
Сонгодог урлагийн салбарт хийл хөгжмөөрөө олны танил болсон О.Байгаль жил бүр бие даасан сонгодог үдшийг үнэнч үзэгчиддээ толилуулдаг. Хар багаасаа 18 жил хийл хөгжимтэй нөхөрлөсөн О.Байгалийн хамгийн сайн найз нь хийл хөгжим гэнэ лээ. Арга ч үгүй биз. Насаараа шахуу энэ хөгжмөөр амьсгалсан юм чинь. Хийлч О.Байгаль гэхээр одоогоос хэдэн жилийн өмнө хэн ч таньдаггүй байсан бол өдгөө тэрбээр өөрийн гэсэн үзэгч фэнүүдтэй болж амжсан. Хийл хөгжим түүнийг бүрэн эзэмдэж, дурлуулж чадсан гэдэг. Бие даасан тоглолтоо хийх болохоор О.Байгаль хийл хөгжмөө тэврээд унтах нь халаг болдог гэнэ лээ. Хөгжмөө сайн мэдэрч зүрх сэтгэлээ чагнаж байж хамгийн сайхан сонгодог ая эгшгийг, үзэгчид юу хүсэж мөрөөдөж байгааг хүргэж чадна гэдгийг бүрэн дүүрэн ойлгож учраас. Гоо үзэсгэлэнтэй чиг авьяаслаг энэ бүсгүй саяхан “Best of Classics” тоглолтоо үзэгчиддээ хүргэх гэж байгаа тэрхэн агшиндаа манай дуранд өртсөн энэ. Яг л анх удаа тайзнаа гарах гэж байгаа аятай сэтгэл нь ихэд догдолсон басхүү сандарсан харагдсан. Дэлхийн сонгодог хөгжмийг тэр бүр хүн ганцаарчилж тоглоод байдаггүй болохоор сандралгүй яахав. Түүнээс гадна үнэнч үзэгч фэнүүдийнхээ өмнө том хариуцлага хүлээсэн болохоор тэр биз ээ.