Батаар ба “түүний нөхөд” эх орондоо ирэхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Батаар ба “түүний нөхөд” эх орондоо ирэхэд бэлэн

Монголын
говиос алдагдаж хууль бусаар хилийн чинадад гарсан 75 сая жилийн настай Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-ын тал Монгол Улсад
эргүүлэн өгөөд байна. Хулгайлагдан хил давж одсон эртний үнэт олдворыг
нь монголчуудад эргүүлэн өгөх ёслол АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр
болсон юм.  Тираннозавр Батаарын араг ясыг хүлээлгэн өгөх ёслол дээр
АНУ-ын Хил, гаалийн газрын дарга Ж.Мортон, Нью-Йорк хотын Ерөнхий
прокурор П.Барара, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
П.Цагаан нар үг хэлсэн байна.

Өнгөрсөн 2012 оны тавдугаар сард Тираннозавр Батаарын сураг анхлан дуулдсанаас хойш яг нэг жилийн ой
дээрээ эртний үлэг гүрвэлийн яс ийнхүү эх орондоо эргэн ирэх зам
шулууджээ. Гэхдээ Батаар ганцаараа биш олон нөхдийн хамт эргэж ирнэ.
Гурван өөр төрлийн зургаан ширхэг үлэг гүрвэлийн олдвор эргэж ирнэ гэсэн
мэдээлэл гарч байсан ч сүүлийн үед бүр том, жижиг 10 гаруй үлэг
гүрвэлийн олдворыг Монголд буцаан өгөхөөр болсон талаар дуулдаж байгаа
юм. Ямар ч гэсэн эхний ээлжинд Тираннозавр Батаар эх орон руугаа
хөдлөхөөр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн
оны сүүлчээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ жил бүрийн тавдугаар сарын
18-ны өдрийг Монгол Батаарын өдөр болгож тэмдэглэх болсныг зарласан.
Ингэхдээ энэ өдрийг соёлын өвийг хамгаалахад зориулж байгааг онцолсон
юм. Тэгэхээр Батаар ба “түүний нөхөд”-ийн үзмэрийн дээжийг Улаанбаатарт
энэ өдөр дэлгэж магадгүй.

Үлэг гүрвэлийн олдворуудыг хууль
бусаар хилээр гаргасан Эрик Прокопид АНУ-ын шүүхээс 17 жил хорих ял
оноосон ч хэрэв зүй бус үйлдлээ үнэн зөвөөр хүлээвэл ялыг багасгана
гэснээр ганц Тираннозавр Батаар бус бусад үлэг гүрвэлийн олдворуудыг
илрүүлэх боломжтой болжээ. Эрик Прокоди Монголоос Тираннозавр Батаар
төрлийн хоёр ширхэг, мөн хоёр Сауролопус, хоёр Овираптор төрлийн үлэг
гүрвэлийн ясыг гаргаснаа хүлээсэн юм.

“News Daily” сайтын
өнөөдрийн онцлох мэдээгээр АНУ-ын тал Монголд Батаарыг хүлээлгэн өгснийг
тодруулжээ. Онцлох мэдээнд “Монголын говиос олдож Нью-Йоркийн дуудлага
худалдаагаар хууль бусаар зарагдах гэж байсан 70 сая жилийн настай Тираннозавр  Батаар үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-ын тал Монгол Улсад
хүлээлгэн өглөө. Дуудлага худалдаагаар 1,05 сая ам.доллараар зарагдах
гэж байсан үлэг гүрвэлийн ясыг Монголын тал өнгөрсөн жил нэхэмжлэн
шүүхээр шийдүүлэн авч байгаа юм. Энэ бол Монголын тал үнэт өвөө эргүүлэн
авч байгаа анхны тохиолдол юм” гэжээ. Монгол Улсын Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үлэг гүрдэлийн олдворыг хүлээн авах ёслол
дээр  “Монголд өмнө нь динозаврын музей байгаагүй. Удахгүй Монголын
динозаврын төв музейг байгуулах гэж байна. Тираннозавр Батаар тэр музейн
анхны үзмэр байх болно. Тираннозавр Батаар бол гадагш гараад Монголдоо эргэн ирж
буй анхны соёлын өв юм" хэмээн хэлснийг “News Daily” сайт дурджээ.

Үлэг
гүрвэлүүдийн араг ясыг хайрцаглаж Монголд буцаахад бага зэрэг хугацаа
зарцуулна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Юутай ч Батаар ба
“түүний нөхөд” эх орондоо эргэн ирэхэд бэлэн болжээ.

                            Д.ОЮУН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж