Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Хятад “зулбаа”

“Хэрэв жирэмслээд сар хүрээгүй байгаа бол зулбахгүй. Харин сараас дээш хоногтой бол найдвартай зулбуулдаг”

Үр хүүхэд гэдэг хүссэн бү­хэнд нь олддог “эрдэнэ” биш. Тиймээс ч хүн болж төрсний ут­га учир үр удмаа үлдээхэд орш­дог биз. Хүүхэдгүй гэр бүлийн хувьд амьдрал “давс­гүй хоол шиг байдаг” гэж хүмүүс ярьдаг. Мэдээж хүн болж төрчихөөд үр хүү­хэд­гүй насыг элээх нь ма­гад­гүй энэ хорвоогийн хам­гийн том зовлон биз. Ха­рам­салтай нь сүүлийн жи­­лүүдэд үр хүүхдийг хэв­лийд нь устгах шиг амар хял­бар зүйл байхгүй болжээ. Нэг удаагийн хоолны мөн­гөөр устгагчид олширч. Ту­хайл­бал, өнгөрсөн долоо хо­ногт Сүхбаатар дүүргийн 17 ду­гаар хорооны иргэн 23 настай эмэгтэй Э нь “На­ран­туул” ОУХТ-өөс үр зул­буул­даг эм авч уугаад, бие нь мууд­жээ. Улмаар  I амар­жих га­­зарт хүргэгдэн эмчлүүл­сэн байна.

Сүүлийн үед энэ мэт эмэгтэйчүүд үр зулбуулах чанаргүй, баталгаагүй эм хэрэглэж, амь насаараа хохирсон тохиолдол гарах  болжээ. Тиймээс манай сурвалжлах хэсэг олны нэрлэж заншсанаар  “зулбуулдаг шар” гэх  эмийг гар дээрээс худалдаалдаг хүмүүсийн талаар сурвалжлахаар “Нарантуул” захыг зорилоо. “Нарантуул”  захын түрээслэгчдийн эм зардаг хэсэг бүлэг наймаачдыг сайн гэгч нь заагаад өгөх юм билээ. Биднийг бөс барааны лангууны наймаачдаас үр зулбуулдаг эмийг хаана зардаг тухай лавлахад тэд нэгэн настай эмэгтэйг заав. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Үр зулбуулдаг эм зардаг “алуурчин” нь настай эмээ байх юм. Зааж өгсөн хүн нь 60  гаруй насны  болов уу гэмээр эмээ байсан учир ингэж гайхсан хэрэг. Эмээгийн дэргэд дөхөж очвол намайг харангуутаа нүд нь сэргэж “Энэ эм найдвартай шүү.

Миний охин хэдэн сартай юм. Хамгийн гол нь хэдэн сартай нь чухал байдаг. Хэрэв жирэмслээд сар хүрээгүй байгаа бол зулбахгүй. Харин сараас дээш хоногтой бол найдвартай зулбуулдаг эм гэж байна. 20 мянган төгрөгийн үнэтэй. Эмээ нь хүний эм зарж байгаа учир хямдруулж чадахгүй” гэв.  Миний эмээ шиг настай буурай өөрийн үр хүүхэд шиг охидод үр зулбуулдаг “аймшигт хорыг” зараад сууж байгаадаа даанч нэг санаа зовж байгаа шинжгүй суух юм билээ. Ёстой л нүд улаан, мөнгө цагаан болсон энэ цаг үед бид өөрсдийнхөө эрүүл мэндийг бодохгүй л бол анхаарал тавих хүн тийм ч их байхгүй бололтой. “Нарантуул” захын бүх түрээслэгчид үр зулбуулдаг эм зардаг “алуурчин” эмээ нарыг мэддэг болсныг бодоход тус дүүргийн Мэргэжлийн хяналтын газар ч мөн энэ талаар мэддэг байх нь тодорхой юм.

Хяналт шалгалт хийх гэж “оролдсон” гэнэ

Тиймээс тус захын даварсан эмээ нарт хариуцлага тооцож ажиллах ёстой МХЕГ-ыг бид зорьсон юм. “Нарантуул” зах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг учир тус дүүргийн мэргэжлийн хяналтын газартай зулбуулдаг эмийг гар дээрээс худалдаалж байгаа хүмүүст хэрхэн хяналт тавьж байгаа талаар тодруулахаар холбогдох албаны хүнтэй уулзсан юм. Гэтэл Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газар одоогоос гурван жилийн өмнө буюу 2010 онд цагдаагийн байгууллагатай хамтран “Нарантуул” зах дээр үр зулбуулдаг эм зардаг эмээ нарыг шалгаж байсан аж. Гэтэл хууль бусаар эм зарж, борлуулдаг тухайн хүмүүсийг барьж аваад, гэрт нь нэгжлэг хийх гэсэн боловч прокурорын зөвшөөрөл байхгүй учир болдоггүй хэмээгээд тус шалгалт нь ямар ч үр дүнгүй өнгөрсөн байх юм. Түүнээс хойш дорвитой хяналт шалгалт хийгдээгүйгээр зогсохгүй  тухайн дүүрэг нь одоогоор эмийн байцаагч ч байхгүй байгаа аж. Ёстой л унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр бүхэл бүтэн гурван жил олигтойхон хяналт шалгалт хийгээгүйгээ цагаатгахын тулд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Манайх цөөхөн хэдхэн байцаагчтай.

Тиймээс эм зарж борлуулдаг наймаачид байцаагч нарын царайг тогтоочихсон учир шалгалт хийх гээд очихоор зугтаад алга болчихдог. Хэрэв цагдаагийн бай­гуул­лагаас хамтарсан хяналт шалгалт хийхийг хүсвэл бид хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм. Үүнээс үзэхэд цагдаагийн байгууллагаас хүсэлт тавьж байж МХ-ын байцаагч нар ажлаа хийх бололтой юм. Гэтэл урд хөршид үйлдвэрлэсэн, үнийн хувьд хямд эдгээр эмүүдийг ихэвчлэн амьдралын боломж тааруу охид, бүсгүйчүүд худалдан авч ууснаас үүдэн хордох, амь насаа алдах тохиолдол бараг өдөр бүр гарсаар байгаа. Тухайлбал, жилд л 10 гаруй хүн үр зулбуулдаг эмийн уршигаар ямар нэгэн байдлаар хохирсоор байгааг холбогдох мэргэжилтнүүд  хэлж байна. Түүнээс гадна зөвхөн захын эмээ нар эм зардаг гэвэл ташаа ойлголт болно. Хувийн эмнэлгүүдэд ороод “хятад зулбаа байна уу” гэхээр тэр дор нь гаргаад өгдөг аж. Хамгийн аймшигтай нь бидний амь насны төлөө хариуцлага хүлээж, тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнууд хүртэл энэ хууль бус бизнест гар хөлөө дүрсэн нь харамсалтай.  

Даварсан “алуурчдад” даанч хөнгөдсөн шийтгэл

Манай сурвалжлах хэсэг “Нарантуул” зах дээр үр зулбуулдаг эм зардаг “алуурчин” эмээ нарт цагдаагийн байгууллагаас ямар хариуцлага тооцдог талаар торуулахаар ЦЕГ-ыг зорилоо. ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Төгсбаяр “Хууль бусын эм зарж борлуулдаг  иргэдэд хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээг дур мэдэн явуулсан гэсэн үндэслэлээр хариуцлага тооцдог.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйл  ангид зааснаар хориглосон үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, үлэмж буюу их хэмжээний орлого олсон бол тухайн эд хөрөнгийг хураах, буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, эсвэл 3-6 сар хүртлэх хугацаагаар баривчлан шийтгэнэ хэмээн заасны дагуу тухайн хүмүүст арга хэмжээ авна. Мөн захиргааны хариуцлагын хуулиар бол зарж буй эд, бараа, материалыг нь бүгдийг нь хураах, түүнээс олсон ашиг орлогыг нь мөн хураах, торгууль тавих арга хэмжээг авдаг” гэсэн юм. Үүнээс үзэхэд хэдхэн халтар  төгрөгийн төлөө хүний амь насаар санаатайгаар “наадаж” байгаа тэдгээр хүмүүст тооцох хариуцлага хэтэрхий хөнгөджээ. Гэтэл Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу хүний амь насыг санаатайгаар хохироосон тохиолдолд 15-25 жилийн ял оноодог юм билээ. Мөн бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцсон, зохион байгуулалттайгаар хүний амь нас хохироосон бол Эрүүгийн хуульд заасны дагуу 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах хүртэл ялаар шийтгэдэг байх юм. Гэтэл үр зулбуулдаг “үхлийн эм”  зарж хүний амь насыг санаатайгаар бүлэглэн хохироож байгаа бүлэг наймаачдыг хэдхэн төгрөгөөр торгоод л толгойг нь илээд өнгөрч байгаа нь “инээдийг” нь хүргэсэн шийтгэл гэлтэй. Үе үехэн шалгалт хийж, хууль бус наймаачдыг барьж, чанарын шаардлага хангахгүй эм бэлдмэлүүдийг нь устгалд оруулдаг ч энэ төрлийн бизнес эрхлэгчдийн цар хүрээг хумиж  чадахгүй л байна. Хууль, хяналтын байгууллага, иргэд тэднийг хэдийнэ таньдаг болчихож.

Тэгсэн хэрнээ хэн нэгэн амь насаараа хохирсныг хэвлэлийн хуудаснаас хараад толгойгоо сэгсрээд өнгөрөхөөс хэтрэхгүй байна. Зохион байгуулалттайгаар хүний амь насыг хохироож байгаа алуурчдын толгойг хэдий болтол илсээр суух вэ. Тэр болтол хэчнээн охид, эмэгтэйчүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох юм бол. МХЕГ, Цагдаагийнхан яагаад өнөөдрийг болтол дорвитой арга хэмжээ авахгүй байна вэ. Хэн нэгний амь нас тэдэнд үнэ цэнэгүй байж болох ч дэндүү цөөхөн монголчуудад үр хүүхэд гэдэг дэндүү эрхэм. Хятад шиг шороон түмэн хүнтэй биш шүү дээ. Бид цөөхүүлээ. Гэтэл ганц боодол эмнээс болж, давхар давхар хүнээ алдаад байвал юу болох билээ. Мэдээж үр зулбуулдаг эмийг нь худалдан авч байгаа цагт хууль бус эмийн наймаачид бизнесээ зогсооно гэдэг “зангууны үлгэр” болох биз ээ. Тиймээс бүсгүй минь энэ эмийг нь битгий худалдаж аваач. Хэн ч худалдаж авахгүй болчихвол тэдний бизнес ингэж цэцэглэхгүй шүү дээ.

Ж.ОТГОН
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж