Энэхүү хэргийг Авлигатай тэмцэх газрынхан 18 аймаг дамнан хийсэн хуулийн хэрэгжилтийг хянах шалгалтын үеэр илрүүлжээ. Тухайлбал тус газраас томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймагт 14 хоног ажиллахдаа зөвхөн 2012 онд төрийн өндөр албан тушаалтнууд томилолтоор ажиллах хугацаандаа аймгийн төсвөөс давхар зардал гаргуулж, дайлуулж цайлуулсан “эхний” зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар харьяалагдах байгууллагаас томилолтын зардал гаргуулсан хэрнээ аймгийн нөөц хөрөнгөөс буудал, хоол, жимс зэрэгт зарцуулагдах гурван сая гаруй төгрөг гаргуулсан болох нь тогтоогдсон байна. Мөн Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нэг сая 500 мянга орчим төгрөгийг буудал, хоолны зардалд гаргуулжээ. Баян хүн нэг зуданд гэдэг сэн үү, ялихгүй зусар баяжихад саад гэдэг сэн үү, үнэндээ эрхэм гишүүдийг хоёр гурван сая төгрөгөөр жимс чихэрхэн эргүүлж явсан гэхээр шальтай сонсогдохгүй л байх л даа.
Гэхдээ албан тушаал, эрх мэдлээ ашиглан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас бэлэг шууд болон шууд бусаар авахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын хүлээн авсан бэлэг, УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагвын авсан үнэ төлбөргүй үйлчилгээтэй холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шилжүүлэн шалгуулах, бусад төрийн байгууллагын албан тушаалтны асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр болжээ.
Гэхдээ л зөрчлийн хувьд яалт ч үгүй зөрчил. Дээрээс нь зөвхөн эрхэм гишүүд гэлтгүй Санхүүгийн зохицуулах хорооноос О.Батбилэг нарын гурван хүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Батлан хамгаалахын яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд дээрх байдлаар аймгийн нөөц хөрөнгөөс давхар зардал гаргуулжээ. Хэдийгээр эдгээр нь тус 98 мянгаас гурван сая төгрөгт багтаж байгаа боловч хэтэрхий их хавтгайрсан хэнэггүйн “далай” болоод байгаа учраас энэ удаад АТГ хатуухан сануулга өгөхгүй боло болохгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Аргагүй шүү дээ зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч ажилтнууд нийлсэн 55 хүн байгууллагаасаа 37 сая 548 мянган төгрөгийн томилолтын зардал цохуулаад, аймгийн төсвөөс 19 сая төгрөг гаргуулан дайлуулсан гэх мэтчилэнгийн “зөрчил” ар араасаа ундарч байгаа болохоор. Аймгийн нөөц хөрөнгөөс мөнгө гаргуулсан тохиолдол үүгээр зогсохгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, хэвлэл мэдээллийнхний зардлыг ч мөн дээрхтэй адилаар зарцуулсан байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №10