Обама ба оройлох оролдлого

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Обама ба оройлох оролдлого

Ижил хүйстнүүдийн гэрлэлт, Афганиас цэргийн хүчээ гаргах, Гуантанамо дахь шоронг хаах, Галт зэвсгийн хэрэглээг хазаарлах оролдлого. Энэ бүгд Обамагийн нэр хүндийг өсгөж чадах уу, эсвэл түүхэнд үлдэх сайн ерөнхийлөгч нарын эгнээнд бичигдэх томоохон алхам уу? Аль нь байсан эхлээд олон нийтийн талархлыг хүлээх ёстой. Цаашлаад амьдрал дээр хэрэгжихээс хамаараад түүний нэр хүнд сайнаар, эсвэл хараар бичигдэх эсэх нь шалтгаалах билээ. Ямар ч байсан тэр АНУ-ын түүхэнд үлдсэн. Хоёр жил сонгогдсон анхны хар арьст ерөнхийлөгч гэж.

ГУАНТАНАМО ХААГДАНА

Кубын зүүн өмнөд орших Гуантанамогийн өргөцгийг Сэм авгын эх орон 1898 оноос хойш тэнгисийн цэргийн бааз болгон ашиглаж эхэлсэн түүхтэй. 1970 оноос хойш цэргийн томоохон байрлал болгон ашиглаж ирсэн ч 2002 оноос эхлэн шорон болж хувирчээ. Бага Бушийн засаглалын үед байгуулагдсан цэргийн шорон тухайн үед ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан гэдэг.  Гэхдээ Буш үүнийг үл тоон терроризмтай тэмцэх, гэмтнийг гэсгээх цорын ганц газар нь энэ байх болно хэмээн мэтгэж байлаа. Байгуулагдахдаа маш олон дуулиан, шуугиан дагуулж байсан ч АНУ-ын “том”-чууд энэ тухай мэдээллийг хав дардаг байсан юм.

Дараагийн ерөнхийлөгч Обамагийн сонгуулийн гол үг, үзэл бодол нь Гуантанамо болоод Ойрхи Дорнодын асуудал байсан юм. Яг одоо бол АНУ-ын олон нийтийн дэмжлэгийг төдийлөн авахаа больсон зүйл нь Гуантанамогийн цэргийн бааз. 2011 он дөрөвдүгээр сард Викиликсийн дэлгэн тавьсан 800 гаруй баримт, сэлт олон нийтэд ийнхүү хүрсэн нь энэ. Обамагийн эхний дөрвөн жилийн засаглалыг ганхуулах хэмжээн хүрч байсан энэхүү асуудлыг тэрээр өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролдож байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том мессеж нь ч энэ байлаа. Сонгуулийн өмнө унаад байсан нэр хүндээ сэргээхийн тулд олон нийтэд хамгийн их хүрсэн сэдэв дээр дөрөөлөх нь түүнд ашигтай байсан. Гэхдээ нэгэн асуудал бий. Уг үндсээр нь аваад үзвэл ойрын таван жилдээ хаах ямар нэгэн үндэс байхгүй. Учир нь сенатын танхимд олон суудалтай бүгд найрамдахчууд үүнийг хүлээж авах эсэх нь тийм ч тодорхойгүй. Обамагийн засаглалын нэр хүнд талаасаа бодсон ч бүгд найрамдахчууд түүний засаг барих жилд л лав Гуантанамог чөлөөлөхгүй. Учир нь тэд л “мундагдаж” байж цэргийн баазыг цэргийн шорон болгон хувиргасан билээ.
 
2009 онд ерөнхийлөгч Обама нэгэн шийдвэр гаргасан нь жилд хоригдох хоригдлын тоог цөөлсөн явдал. Гэсэн ч олон улсын хүний эрхийн байгууллагууд хоригдогчийн эрхийг зөрчсөн хэрцгий үйлдэл удаа дараа гарч байгаа гэж үзэн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байсан нь саяхан мэт. Дэлхийн хүний эрхийн төлөөх байгууллагууд одоо ч үүнийг нааштайгаар хүлээж авах нь ховор. Гэхдээ шоронд хоригдогчдын дийлэнхийг мусульманчууд эзэлдэг гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс хараад үзвэл терроризмын гол дайсан нь дан ганц Ойрхи Дорнодчууд юм уу гэсэн асуудал үүснэ. Яваандаа томоохон мөргөлдөөнд ч хүргэж болзошгүй энэ асуудлыг бага дээр нь дарах ганц арга нь хаах. Бүтдэг бол сайхан санаа.

Эдийн засаг талаасаа хараад үзвэл тэртээ тэргүй асуудалтай байгаа АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөх үндэстэй. Дэлхийн хамгийн үнэтэй шорон гэж ч нэрлэж болох талтай. Гуантанамогийн нэг хоригдолд жилд 800 мянган ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий. “Форбес” сэтгүүлд бичсэнээс харвал жилд энэ шорон 800 сая ам.долларыг улсын төсвөөс авдаг ажээ. АНУ-ын татвар төлөгчид үүнийг ихээр шүүмжилдэг. Гэсэн хэдий ч Пентагоноос ийм их хэмжээний төсөв зарцуулдаггүй гэж мэтгэдэг.

ХИМИЙН ДАЙНЫГ ЗОГСОО!

Сирийн иргэний дайнд химийн зэвсэг ашиглаж байгаа. Энэ мэдээлэл сүүлийн нэг сарын турш дэлхийн хэвлэл мэдээллийн хуудсан дахь халуухан сэдвийн нэг. Гэхдээ яг таг тодорхой болоогүй гэдгийг санах хэрэгтэй. Сирийн эрх баригчид үүнийг ор үндэсгүй мэдээлэл гэж үзэж байгаа ч олон нийтийн сүлжээ сайтуудаар тархсан бичлэг эргэлзээ төрүүлэхэд хүргээд байгаа. Мэдээлэл гарснаас хойш НҮБ, Европиын холбоо, АНУ, Их Британи зэрэг улсууд химийн зэвсэг хийж байгааг эсэргүүцэж, хориг тавих хүртэл арга хэмжээ авна гэх.
 
АНУ-д шүүмжлэлтэй ханддаг ажиглагчдын дийлэнх нь Башар аль Ассад бол Ливийн дарангуйлагч асан Муаммар Каддафигийн түүхийг давтах нэгэн гэж үздэг. Учир нь АНУ Сирид дайн өдөөсөн гол хүчин зүйл гэж харж байгаа. Үүнийг АНУ дотооддоо ч байж болзошгүй гэж харах нь бий. Дээрээс нь АНУ-ын гол шүдний өвчин болоод байгаачлан Жулиан Ассанж үүнийг баталж, энэ оны дундуур бүх мэдээллийг олон нийтэд ил болгоно хэмээн мэдэгдээд буй. Баттай бус баримтаас харвал иргэний дайн эхэлснээс хойш АНУ 10-20 удаа нисгэгчгүй онгоц илгээсэн аж. Ассад ч үүнийг баталж байгаа ч аль хэдийнэ ардын дайсан болсон түүний үгийг тоох дэлхийн томчууд цөөхөн.

Он гарснаас хойш Обамагийн ярих болсон зүйл гэвэл Сирийн ард иргэдийг энхтайван байдалд шилжүүлэх. Орчин үеийн хүмүүнлэг, ардчилсан нийгэмд Сирийн иргэний дайн байж болохгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж буй. Хэрвээ химийн зэвсэг хэрэглэсэн нь албан ёсоор тогтоогдвол байдлыг ямар ч аргаар хамаагүй хяналтдаа авна гэдгээ Обама мэдэгдээд байгаа билээ. Гэхдээ хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэсэн айхтар үг бий. Яг одоо Сири ийм байгаа.

ИЖИЛ ХҮЙСТНҮҮД ГЭРЛЭЖ БОЛНО

АНУ-ын бэлгийн цөөнхүүдийн хувьд энэ бол таатай мэдээлэл. АНУ-ын сонгуулийн насны иргэдийн эзлэх хувьд бэлгийн цөөнхүүд нэг их жин дарахгүй. Тэгээд ч АНУ-ын дөнгөж есөн муж л ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Бусад нь зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй, хуулиа хүлээн буй мужууд бий. Түүнийг энэ саналыг гаргахад Линкольн шиг үйлдэл хийлээ гэж геополитикчид үзэж байсан ч амжилтыг эс олов. Учир нь олон нийт үүнийг нэг их таатай хүлээж аваагүй. Ялангуяа өрсөлдөгч бүгд найрамдахчууд дуртай байгаагүй юм. Эхний дөрвөн жилийн засаглалд ч энэ талаар ярьдаг байсан ч олон нийт үүнээс илүү шийдлээ хүлээж байгаа олон асуудал бий гэж үзэж байлаа. Хэрвээ энэ хугацаанд батлагдвал түүний нэр хүнд нэг бол дээшилнэ, нэг бол унана.
 
Одоогийн байдлаар дэлхийн 14 улс ижил хүйстний гэрлэлтийг бүрэн хүлээн зөвшөөрөөд байна. Тэр болгонд эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Хэрвээ АНУ-ын бүх муж үүнийг хүлээн зөвшөөрвөл Хойд Америк тивийн ганц төлөөлөл нь тэд болно. Сүүлийн хоёр сарын хугацаанд ижил хүйстний гэрлэлтийг үндэстэн даяар зөвшөөрөх тухай Обама ярьж байгаа. Зарим нэг мэдээллээс харвал мужийн амбан захирагч нарт “лобби”-дож байгаа тухай мэдээлэл бий.

Үүнээс өөр олон асуудал бий. Афганиас цэргээ гаргана. Гэхдээ ойрын хоёр жилдээ гаргахгүй гэдэг нь тодорхой. Пентагонд аль хэдийнэ ирэх хоёр жилийн төлөвлөгөө бий. Мөн Хятад улстай худалдааны гэрээ байгуулах. Сүүлийн хэдэн жилд өөрсдөөс нь давж гарах гэж байгаа Хятадтай худалдааны гэрээ байгуулбал АНУ тахимаа өгч байгаа хэрэг болно гэж үзэх хүмүүс бий. Гэхдээ ардчилагчид үүнийг харин ч хүчээ барьж байгаа үйлдэл хэмээн зөвтгөж буй. Ямартай ч оройлох оролдлогыг Обамагийн багийнхан хийж эхэлсэн. Харин түүний нэр хүнд дээшлэх, засаглалд нөлөөлөх хэмжээнд хүрэх эсэхийг харах л үлдлээ.

С.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж