Компаниудын доголдол ямар үр дагавартай вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Компаниудын доголдол ямар үр дагавартай вэ?

Монголын нүүрсний экспорт зогсов. Нүүрсний зах зээлийн хямрал Монголын
нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Дотоодын
нүүрсний компаниудын үйл ажиллагааны доголдол эдийн засагт ямар үр дагвар
авчрах бол? Энэхүү асуултыг MMJ Монголын нүүрс экспортлогч гол компаниуд болох
"Монголын Алт" ХХК, "Энержи ресурс" ХХК,
"Тавантолгой" ХК, "Саусгоби сэндс" ХХК-д тавьсан юм.

Хариултыг Уншигч танаа хүргэж байна.


Хөрөнгө оруулалтуудаа танаж эхлээд байна

"Монголын Алт" компаний Үйлдвэрлэл, төслийн хэрэгжилт эрхэлсэн
Дэд ерөнхийлөгч Г.Цогт

Нүүрсний зах зээлийн хямрал танай компанид
хэрхэн нөлөөлж байна вэ?

Сүүлийн жилүүдэд
“Монголын Алт” компани Монгол улсын хамгийн том нүүрс экспортлогч болоод байна.
Тавантолгойн орд дахь компаниуд овоолгод хадгалагдаж байгаа, борлуулалт
хийгээгүй нүүрсээ олборлолтын хэмжээндээ оруулж ярьдаг юм билээ. Манай
компанийн хувьд дунд нь янз бүрийн овоолгод байршуулдаггүй, шууд экспортолж,
борлуулдаг. Тэр утгаараа бид хамгийн том экспортлогч болж байгаа юм. 2012 онд
5.5 сая тонн нүүрс экспортолсон.

Хямралын хувьд
өнгөрсөн оноос эхлээд одоо ч үргэлжилж байна. Компанийн эдийн засгийн байдалд ч
ноцтой нөлөө үзүүлээд эхэллээ. МАК-ийн хувьд зөвхөн нүүрсний экспорт эрхэлдэг
уурхайгаа дэмжин ажилладаггүй. Монгол улсын эдийн засагт бодитой хувь нэмэр
оруулахуйц хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа. Цагаансуваргын зэс
молибденийн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж байна. Жилд нэг сая тоннын хүчин
чадалтай цементийн үйлдвэрийн ажлыг эхлүүлээд байгаа. Эдгээр төслийн санхүүжилт
нүүрсний экспортын орлогоос бүрддэг. Нүүрсний борлуулалтын орлого бусад төслийн
санхүүжилт рүү чиглэгддэг учраас ерөнхий дүнгээрээ компанийн хэмжээнд байдал
хүнд болж байна.

Нүүрсний уурхайн
хувьд технологийн горимоо аль болох алдахгүйг хичээж байна. Хоёрдугаарт, их
хэмжээний ажиллагсдыг цомхотголд оруулахгүйн тулд ажлын байрыг хадгалж үлдэхэд
анхаарлаа хандуулж байна. Уулын ажлын төлөвлөлтдөө тодорхой хэмжээний
өөрчлөлтүүд хийж, аль болох зардлаа багасгаж эхэллээ. 

Хямрал даамжирвал
нэлээд хүнд байдалд орох шинжтэй. Ийм нөхцөлд авах арга хэмжээнүүдээ ч
төлөвлөчихсөн. Тухайлбал, хөрс хуулалтын хэмжээг багасгах төлөвлөлт бий. Хөрс
хуулалтын хэмжээг багасгана гэдэг тийм ч сайн үзүүлэлт биш. Манай уурхайн хувьд
уул геологийн нөхцөл их хүнд. Дөчин хэдэн градусаар унадаг. Нэг талын хана буюу
борт руугаа байнгын хөрс хуулалтын ажил явагддаг. Энэ нь ордын ашиглалт,
уурхайн барометрүүдэд нөлөөлөх нөхцөлийг үүсгэдэг. Горим алдагдах нь маш ноцтой
зүйл. Цаашид засч залруулахад их хэмжээний зардал гарна. Хямрал даамжирвал
горим алдагдахын хувьд алдагдах байх. Гэхдээ аль болох бага нөлөө үзүүлэх
байдлаар ажлаа төлөвлөж байна.

Түүнчлэн
ажиллагсдынхаа ээлжийг өөрчлөн зохион байгуулах шаардлага гарна. Нэг ээлжийг нь
цомхотгох, нэг ээлжийг амралтын горимд шилжүүлэх зэрэг төлөвлөлтүүд хийчихээд
байна. Одоохондоо иймэрхүү арга хэмжээ аваагүй ч хямрал үргэлжилсээр байвал
хийхээс аргагүйд хүрнэ. 

Бусад уурхайдад
төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтуудаа ч танаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа,
зардалд гол байр суурь эзэлдэг дизелийн түлш болон тэсэрч дэлбэрэх материалын
нэлээд өртэй болчихлоо. Юутай ч аль болох зардлаа багасгахыг хичээж байна.

Өмнөх жилүүдтэй
харьцуулбал, нүүрсний худалдааны гэрээ байгуулсан компаниудын тоо маш цөөрсөн.
Үндсэндээ 4-5 компанитай л гэрээтэй явж байна. Нүүрсний үнэ улам л унасаар
байна. Цаашид гэрээ хийх, гэрээлэх компаниуд алга. Энэ байдал даамжирвал сул
зогсоход ч хүрч мэдэхээр байна.                                 
                  

Дотоодын нүүрсний компаниудын үйл ажиллагаа
доголдох нь эргээд Монгол улсын эдийн засагт ямар сөрөг үр дагаврыг авчрах
бол? 

Энэ жил нүүрсний
экспортоос Улсын төсөвт нэлээд их хэмжээний мөнгө бүрдүүлэхээр төсөвлөчихөөд
байгаа юм билээ. Тиймээс Улсын төсөвт тодорхой хэмжээнд нөлөөлж таарна. Засгийн
газар нүүрсний борлуулалтын орлогоос орох орлогыг бусад салбарт зарцуулахаар
тооцож байсан бол энэ нь доголдох байх. Гэхдээ Засгийн газраас байдлыг анхаарч
байгаа болов уу. Анхаарахгүй бол хүндрэх нь гэдгийг ойлгож байгаа юм болов уу
гэсэн бодол төрж байгаа. Саяхан Сангийн сайд нүүрс экспортлогчдоо хүлээн авч
уулзсан.

Зах зээл хямралтай
үед компаниудынхаа үйл ажиллагааг дэмжих, ажлын байруудыг хадгалж үлдэх,
хямралыг хохирол багатайгаар даван туулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг бусад
улс орнууд авч хэрэгжүүлдэг. Манайд байдал арай л өөр байна. Бидэнд мэдрэгдэж
байгаа дэмжлэг гэх юм алга. Харин ч сөрөг гэмээр арга хэмжээ аваад байх шиг.

Сая Сангийн сайд
уулзахдаа жишиг үнээр татвар авна гэж байна лээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас
нүүрсний жишиг үнийг түдгэлзүүлээд гэрээний үнээр явж эхэлсэн юм. Одоо буцаад
жишиг үнээрээ явах болж байна. Хятадын www.coalworld.net  сайтын үнийг авдаг байснаа www.sxcoal.com
сайтын үнээр жишиг үнийг тогтоохоор болжээ. Жишиг үнийн татварын алдагдлаас
болж, өнгөрсөн зургаан сарын хугацаанд 14 тэрбум төгрөгөөр төсөв хохирсон гэж
асуудлыг тавьсан байна лээ. Буцаад Хятадын нэг цахим эх сурвалжийн үнээр жишиг
үнийг тооцон татвар аваад эхлэхээр нүүрсний компаниудын алдагдлыг улам л
нэмэгдүүлнэ. Жишиг үнэ нь ч өөрөө их бодит бус. Эцсийн хэрэглэгчид очих хүртэл
Хятадын нутаг дэвсгэр дээр гарсан бүх зардлыг тооцсон байдаг. Тийм өндөр үнээр
тооцож татвар авах нь компаниудыг нэрмэх л арга хэмжээ.

Угтаа бол үйл
ажиллагаа явуулж байгаа хэдэн компаниа дэмжээд аль болох зогсоочихгүй
ажиллуулахыг бодох баймаар. Гэтэл тиймгүй юм.

Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас нүүрс тээврийн машинуудыг Монгол
улсын хилийн дотор кэмп, засварын газраа байгуул, засмал замаар явуул гэсэн
шаардлага тавьсан. Биелүүлэхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гэж Авто
тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаатар гэж хүн шахаад
байгаа. Энэ нь яг төрийн бодлого уу, эсвэл дунд нь нугалаа завхрал хийгээд
байна уу гэдгийг сайн ойлгохгүй юм.  

Шивээхүрэн-Нарийнсухайтын
чиг­лэлд 56 км газарт нүүрс тээврийн ажил явагддаг. Энэ чиглэлд нүүрс
экспортолсон анхны компанийн хувьд нүүрс тээвэрлэсэн машиныг Монголын нутагт
хонуулахгүйгээр өглөө нь ороод, орой нь гарахаар зохион байгуулж ирсэн. Ер нь
Монголын нутагт нүүрс тээврийн машин хонох юм уу, засвар үйлчилгээ хийх нь сайн
үр дагавар авчирдаггүй. Гашуунсухайтаас-Тавантолгой чиглэлийн 260 гаруй км
замын бараг км бүрт нүүрс тээврийн компанийн кэмп, засварын газрууд бий. Үнэн хэрэгтээ,
кэмп, засварын газар нэртэй хогийн цэгүүд. Хөрсийг нь талхлаад хаячихсан,
машины хагарсан дугуй, унасан машины сэг цугларсан хогийн цэг л болчихоод
байгаа юм. Бид алга дарам  ч гэсэн газрыг
эрүүл байлгах үүднээс нүүрс тээврийн машиныг өглөөд нь оруулаад орой нь гаргаж
байх бодлого барьж ирсэн. Харамсалтай нь Авто тээврийн газраас ийм шахалт
үзүүлэн, кэмп, засварын газар байгуулахгүй бол нүүрс тээврийг чинь зогсооно
гэдэг.

Сангийн яам
болохоор та нарын бодлогыг дэмжмээр байна, гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлээч, үйл
ажиллагаагаа зогсолтгүй явуулаач, улсад орж ирэх татварыг тасалдуулахгүй байх
чиглэлээр тодорхой арга хэмжээ аваач гээд байдаг. Гэтэл өөр нэг газар нь үйл
ажиллагааг чинь зогсооно гэсэн юм ярьдаг. Хоорондын уялдаа нь ойлгогдохгүй юм.
Ялангуяа өнөөдрийнх шиг зах зээл хямралтай байгаа нөхцөлд ийм бодлого  явуулах нь зөв үү, буруу юу гэдгийг холбогдох
хүмүүс нь ойлгож байна уу, үгүй юу.

Ер нь ганц манай
компанийн хувьд ч биш Тавантолгой чиглэлийн компаниуд ч гэсэн үйл ажиллагаа нь
доголдох байдалд орчихлоо. Тиймээс улсын эдийн засагт нэлээд бодитой нөлөөлөл
үзүүлэх байх. Төлөвлөгдчихсөн их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхэд
хөрөнгө мөнгөний эх үүсвэр дутагдах байдал гарах болов уу гэсэн л бодолтой
байна.

МАК бол том татвар төлөгч. 2011 онд татварт
хэдийг төлсөн бэ? 2012 онд энэ тоо өөрчлөгдсөн үү?

2011 он нүүрсний
зах зээл их таатай байсан үе. Энэ онд бид улс, орон нутгийн татварын
бүрдүүлэлтэд 160 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Хямрал эхэлсэн 2012 онд 82
тэрбум төгрөг төлсөн нь татварын бүрдүүлэлт хоёр дахин буурсан үзүүлэлт юм.
2013 онд сайн үр дүн харагдахгүй л болов уу.                                                

Зах зээлийн төлөв байдал цаашид хэрхэх бол?
Танай компанид өөрийн судалгаа, прогноз бий байх? Энэ жилийн төлөв байдлыг
ямархуу байдлаар харж байна вэ?

Бид зах зээлийн
судалгааг байнга хийдэг. Манай Худалдааны газар зах зээлийн төлөв байдлыг
долоо, долоо хоногоор нь гаргадаг юм. Нүүрсний үнэ, Хятадын хэрэглээ,
хэрэглээний өсөлтийн чиглэлээр судалгаа явуулдаг. Хятадын нүүрсний эрэлт,
нийлүүлэлт 2012 оны дөрөвдүгээр сар хүртэл тэнцвэртэй байгаад таваас есдүгээр
сар хүртэл доголдсон. Аравдугаар сараас эрэлт жаахан нэмэгдэж, тогтворжоод
байлаа. Гэвч 2013 оны эхний улиралд Хятадад төрийн эрхийг шилжүүлэх Бүх Хятадын
Ардын Төлөөлөгчдийн их хурал боллоо. Хурлын өмнөхнөөс нүүрсний үнэ нэлээд
тогтворжиж байснаа хурлын дараагаас ахиад унах маягтай болчихлоо.

2013 оны хоёрдугаар
сарын эцсийн байдлаар Хятадын аж ахуйн нэгжүүдэд 80 сая тонн нүүрсний хуримтлал
байна. Голлох цахилгаан станцууд нь 25 хоногийн нөөцтэй. Энэ нь 2012 оны мөн
үетэй харьцуулахад 11 хувиар илүү хуримтлалтай байна гэсэн үг.  Томоохон нүүрсний боомтууд дээр 47,1 сая тонн
нүүрс буюу өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 9,3 хувийн илүүдэл хуримтлалтай
байна. Энэ бүхнээс үзэхэд 2013 онд Хятадын зах зээлд нүүрсний хуримтлал их
байгаа учир эрэлт хэрэгцээ нэг их өсөх төлөв харагдахгүй л байна.

Нүүрсний үнэд
нөлөөлдөг гол хү­чин зүйлийн нэг нь гангийн үнэ. Ган үйлд­вэрлэлийн хувьд Хятад
улс нэлээд өндөр түвшинд хүрсэн ч эрэлт нэмэгдэхгүй байгаа. Эрэлт сайнгүй,
гангийн үнэ буурсан, нөөц байгаа учраас гангийн үнэ өсөөд нүүрсний эрэлт
хэрэгцээнд нөлөөлөөд явчихгүй л болов уу. 

Нөгөө талаар
Хятадын зах зээл дээр өөр улс орнуудын нүүрсний эзлэх хувь хэмжээ нэлээд түлхүү
болоод ирлээ. Монгол улс бараг л Австралийн өмнө гарчих гээд байсан бол одоо
ОХУ нэлээд жин дарж орж байна. Сая Хятадын Төрийн тэргүүн ОХУ-д айлчлал хийх
үеэр Оросоос их хэмжээний нүүрс авахаар гэрээ хэлцэл хийчихлээ. Сүүлийн үед
Мозамбикийн зах зээлээс Хятад руу нүүрс нийлүүлж байна. Иймэрхүү өөрчлөлтүүд
зах зээлд бий болчихлоо.

Монгол улсын
нүүрсний салбар Хятадын зах зээлд тодорхой хэмжээний байр суурь эзлээд байсан.
Харамсалтай нь энэ зах зээлээ алдах нөхцөл байдал үүсээд байна. Үүнд
“Чалко”-гийн гэрээний асуудал зэрэг Монголын төр, засгаас явуулж байгаа бодлого
зарим талын нөлөө үзүүлсэн болов уу гэсэн дүн шинжилгээг гадаадын экспертүүд
хийж байгаа нь олон улсын хэвлэл мэдээллээр гарч л байна.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл
ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах
тухай хууль батлагдаад жил болох гэж байна. Энэ хуулийн улмаас Монголын хөрөнгө
оруулалтын орчин өөрчлөгдөж байна гэсэн дүгнэлтүүд явдаг. Таны хувьд энэ
дүгнэлттэй санал нийлдэг үү?

Энэ хуулийг
өөрчлөхөөр УИХ дээр яригдаж байх шиг байна. Яг энэ хуулиас болоод хөрөнгө
оруулалтын орчин өөрчлөгдсөн гэж би хувьдаа бодохгүй байна. Хууль батлагдсан ч
амьдрал дээр хэрэгжээд явсан юм байхгүй. Хуулийг дагаж гарах журам нь ч
батлагдаагүй байгаа. Тиймээс энэ хуулийн заалт, үг үсэг үйлчлээд, гадаадын
хөрөнгө оруулалтад нөлөөлөөд явчихсан юм үгүй байх. Харин гадаадын хөрөнгө
оруулагчдын хувьд тодорхойгүй байдлыг л бий болгосон болов уу.

Хуулийг дагаж
үйлчлэх ёстой журам нь тодорхой гараад, амьдралд бүрэн хэрэгжээд явсан цагт
үнэлэлт дүгнэлт хийж болно. Ер нь гадаадын төрийн өмчийн оролцоотой аж ахуйн
нэгжүүдэд Монгол улс өөрийн бодлогыг тодорхойлох хууль эрхзүйн орчинтой байх нь
зүйтэй юм. Харин төр хувийн хэвшлийг ялгахгүйгээр нийтэд нь хавтгайруулан зохицуулсныг
хуулийн өөрчлөлтдөө ялгаж салган тусгаж өгөх нь зүйтэй байх гэсэн бодолтой
байна. /2013.04.09/

Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийг
зорьж байна

“Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Г.Батцэнгэл: 

Нүүрсний зах зээл сүүлийн үед илт хямралтай
байна. Танай компанид нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байна вэ?
 

Коксжих нүүрсний
зах зээл хямралтай байгаа нь үнэн. Гэхдээ дөнгөж сая ийм болчихоогүй, өнгөрсөн
жилээс эхлэн үргэлжилж байгаа үйл явц. Коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч
бол манай урд хөрш БНХАУ. Гэтэл Хятадын аж үйлдвэржилтийн хурд саарч, гангийн
үйлдвэрүүдэд нь түүхий эдийн илүүдэл үүсч, энэ хэрээр коксжих нүүрсний эрэлт
буурч, үнэ нь унасан. 2013 он гарсаар байдал дээрдсэнгүй, нүүрсний үнэ
тасралтгүй унасаар байна. Хятадад манай улсаас гадна Австрали, Индонез,
Мозамбик гээд олон орон нүүрс нийлүүлдэг. Эдгээр оронд ч гэсэн урд хөршийн зах
зээлийн нөхцөл байдал хүчтэй цохилт болж байна. Түрүүчээсээ Австралийн нүүрсний
салбарын томоохон компаниуд зарим уурхайнуудаа хааж, үйл ажиллагаагаа хумиад
эхэлсэн байгаа шүү дээ. Монголын нүүрсний салбарт мөн л нөхцөл байдал маш хүнд
болсныг та бүхэн гадарлаж байгаа байх. Олон компани уурхайнхаа үйл ажиллагааг
хааж, экспортоо зогсоосон. Манай “Энержи Ресурс” компани л гэхэд өнгөрсөн 2012
онд алдагдалтай ажилласан байгаа. Гэхдээ үйл ажиллагаагаа ямартай ч зогсоолгүй,
хэвийн үргэлжлүүлэхийг нэн түрүүний зорилго болгож, байгаа  бүх боломжоо шавхаж ажиллаж байна.

Дотоодын нүүрсний компаниудын үйл ажиллагаа
доголдох нь эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх вэ?

Манай улсын хувьд
нүүрсний экспортын орлого улсын төсвийн 40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг.
Энэ утгаараа хямрал хэвээр үргэлжлээд байвал нөхцөл байдал маш хүндээр эргэх нь
ойлгомжтой. Хэдийгээр алдагдалтай ажиллаж байгаа ч гэлээ зөвхөн манай компани л
гэхэд өнгөрсөн онд улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. “Энержи Ресурс”
компани нийт 2.600 гаруй үндсэн ажиллагсадтай, үүний 40 орчим хувь нь орон
нутгийн иргэд. Мөн Ухаахудагийн нийт бүтээн байгуулалтын хүрээнд туслан
гүйцэтгэгч болон гэрээт компаниудаа хамруулаад авч үзвэл 10,000 орчим хүнийг
шууд болон шууд бус ажлын байраар хангаж ирсэн. Нөхцөл байдал маш хүнд байгаа
хэдий ч бид энэ бүх хүмүүсийн ажлын байрыг нь хэвээр хадгалж, ажилтай,
орлоготой нь үлдээхийн тулд шаардлагатай бүх л алхмуудыг хийж байна. Ялангуяа
орон нутгийн ажиллагсдынхаа ажлын байрыг нь хадгалах чиглэлд маш их чармайж
байна. Зах зээл ийм хүнд байгаа нөхцөлд хэрхэн зардлаа хэмнэж, үйл ажиллагаагаа
зогсоолгүй явуулах бүх боломж, гарцыг бид эрэлхийлж, судалж, үйл ажиллагааны
зарим түр зуурын зохицуулалтуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Зах зээлийн төлөв байдал цаашид хэрхэх бол?
Энэ талаарх таны бодол?

Нүүрсний зах зээл
лав ойрын хугацаанд сэргэх боломжгүй гэдгийг олон улсын зах зээл шинжээчид хэлж
байна. Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд. Энэ утгаараа аж
үйлдвэржилт, бүтээн байгуулалт эргээд хурдтай эрчимжиж байж л нүүрсэн
бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Нөгөө талаас зах зээл хүндрэхийн
хэрээр коксжих нүүрс экспортлогчдын хоорондын өрсөлдөөн ширүүсэх нь мэдээж.
Ердөө хэдхэн сарын өмнө манай улс Хятадад нийлүүлдэг нүүрснийхээ хэмжээгээр
Австралийг ардаа орхиж, жагсаалтын нэгд явж байсан бол өнгөрсөн хоёрдугаар
сарын мэдээнээс харахад Австрали, Канад, ОХУ, АНУ-ын дараа тавд бичигдэж, байр
сууриа ихээхэн алдсан байгаа. Өөрөөр хэлбэл Хятадын коксжих нүүрсний импортод
харьцангуй маш бага хувь эзэлж байсан Канад, АНУ, ОХУ зэрэг орнууд байр сууриа
бэхжүүлэхээр шургуу ажиллаж байна. Нүүрсний экспортоос зах зээл нь ихээхэн
хамааралтай манай улсад энэ бүхэн нэгийг сануулж байх шиг байна даа./2013.03.29/

 

Коксжих нүүрсний зaх зээл хэзээ сэргэхийг
хүлээж  байна

“Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал
Ч.Цэцэг-Өлзий:

Танай компанийн хувьд зах зээлийн хямрал
хэрхэн нөлөөлж байна вэ?

Нүүрсний зах
зээлийн хямрал өнгөрсөн оноос эхэлсэн. Томоохон экспортлогч компанийн хувьд
манайд нөлөөлөл илт мэдрэгдэж байна. 2005-2011 он дуустал байнга өссөн
үзүүлэлттэй байсан нүүрсний экспортын хэмжээ 2012 онд огцом уналтад орсон.
Өмнөх онтой харьцуулахад гурав дахин бага экспорт хийлээ. Энэ нь эргээд компанийн
эдийн засгийн байдал болоод улс, орон нутгийн төсөвт төлөх татварын хэмжээг
бууруулж байгаа юм.

Дотоодын нүүрсний компаниудын үйл ажиллагаа
доголдох нь эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх вэ?

Сүүлийн жилүүдэд
Монгол улсын эдийн засагт нүүрсний салбар голлох үүрэг гүйцэтгэх болсон. Ийм
нөхцөлд дотоодын нүүрсний компаниудын үйл ажиллагаа доголдох нь улс орны эдийн
засагт шууд нөлөөлөл үзүүлнэ. “Тавантолгой” ХК-ийн хувьд 51 хувь нь орон
нутгийн өмчит уурхай. Энэ утгаараа Өмнөговь аймаг болон улсад нөлөөлөх байдал
бүр ч  илүүтэй мэдрэгддэг гэж хэлж болно.

Манай уурхайн хувьд
зөвхөн татвар төлөлтийн байдлыг авч үзэхэд 2011 онд 132.6 тэрбум төгрөгийн
татвар төлж байсан бол 2012 онд 23.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн байх
жишээтэй. Цаашлаад бараа материал, түүхий эдийн худалдан авалт багасч байна.
Тэр нь эргээд бэлтгэн нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх
нь ойлгомжтой.

Зах зээлийн төлөв байдал цаашид хэрхэх бол?
Танай компанид судалгаа, прогноз бий байх?

Манай компанийн
хувьд одоогийн байдлаар ганц л зах зээлд буюу БНХАУ-д борлуулалт хийж байна.
Энэ жилийн хувьд ч гэсэн энэ л зах зээл рүү борлуулалт хийнэ. Хятад улсын
коксжих нүүрсний зэх зээл хэзээ сэргэхийг хүлээж, тандалт хийсэн байдалтай
байна. Цаашдаа нэг зах зээлд баригдахгүй байхын тулд хоёрдогч, гуравдагч зах
зээлийн судалгаа явуулж байна. Гэрээ хийгдэх түвшинд явж байгаа ажлууд ч бий.                                                

Таны бодлоор Стратегийн ач холбогдол бүхий
салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг
зохицуулах тухай хууль гарснаар бодлогын ямар алдаа гарсан бэ? Хууль гарснаас
хойш ямар үр дагавар дагуулав? Түүний нөлөөлөл мэдрэгдэж байна уу? 

Манай орон шиг асар
их баялагтай хэрнээ жижиг улсад үндэсний аюулгүй байдал талаасаа хэрэгтэй хууль
гэж үзэж байгаа. Мэдээж хэрэг, үндэсний компаниудаа дэмжих нь зүйтэй. Гэхдээ
уул уурхайн салбарын томоохон төслүүдийн хувьд 100 тэрбум гэдэг тийм ч
хангалттай их мөнгө биш. Магадгүй тэр бүрийг УИХ-аар хэлэлцээд явах нь зөв
эсэхэд эргэлзэж л байна.

Гадны хөрөнгө
оруулалттай болон шинээр ашиглалт явуулж эхлэх гэж байгаа уурхай, төслүүдийн
хувьд энэ хуулийн нөлөөлөл нэлээд их байгаа байх. Манай уурхай 47 жил
тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, орон нутгийн өмчит уурхай болохоор
гадны хөрөнгө оруулалтын нөлөө тийм ч их мэдрэгдээд байдаггүй. Энэ хууль
гарснаас хойш манай уурхайн хувьд айхтар өөрчлөлт ажиглагдахгүй л байна. /2013.04.03/

Нүүрс олборлогч компаниуд шинэ орчинд дасан зохицох
нь хамгаас чухал болж байна

“Саусгоби сэндс” ХХК-ийн Засгийн газар, Олон
нийтийн харилцааны хэлтсийн дарга Б.Алтанбагана: 

Танай компанийн хувьд зах зээлийн хямрал
хэрхэн нөлөөлж байна вэ?

Нүүрсний зах зээл
бүхэлдээ хямарсан гэж хэлэхгүй ч БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний зах зээлийн
сулралт “Саусгоби сэндс” компанийн өнгөрсөн оны үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр
нөлөөлсөн. Манай Овооттолгой уурхайн үйл ажиллагаа 2012 оны зургадугаар  сарын сүүлээс сул зогсох болсон шалтгаануудын
нэг нь энэ юм.

Энэ оны гуравдугаар
сарын сүүлээр бид уурхайн үйл ажиллагаагаа сэргээсэн. Ингэхдээ аюулгүй
байдалдаа сайтар анхаарч, зардлын хувьд үр дүнтэй байлгахыг зорьж байна.
Хэдийгээр өнөөгийн зах зээлийн байдал сайнгүй байгаа ч 2013 оны сүүлийн хагас
болон түүнээс хойшхи төлөв байдал харьцангуй эергээр харагдаж байгаа.

Дотоодын нүүрсний компаниудын үйл ажиллагаа
доголдох нь эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх вэ?

Нүүрсний салбар бол
Монгол улсын аж үйлдвэрийн голлох салбаруудын нэг гэдгийг бид бүгд мэднэ.
Нүүрсний олборлолт, экспорт буурвал Монгол улсад төлөгдөх байгалийн нөөц
ашигласны төлбөр, экспортын татвар болон нийт эдийн засагт оруулж буй хувь
нэмэр мөн багасна. Тиймээс салбарын зогсонги байдал эдийн засагт тодорхой
хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа. 

Тиймээс Монголын
нүүрс олборлогч компаниуд зах зээлийн шинэ орчинд дасан зохицож үйл
ажиллагаагаа явуулах нь хамгаас чухал болж байна. Манай компанийн хувьд бүтцийн
өөрчлөлт хийх, Монгол улс дахь үйл ажиллагаагаа бэхжүүлэх арга хэмжээнүүдийг
авч хэрэгжүүлж эхлээд байгаа. Үйл ажиллагаагаа зардлын хувьд үр дүнтэй, мөнгөн
хөрөнгөтэй, тогтвортой байхаар хэсэгчлэн ажлуудыг эхлүүлээд байна. Цаашид ч
энэхүү хандлагаа баримтлах нь чухал ач холбогдолтой юм.  

Зах зээлийн төлөв байдал цаашид хэрхэх бол?
Танай компанид судалгаа, прогноз бий байх? 

2013 онд даван
туулах шаардлагатай маш олон тодорхойгүй байдлууд бий. Гэсэн хэдий ч хэтийн төлөв
байдал харьцангуй эерэг байгаа. Монгол улсын нүүрсний салбар БНХАУ-ын зах
зээлээс нэлээд хамааралтай. Энэ зах зээл Хятадын уламжлалт сар шинийн баяр
болон Хятадын удирдлагын шилжилтийн дараагаар гарч болох өөрчлөлтүүдээс чиглэл
авахаар хүлээсэн байдалтай байна.

Ерөнхийдөө ихэнх
шинжээчид энэ оны хоёрдугаар хагасаас Хятадын зах зээл сайжирч нүүрс
үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлсэн эрэлтийн түвшинд хүрнэ хэмээн үзэж
байгаа. Энэхүү өсөн нэмэгдэх эрэлтийг хангах боломж 2013 оны турш нүүрсний
үнийн нэмэгдлийг хязгаарлаж, нүүрсний үнэ болон зах зээлийн нөхцөл байдлыг
харьцангуй тогтворжуулах хандлагатай байна.

Таны бодлоор Стратегийн ач холбогдол бүхий
салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг
зохицуулах тухай хууль гарснаар бодлогын ямар алдаа гарсан бэ? Хууль гарснаас
хойш ямар үр дагавар дагуулав? Түүний нөлөөлөл мэдрэгдэж байна уу? 

Шинэ хуулийн
хэрэгжилт ямар нэг байдлаар туршигдаагүй байгаа тул нүүрсний салбарын хөрөнгө
оруулалтад үзүүлэх нөлөөллийн талаар санал хэлэхэд эрт байна. Сүүлийн үед гарч
байгаа албан ёсны мэдээлэл болон хэвлэл мэдээллээр гадны шууд хөрөнгө
оруулалтын хэмжээ харьцангуй буурч байгаа тухай мэдээлж байна.

Энэ бүхэн мэдээжийн
хэрэг олон шалтгаантай. Дан ганц гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн
нөлөөлөл гэж ойлгож болохгүй байх. Гэхдээ Монгол улсын Засгийн газраас уг
хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргасан нь хуулийн нөлөөлөлд тийм ч
сэтгэл хангалуун биш байгаагийн илрэл болов уу. Бидний зүгээс Монголын хөрөнгө
оруулалтын нөхцөлийг тодорхой болгосон шийдвэр гарна гэж найдаж байна.

Хэвлэл мэдээллээр
гарч байгаа мэдээллээс үзэхэд 100 тэрбум төгрөгийн босгыг байхгүй болгож,
зөвхөн аливаа компанийн 49-өөс дээш хувийг гадны төрийн өмчит компани худалдан
авах тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авахаар нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн байна.
Гэхдээ нэмэлт өөрчлөлтийн талаарх бүрэн мэдээллийг олон нийтэд зарлаагүй
байгаа. Иймд бидний зүгээс хангалттай мэдээлэл өгөх боломж хараахан байхгүй
байна. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан аливаа өөрчлөлтийг
бид талархан хүлээн авах болно. /2013.04.05/

Н.Ариунтуяа
Г.Идэрхангай

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж