Путин чөлөөт хэвлэлийн дайсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

Путин чөлөөт хэвлэлийн дайсан уу?

“Чөлөөт хэвлэлийн дайснууд”-ыг нэрлэсэн жагсаалтад дахиад л оросууд бичигджээ. “Хил хязгааргүй сэтгүүлчид”  байгууллага өөрийн шинэ жагсаалтдаа Азербайжан, Белорусь, Мексикийн хар тамхины картелиуд, Италийн мафи, “Талибан” хөдөлгөөнийг  оруулжээ.

Тавдугаар сарын 3-нд тэмдэглэгдсэн Дэлхийн чөлөөт хэвлэлийн өдрөөр “Хил хязгааргүй сэтгүүлчид” нэртэй олон улсын байгууллагаас “Чөлөөт хэвлэлийн дайснууд”-ын жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. Уг жагсаалтад чөлөөт хэвлэл, бие даасан сэтгүүлчдийг мөрдөн мөшгөдөг дөчөөд орны тэргүүн нар болоод цэрэгжсэн байгууллагууд, мафи, зарим хувь хүмүүс бичигдсэн байна.

Жагсаалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, мөн Азербайжан,  Беларусийн тэргүүн нар, Мексикийн хар тамхины наймааны картелиуд, Италийн мафи, исламын хэт даврагч “Талибан” хөдөлгөөний лидер Мулла Омар зэрэг цуутнууд чөлөөт хэвлэлийн дайснаар нэрлэгдсэн болсон бол жагсаалтаас салан тусгаарлагчдын ЭТА бүлэг, Мьянмагийн ерөнхийлөгч Тейн Сейн нар хасагджээ. 

Египет, Сири түгшүүр төрүүлж байна

Египетийн байдал ноцтой байгаа. Тэнд “Мусальман ахан дүүс” хөдөлгөөнийхөн  улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ерөнхий редакторуудыг зайлуулан, тэдний оронд өөрсдийн хүмүүсийг тавьсан байна. Шүүмжлэлтэйгээр асуудалд ханддаг сэтгүүлчдийн эсрэг тус орны Прокурорын газраас ерөнхийлөгч болон исламын шашныг доромжилсон хэмээн ял тулгах болжээ. Сирийн иргэний дайны явцад наад зах нь 23 сэтгүүлч хэвлэл, мэдээллийн 59 чөлөөт идэвхтнүүд амиа алдсан байна. Тийм ч учраас Сирийн ерөнхийлөгч Башар Ассад чөлөөт хэвлэлийн дайсны нэг болжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг уриалав

Дэлхийн чөлөөт хэвлэлийн өдрийг тохиолдуулан Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун үг хэлжээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Хүний эрхийн бүх нийтийн тунхаглалын салшгүй  хэсэг мөн хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэгдэв. Гэсэн ч сэтгүүлчид, телевизийн хөтлөгчид, блогчид байнга довтолгоонд өртөж буйг тэр сануулжээ. Хэвлэл  мэдээллийн бүхий л салбарт өөрсдийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулж чадах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэйг Пан Ги Мун онцолсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж