
Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Дэлхийн мэдээллийн технологийг тодорхойлогч Инфосис компанитай банкныхаа үндсэн системийг шинэчлэхэд хамтран ажиллахаар боллоо. Өчигдөр буюу 5-р сарын 2-ны өдөр Голомт банкны гүйцэтгэх захирал ноён Г.Ганболд болон Инфосис Финаклийн гүйцэтгэх захирал ноён Харагопал Мангипуди нар энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Инфосис компанийн Финакл системийг нэвтрүүлснээр хурдацтай өсөн нэмэгдэж буй Олон улсын бизнесийн орчинтой мөр зэрэгцэн алхаж, үйлчилгээний чанар хүртээмж, харилцагчдын тоогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэхүү системийн тусламжтайгаар банкны олон төрлийн системийн уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааны үр ашиг, хүчин чадлыг өсгөхөөс гадна Голомт банкны нийт 97 салбар нэгжийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Тэр дундаа банкны үндсэн систем, харилцагчийн үйлчилгээ, хөрөнгийн удирдлага, цахим банк болон мобайл банкны үйлчилгээний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх юм байна. Голомт банк үйл ажиллагаандаа ийнхүү шинэчлэлт хийж банкны үйлчилгээг чанаржуулахаас гадна Монголын банк санхүүгийн зах зээлд анх удаа нэвтрүүлсэн Смарт банк, өөртөө үйлчлэх банкаар дамжуулан банкны үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулсаар байна. Дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч 100 аж ахуйн нэгжээс 19-р байрт жагсдаг Инфосис компани нь дэлхийн 30 гаруй оронд орчин үеийн дэвшилтэт технологийн үйлчилгээ үзүүлдэг. Харин БНЭУ-аас хүрэлцэн ирсэн төслийн баг Монгол улсад хоёр сарын хугацаатай ажиллах бөгөөд Голомт банк нь Монгол улсаас дэлхийн хэмжээний энэхүү томоохон компанитай хамтран ажилласан хамгийн анхны байгууллага болсон байна.