Хуучирсан мэдээ: 2013.05.05-нд нийтлэгдсэн

МАН мэдээлэл хийнэ

МАН-ын Бага хурал өчигдөр өндөрлөж, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонголоо. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ МАН-аас 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зарлах юм байна.

Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын дөрвөн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дотроо сойсон юм. Ингээд удтал сунжирсан хурлаас ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг өрсөлдүүлэхээр Бага хурлын гишүүд олонхийн саналаараа шийдсэн байна.

Дээрх дөрвөн нэр дэвшигчээс эхний санал хуралтаар Д.Лүндээжанцан 7%, Д.Оюунхорол 12.5%-ийн санал авч, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус бүр 41 хувийн саналаар тэнцэж, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нарын хооронд дахин санал хураалт явуулсан байгаа. Гэтэл хоёр гишүүн хоёр дахь санал асуулгад тус бүр 113 хүний саналаар дахин тэнцсэн тул /227 төлөөлөгч санал өгснөөс нэг саналыг хүчингүйд тооцсон/ Бага хурлын гишүүдийн дунд гурав дахиа санал хураасан юм. Гурав дахь санал хураалт дуусахад, 226 төлөөлөгчийн 117 нь Б.Бат-Эрдэнийг дэмжсэнээр тэрбээр МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс есөн саналын илүүгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж