Өнгөрсөн 2012 оны тавдугаар сард Триннозавр Батаарын сураг анхлан дуулдсанаас хойш яг нэг жилийн ой дээрээ эртний үлэг гүрвэлийн яс ийнхүү эх орондоо эргэн ирэх зам шулууджээ. Гэхдээ Батаар ганцаараа биш олон нөхдийн хамт эргэж ирнэ. Гурван өөр төрлийн зургаан ширхэг үлэг гүрвэлийн олдвор эргэж ирнэ гэсэн мэдээлэл гарч байсан ч сүүлийн үед бүр том, жижиг 10 гаруй үлэг гүрвэлийн олдворыг Монголд буцаан өгөхөөр болсон талаар дуулдаж байгаа юм. Ямар ч гэсэн эхний ээлжинд Триннозавр Батаар эх орон руугаа хөдлөхөөр болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны сүүлчээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг Монгол Батаарын өдөр болгож тэмдэглэх болсныг зарласан. Ингэхдээ энэ өдрийг соёлын өвийг хамгаалахад зориулж байгааг онцолсон юм. Тэгэхээр Батаар ба “түүний нөхөд”-ийн үзмэрийн дээжийг Улаанбаатарт энэ өдөр дэлгэж магадгүй.
Үлэг гүрвэлийн олдворуудыг хууль бусаар хилээр гаргасан Эрик Прокопид АНУ-ын шүүхээс 17 жил хорих ял оноосон ч хэрэв зүй бус үйлдлээ үнэн зөвөөр хүлээвэл ялыг багасгана гэснээр ганц Триннозавр Батаар бус бусад үлэг гүрвэлийн олдворуудыг илрүүлэх боломжтой болжээ. Эрик Прокоди Монголоос Триннозавр Батаар төрлийн хоёр ширхэг, мөн хоёр Сауролопус, хоёр Овираптор төрлийн үлэг гүрвэлийн ясыг гаргаснаа хүлээсэн юм.
“News Daily” сайтын өнөөдрийн онцлох мэдээгээр АНУ-ын тал Монголд Батаарыг хүлээлгэн өгснийг тодруулжээ. Онцлох мэдээнд “Монголын говиос олдож Нью-Йоркийн дуудлага худалдаагаар хууль бусаар зарагдах гэж байсан 70 сая жилийн настай Триннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-ын тал Монгол Улсад хүлээлгэн өглөө. Дуудлага худалдаагаар 1,05 сая ам.доллараар зарагдах гэж байсан үлэг гүрвэлийн ясыг Монголын тал өнгөрсөн жил нэхэмжлэн шүүхээр шийдүүлэн авч байгаа юм. Энэ бол Монголын тал үнэт өвөө эргүүлэн авч байгаа анхны тохиолдол юм” гэжээ. Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үлэг гүрдэлийн олдворыг хүлээн авах ёслол дээр “Монголд өмнө нь динозаврын музей байгаагүй. Удахгүй Монголын динозаврын төв музейг байгуулах гэж байна. Триннозавр Батаар тэр музейн анхны үзмэр байх болно. Т Батаар бол гадагш гараад Монголдоо эргэн ирж буй анхны соёлын өв юм " хэмээн хэлснийг “News Daily” сайт дурджээ.
Үлэг гүрвэлүүдийн араг ясыг хайрцаглаж Монголд буцаахад бага зэрэг хугацаа зарцуулна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Юутай ч Батаар ба “түүний нөхөд” эх орондоо эргэн ирэхэд бэлэн болжээ.