БНСУ дахь иргэдийн нийгмийн асуудлыг төр хамгаална

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

БНСУ дахь иргэдийн нийгмийн асуудлыг төр хамгаална

Аж амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 27 мянга орчимд хүрчээ. Гэр бүл, эх орноосоо хол байгаа тэдний өмнө тулгамддаг олон асуудлыг зөвхөн хувь хүн хэмээн орхигдуулдаг. Харин БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсанаар Монгол иргэнийхээ нийгмийн асуудлыг Төр хамгаалах орчин нөхцөл бүрдэж буй юм байна. Тус төвийг нээх ажиллагаа өнөөдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болж, Хүн амын, хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан БНСУ дахь Монгол Улсын Элчин сайд Б.Ганболд нарын албаны хүмүүс оролцлоо. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Сөүл хотын Жүнгү дүүрэгт байрлаж, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх аж. Тодруулбал, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийг Монгол Улсын Тэтгэврийн даатгалд хамруулах, БНСУ-ын үндэсний тэтгэврийн даатгалд давхардуулан төлүүлэхгүй байх талаар лавлагаа мэдээллээр хангах юм байна. Түүнчлэн БНСУ-д амьдарч байгаа монгол иргэдийг сайн дурын тэтгэврийн даатгалд хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн БНСУ-ын үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлж байсан иргэдийн шимтгэлийг буцаан олгох, шимтгэл төлж байсан хугацааг нь Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацаагаар тооцож шилжүүлэн даатгах, заавар зөвлөгөө өгдөг байна.  

Мөн тус төвийн Нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын алба нь Монгол Улсын нийгмийн халамжийн чиглэлийн хууль тогтоомж болон БНСУ-ын хүн ам, гэр бүл, нийгмийн хамгаалал, оршин суухтай холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн орчны шинэчлэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр иргэдийг хангадаг аж.

БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудынхаа нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах энэхүү төвтэй 0222788030, мөн 0222788034 дугаарын утсаар холбоо барьж, үйлчилгээ авах боломжтой юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж