулсан. Гэхдээ өмнөх Засгийн газартай байгуулсан Концессийн гэрээг Н.Алтанхуягийн Засгийн газар цуцалж, төмөр замын суурь бүтцийг төрийн мэдэлд авахаар болсон билээ. Ингэж цуцалсантай холбогдуулан Зам тээврийн яам “Энержи Ресурс” компанид гаргасан зардлын тодорхой хувиар нөхөн төлбөр олгохоор ярилцаж байсан аж. www.mmc.mn сайтад мэдээлснээр энэхүү шинэ хэлэлцээрийн дагуу “Энержи Ресурс” компанид Засгийн газраас 84,3 тэрбум төгрөг буюу 59 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ. Энэхүү нөхөн төлбөрийг шинээр байгуулагдах Төмөр замын компанид тодорхой хувь эзэмших, эсвэл мөнгөн хөрөнгөөр нь буцаан олгох эсэхийг Зам тээврийн яам одоогоор эцэслэн шийдээгүй байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг “Энержи Ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар өмнө нь хоёр ч удаа зөвшөөрөл аваад байсан билээ.