ХАА-н бирж 123,5 тэрбумын арилжаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

ХАА-н бирж 123,5 тэрбумын арилжаа хийжээ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг сарын хугацаанд нийт 18 удаагийн арилжаагаар 1920 тонн ноолуур худалдаалж, 123.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Цаашид тус биржийн үйл ажилллагааг дэмжих үүднээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нар хамтран ажиллах болсноо зарлаж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга О.Магнай “Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаа явуулснаар далд бизнесийг ил болгож байгаа юм. Бирж гэдэг нь бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнэд нийцүүлэхэд тун чухал үүрэгтэй стратегийн салбар. Өнөөдөр цагаан ноолуурын үнэ килограмм нь 68 мянган төгрөгийн ханштай байна. Цаашид ноолуурын үнэ нэмэгдэх нь тодорхой. Тиймээс иргэд мөнгөө банкинд хадгалах бус ашигтай, ирээдүйтэй бизнест хүч үзэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд ажлын байрнаасаа ноолуур худалдан авч, ашиг олж, дахин борлуулах боломжтой юм” гэлээ.

Хөдөө аж ахуйн бирж нь ирэх зургадугаар сараас эхлэн тэмээний ноос, сарлагийн хөөвөр, мөн намраас эхлэн малын мах, улаан буудай арилжаалж эхлэх юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж