&#34Ган үзэг&#34 хаана байна

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

&#34Ган үзэг&#34 хаана байна

Надад үзэг өгөөч. Үзэл бодлоо хэнээс ч айхгүй бичихийг хүсч байна. Эрх мэдэлтэн, албан тушаалтан, түрийвч зузаантай нэгэн, компанийн эзэд гээд ерөөс хэн нэгний шахалт, хавчилтгүйгээр хэлэх, бичих эрхээ эдэлмээр байна.

Ган үзэг. Сэтгүүлчдийн гол эмблем нь энэ. /Яг ийм нэртэй шагнал Сэтгүүлчдийн эвлэлд бий/.  Одоогоос 20-иод жилийн тэртээ томоос том, тод улаан өнгийг халж, ямар ч өнгөөр илэрхийлэгдэмгүй хүссэнээ бичиж болох тийм үзгийн төлөө хүйтэнд жагсч, өлсөн байж олж авсан. Олоод авчихсан гэж ойлгож байлаа. Гэтэл үгүй байж. Ган үзгийн өнгө нь тас хар төмөр болон хувирч залуу сэтгүүлчид энэ үзгийг хөдөлгөж хүчрэхгүйд хүрэв. Угтаа эрх мэдлийн төлөө шунах хэзээ ч дуусамгүй шунал ган үзгийн үзэгдэх төрхийг өөрчилж, хөдөлгөөнийг тушаад байгаа хэрэг.

Үзэгдэх өнгө нь хэдийнээ өөрчлөгдсөн энэ үзгийг жинхэнэ үзэг хэмээн санаж залуу сэтгүүлчид хөдөлмөрлөж байгаа. Харамсалтай нь үзэг тэдний гараар биш хэн нэгний гараар хөдөлдөг аж. Магадгүй тэр үзгээр бичих тэс өөр ур дүй ч шинээр үүсээд амжиж. Нэгэнт ган үзгийн анхны зорилго алдагдсан учраас ямар мэдээлэл гарахыг таахад тун амархан. Жинхэнэ мэдээлэл хөшигний цаана үлдэж, хэн нэгний мэдээлэл тайзан дээр од болно. Үнэний шалгуураас хазайсан энэ үзгийн буруугаас болж сэтгүүл зүйн чанар, шаардлага тэс хөндлөн зүг рүү тэмүүлэх болов.
 
Үзгийг сүлдэндээ залсан Сэтгүүлчдийн эвлэл ч тэр “хүнд төмрөн” үзгийг яах учраа олохгүй байгаа. Өөр олон байгууллагууд жинхэнэ үзгийн төлөө тэмцдэг ч тэдний хүсэл ямар нэгэн хана очоод мөргөдөг нь нотлох албагүй үнэн. Яагаад гэвэл өөрөө хөдөлж байдаг тэр үзэг чухам хэнээр бичүүлэхээ сайтар мэддэг хэрэг. Үзэг нь ч мэдэж, сэтгүүлчид нь ч гадарлаж байгаа болохоор “хүнд”, “хэцүү” сэдвүүд гарахгүй. Үзгийн өнгийг өөрчилж, хоёр хуваасан хүмүүс тээр дээр байгаа болохоор сэтгүүл зүйн үнэлэмж ямар байх нь тодорхой. Сэтгүүлчийн бичсэн ямар ч мэдээлэл үнэний шалгуураас хазайж, худлын хайрцаг руу түлхэгдэнэ. Баримттай, баримтгүй, үзэл бодолд автаагүйгээс үл хамаараад тэр шүү дээ.

Үзэг тань хурц байг. Энэ бол ерөөлийн үг. Ерөөлөөр болдог бол их сайхан үг. Магадгүй нөгөө талаар аймшигтай ч байж болно. Өнгө нь хоёр хуваагдаж, үндсэн зорилго нь алдагдсан энэ үзэг хурц болоод эхэлбэл жинхэнэ аймшиг тэр болж хувирна. Сэтгүүл зүйн үүрэг, сэтгүүлчийн ёс зүйг тасар татах тийм хурц үзэг хэрэггүй. Хэрвээ жинхэнэ үзэг байсансан бол хурц үзэгний үзүүр шал өөр зүг рүү чиглэх ёстой. Нийгмийн болж бүтэхгүй байгаа тэр зүг рүү. Хууль хэмээх том бамбайгаар таглагдсан тэр зүг рүү.
 
Ардчилалтай хамт хөтлөлцөн ирчихээд буцаад яваад өгсөн жинхэнэ үзэгний сураг чухам хаана байгаа вэ? Одоогоор мэдэх хүн алга. Хэдийгээр гадны олон байгууллагатай хамтарч жинхэнэ үзэг гэж үүнийг хэлнэ хэмээн сурталдаж байгаа ч тодорхой үр дүн гарсангүй. 70 жил том улаан үзгээр, 20-иод жил том алаг үзгээр бичсэн “сэтгүүл зүй” хэмээх тогоонд жинхэнэ үзгээр бичих ур дүйтэй гар алга.

Нэг иймэрхүү үзгээр зэвсгээ хийн ажил, үүргээ гүйцэтгэж явна. Уг нь бидэнд Сэтгүүл зүйг хэн ахалж, байгууллага нь чухам хэн байх нь хамаагүй. Сонгуульд улаан нь байна уу, ногоон нь байна уу ялах нь хамаагүй. Зүгээр л бидэнд чанарын шаардлага хангасан үзэг хэрэгтэй. Өөр юу ч биш.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж