Дэлгүүр гэдэг хүүхнүүдийн хувьд диваажин, харин харчуудын хувьд там. Яг юу авахаа мэдэхгүй эхнэр нь энийг ч нэг үзээд, тэрийг ч нэг сонирхоод явахаар эрчүүд галзуурахаа дөхдөг. Ямар ч эрэгтэй хүний тархи дэлгүүрт ороод 20 минутын дараа манарч эхэлдэг байна. Бушуухан явахын түүс болно. Аргагүй шүү дээ. Тэр чинь язгуур гарлаараа анчин хүн. Бушуухан шиг ангаа агначихаад гэртээ харихыг бодно. Тиймээс харчуудыг дэлгүүр рүү дагуулан явж зовоох хэрэггүй. Өөрсдөд нь хувцас авах байсан ч гэсэн. Дажгүй хувцасладаг эрчүүдийн хувцсыг ихэвчлэн эхнэр, найз бүсгүй нь сонгосон байдаг. Найман эр тутмын нэг нь өнгөний зохицол мэдрэхдээ туйлаас муу. Тийм болохоор ганц бие эрчүүдийг хувцсаар нь мэдэж болно.
Ер нь та гарцаагүй шаардлагаар эрэгтэй хүнийг дэлгүүрт дагуулж явах гэж байгаа бол яг ямар дэлгүүрт, хэр удаан хугацаагаар явахаа эхлээд тодорхой хэлсэн дээр. Тэгсэн үед эрчүүд хамаагүй сэргэлэн байдлаар таныг дагаж явах болно.