"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганд эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн бүх үе шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бодитойгоор оршиж, тухайн амьдарч буй нийгэмдээ ямагт дутуу үнэлүүлсээр ирсэн байдаг. Харин энэ цаг үед нийгмийн сайн сайхан байдлыг хангахын тулд хөгжлийн төвд хүнээ тавьж, тэдний амьдралын чанар, эрх тэгш байдал, тогтвортой хөгжилд онцгойлон анхаарах боллоо.
Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоход байнга анхаарч ирсэн. Тухайлбал 1995 онд “Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай”, 2005 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай” хуулийг баталж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ, тэдэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 2008 оны 12 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг Улсын Их Хуралд оруулж соёрхон батлуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адил эдэлж, нийгмийн харилцаанд орох боломж баталгаажсан юм.
Энэ удаагийн Улсын Их Хурал 2013 оны 2 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталсан нь Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталснаас хойш хийгдсэн томоохон арга хэмжээ болж байна.
Энэ өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах, хүүхдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгохоор болсон.
Түүнчлэн дотоодын рашаан сувилалд асруулах, сувилуулах шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнийг асрамжилж яваа нэг иргэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох нөхөн олговрын хэмжээг шинэчлэн баталлаа.
Энэ өөрчлөлттэй холбогдуулан Эрүүл мэндийн тухай, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхийг бүрэн хангах зохицуулалтыг хийсэн болно.
УИХ-ын даргын хувьд Төрийн ордны хойд талын гол хаалганы гадна, дотно шатанд налуу зам барьж, ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд зориулан тохижуулах, тэргэнцэртэй иргэн зорчих зориулалтын цахилгаан шат суурилуулах даалгаврыг холбогдох хүмүүст өгсөн юм. Үүний дагуу тодорхой ажлуудыг хийж байна. Ингэснээр Төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй орчин бүрдэж байна гэдгийг Та бүхэндээ дуулгахад таатай байна.
Энэ санаачлагыг дэмжиж төв, орон нутгийн бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд өөрсдийн байрандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлэх талаар нэг сарын аян зохион байгуулж ажиллахыг уриалж байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийгмийн бүлгүүдийг хамарсан чуулганыг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний хэмжээний чуулганыг тусгайлан зохион байгуулж байна. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал төр, засгийн анхаарлын төвд байгааг илтгэн харуулж байна.
Та бүхэн энэхүү чуулганы үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өөрсдийн ажил, амьдралын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг оновчтой тавьж хэлэлцүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бодлого, шинэчлэлийн зорилтыг бодитой тодорхойлж, амжилттай хэрэгжүүлэх үндэс тавигдана гэж үзэж байна.
Үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, Монголын хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэддээ эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа.