
Алдарт “Aerosmith” хамтлаг тоглолтын үеэрх аюулгүй байдлын шалтгааны улмаас энэ долоо хоногт Индонезийн нийслэл Жакартад хийхээр төлөвлөсөн тоглолтоо цуцалжээ. Дээрх мэдэгдлийн дараа хамтлагийнхан шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүсч буйгаа тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байсан “Ismaya Live”-ийн албан ёсны цахим хуудсанд мэдэгдсэн байна. Түүнчлэн тоглолттой холбоотой мэдээлэл хийсэн хэвлэлийн төлөөлөгч Сара Дешита “Aerosmith”-ийг тоглолтоо цуцлах болсонд тодорхой тайлбар хийгээгүй ч “тэдний хувьд дахин Жакартагийн фэнүүдтэйгээ уулзах болно гэдгээ амлаж байгаа. Бас бидэнд маш их харамсалтай байна. Тоглолтын зохион байгуулалтын хувьд аюулгүй байдлыг маш сайн хангасан байх ёстой ч энэ удаа хангалтгүй байсан” хэмээн мэдэгджээ.
Тоглолтыг зохион байгуулагчдын мэдээлснээр тоглолтын тасалбарын 85 хувь нь хэдийнэ борлогдсон байсан гэнэ. Дэлхийн хөгжмийн ертөнцийн томоохон хамтлагийг ийнхүү тоглолтоо цуцлах болсонд Жакартад өнгөрөгч баасан гаригт халдлага үйлдэхээр төлөвлөсөн хоёр сэжигтнийг цагдаа нар баривчилсантай холбоотой хэмээн албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн жил мөн Жакартад шашны бүлгүүдийн хоорондын зөрчилдөөнөөс болж дуучин Лэди Гага тус хотод хийх тоглолтоо цуцалж байсан удаатай гэнэ.
Э.АНХТУЯА