Эмэгтэйчүүд уйланхай. Гэтэл харчууд үгүй. Хар багаас нь уйлж болохгүй гээд сургачихдаг. Өвдгөө шалбалаад ойчсон охиныг өрөвдөж аргадаад сүйд болдог хэрнээ хөвгүүдийг “Эр хүн чинь хэзээ уйлж байлаа” гэж зоригжуулдаг. Ингэхэд яагаад эр хүн уйлж болдоггүй юм бэ? Орчин үед эрчүүдийг аль болох уйлж байхыг сэтгэл судлаачид, эмч нар зөвлөх болсон. Дотоод сэтгэлээ уудалж нээхгүй, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байгаа учраас өнөө цагийн эрчүүд хөндий, хүйтэн, чулуу шиг болоод байна гэдэг дүгнэлтийг мэргэжилтнүүд хийж байгаа.
Эрчүүд гэхдээ уйлдаг. Ямар нэг зүйл тохиолдоход сэтгэл хөдлөлийн дохио тархинд хүчтэй өгөгдсөн үед. Мэдээж олон нийтийн газарт биш. Хүний нүдэн дээр усан нүдлээд байдаг эрээс харин болгоомжлох хэрэгтэй шүү. Эмэгтэйчүүд доромжлогдсон үедээ илүү их уйлдаг. Гэтэл энэ мэдрэмж эрчүүдийн хувьд цочроо багатай. Тэд хамгийн хайртай зүйлээ алдсан үедээ илүү их уйлдаг.