Мал хорогдож буй шалтгааныг буруу дүгнэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Мал хорогдож буй шалтгааныг буруу дүгнэсэн гэв

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн олон мал үхсэн талаарх яриа оны өмнөөс яригдах болсон билээ. Энэ асуудлаар өнөөдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Мал олноор үхэх болсон шалтгааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллах үеэр нөхцөл байдалтай танилцаж, байгаль орчин, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин Д.Норсүрэнгийн үхэр, тугалнууд цацраг идэвхт бодисоос болж үхээгүй хэмээх дүгнэлт гарсан аж. Ийнхүү Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажилласан ч мал уранаас болж үхээгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Шинжээчийн баг малчин П.Норсүрэнгийн тугалнууд цацрагаас болж үхсэн эсэхийг тодруулахаар ажилласан нь учир дутагдалтай бөгөөд өөр бусад олон зөрчил энэ суманд байгаа, мөн уран олборлож буй компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдээлэв.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон малчдын үзэж буйгаар Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж буй “Арева Монгол-Кожеговь” компани ураны олборлолт хийдгээс болж үхэр мал халуурч, татаж, дотор эд эрхтэн нь цоохортож үхэж байгаа гэнэ. 

Монголын байгаль орчны иргэний зөвлөл 90 орчим сая төгрөгийг зарцуулж шинжилгээ хийсэн боловч үнэн байдлаас зөрсөн дүгнэлт гаргаж байгаад санал нийлэхгүй байгаагаа ийнхүү илэрхийллээ.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж