Даамчид Азийн аваргад амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Даамчид Азийн аваргад амжилттай оролцлоо

100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5-ны өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо боллоо.

Сүүлийн жилүүдэд даамын Aзийн аваргын тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн блиц, 100 буудалт даам зэрэг төрлүүдэд зэрэг явагддаг болоод байгаа. Тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Энэтхэг, Казакстан зэрэг 12 улсын шилдэг 245 орчим даамчид азийн аваргын төлөө өрсөлдлөө. Манай улсаас тус тэмцээнд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Ташкентыг зорьсон бөгөөд урьдын адил баг тамирчид медалийн ургац арвинтай ирлээ. Монголын баг тамирчид блиц болон 100 буудалт даамын 72 медалиас 46-г хүртэж багаараа тэргүүлсэн байна. Мөн тэмцээний гол төрөл болох 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн зургаа дахь, эмэгтэйчүүдийн гурав дахь түрүүг монголчууд авч, хоёр их мастертай боллоо.

Тэмцээний сүүлийн өдрүүдэд гол төрөл болох 100 буудалт даамын насанд хүрэгчдийн тэмцээн явагдаж эрэгтэй 28, эмэгтэй 16 даамчин Азийн аваргын төлөө өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн гурав дахь удаагийн тэмцээнд дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран тэргүүлж, их мастерийн болзлыг биелүүллээ. Э.Мандахнарангийн хувьд өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан. Энэ төрөлд Хятадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн зургаа дахь удаагийн тэмцээнд дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга түрүүлж, олон улсын их мастер цолыг хүртлээ. Харин тивийн дөрвөн удаагийн аварга, ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэг мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин хүрэл медалийг хүртжээ.


Эрэгтэйчүүдийн Азийн аваргын зургаан түрүүг дараалан хүртэж байгаагаараа монголчууд энэ төрөлдөө босоо байгаагаа харууллаа. Эхний дөрвөн тэмцээнд ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэг тэргүүлсэн бол өнгөрсөн жил их мастер Г.Ганжаргал, энэ жил их мастерийн болзол хангаад буй Д.Баттулга нар түрүүлээд байна.

Ингээд 100 буудалт даамын үндсэн болон блиц төрөлд медаль хүртсэн тамирчдаа танилцуулья.

ҮНДСЭН ТЭМЦЭЭНИЙ ХУВЬД:

АЛТАН МЕДАЛЬ:  С.Мөнх-Оргил (Өмнөговь), М.Шийравжамц (СБД), Ц.Сүхбат (СБД), А.Ичинхорлоо (Дорноговь),  А.Дашбаяр (СБД), Б.Баттулга, Э.Мандахнаран нар аварга цол хүртлээ.

МӨНГӨН МЕДАЛЬ:
Б.Сүхбат (Орхон), Г.Ууганжаргал (Завхан), Г.Дүүрэнбилэг (Хэнтий), Ц.Отгонбилэг (БГД), Э.Саранзаяа (Дорноговь), Ц.Энхцэцэг (БЗД), Д.Эрдэнэбилэг нар мөнгөн медаль хүртлээ.

ХҮРЭЛ МЕДАЛЬ:
Г.Пүрэвсүх (Баянхонгор), Э.Хүслэн (Дорноговь), Б.Бундхорол (Баянхонгор), Г.Хэрлэнмөрөн (БЗД), Д.Хосбаяр (Дорноговь), М.Одгэрэл (БЗД), Б.Намуун (БЗД) нар хүрэл медаль хүртлээ.


БЛИЦ ТЭМЦЭЭНИЙ ХУВЬД:

АЛТАН МЕДАЛЬ: Г.Пүрэвсүх (Баянхонгор), Э.Хүслэн (Дорноговь), С.Мөнх-Оргил (Өмнөговь), Б.Өнөржаргал (Завхан), М.Одгэрэл (БЗД),  Ц.Энхцэцэг (БЗД), Д.Эрдэнэбилэг нар алтан медаль

МӨНГӨН МЕДАЛЬ: Б.Баярманлай (Төв), Б.Тунгалагтамир (Увс), М.Шийравжамц (СБД), Б.Мөнхжин (СБД), Б.Сугаррагчаа (БЗД), Б.Намуун (БЗД), Э.Мандахнаран, Р,Манлай нар мөнгөн медаль

ХҮРЭЛ МЕДАЛЬ: Б.Сүхбат (Орхон), Ч.Марал-Эрдэнэ (Орхон), Г.Хэрлэнмөрөн (БЗД), Ц.Отгонбилэг (БГД), М.Бямбасүрэн (БЗД), Г.Бүрэнболд (Хэнтий) нар хүрэл медаль хүртлээ.

Манай улсаас тус тэмцээнд 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохдоо нийслэл болон 9 аймгийн шилдэг өсвөр, залуучуудын 42 тамирчин оролцсон байна. Дорноговь аймаг тав, Орхон аймаг дөрөв, Баянхонгор аймаг гурав, Төв, Өмнөговь, Завхан, Хэнтий аймгууд тус бүр хоёр медальтай бол нийслэийн БЗД 10, СБД зургаа, БГД гурван медаль азийн аваргаас хүртжээ.

Өмнөговь аймгийн тамирчин С.Мөнх-Оргил хоёр төрлийн тэмцээнд хоёуланд нь түрүүлж онцгой амжилт гаргасан байна.

Даамчид өнөөдөр эх орондоо ирнэ. Тэмцээний талаарх мэдээллийг Asian Draughts Championship 2013 сайтнаас хүлээн авна уу.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.ЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж