С.Ганболд: Шаардлага өлсгөлөн зарлах хэмжээнийх биш

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

С.Ганболд: Шаардлага өлсгөлөн зарлах хэмжээнийх биш

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн В ээлжийн усны машины оператор С.Эрдэнэ өнгөрсөн сарын 26-ны өдрөөс өлсгөлөн зарлаад байгаа билээ. Иймд бид тус компанийн Захиргаа, Хүний нөөцийн газрын захирал С.Ганболдоос үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Танай компанийн оператор С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногоос эхлэн өлсгөлөн зарласан. Энэ хүн яагаад өлсгөлөн зарлах болов. Та бүхэнд энэ талаараа албан ёсоор мэдэгдсэн үү?

-Тавантолгой  уурхай дахь салбараас өнгөрсөн сарын 26-ны өдөр В ээлжийн усны машины оператор С.Эрдэнэ өлсгөлөн зарлалаа гэсэн мэдээлэл ирүүлсэн. Удалгүй өлсгөлөн зарласан өдрөө оператор С.Эрдэнэ гараар бичсэн мэдэгдэл ирүүлсэнтэй нь бид танилцсан. Уг мэдэгдэлд “Намайг захиргааны зүгээс дарамталж, мөрдөн мөшгих оролдлого хийж, мөн санал тавихад үл тоож байгаа учраас өлсгөлөн зарлаж байна” гэсэн байсан. Компанийн удирдлагууд тухайн ажилтан ямар нэгэн шалтгаан байгаа учраас эсэргүүцлээ илэрхийлж байгааг ойлгож энэ асуудлыг даруй шийдвэрлэхээр ярилцаж байтал маргааш нь дахин “шаардлага” гэсэн бичиг ирүүлсэн.

-С.Эрдэнэ гурван зүйлтэй шаардлага тавьсанаа илэрхийлээд байгаа. Та бүхэн шаардлагуудтай танилцаж,  зохих шийдвэрүүдийг гаргасан уу?

-Тийм ээ, гурван зүйлтэй шаардлага бидэнд тавьсан. Түүний шаардлагад дурдсан асуудлууд нь заавал өлсгөлөн зарлаж байж шийдвэрлэх зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтаа сайжруулах замаар хоорондоо зөвшилцөж ярилцаад шийдчих асуудал. С.Эрдэнэ өнгөрсөн оны аравдугаар сард тус компанийн салбар, уурхайн дэргэд “Эв санааны нэгдэл” гэдэг үйлдвэрчний эвлэл байгуулж, тэргүүнээр нь ажиллахаа илэрхийлсэн. Энэ байгууллагынхаа тэргүүнийхээ хувьд дараах гурван зүйлтэй шаардлага гаргасан байна лээ. Шаардлагын нэгдүгээрт, “Хөдөлмөрийн цагийн хуваарь ойлголтыг хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэсэн байсан. Уурхайн нэгдүгээр ээлж өглөөний 07.00 цагаас оройн 19.00 цаг, хоёрдугаар ээлж 19.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл тус бүр өдөрт 12 цаг ажилладаг. Ээлжээ хүлээлцэж, байран дээрээ ирэх хүртэл 20-30 минут зарцуулдаг. Дээрх шаардлагын санаа нь энэ хугацааг ажилласан цагт тооцуулах юм. Урьд нь ажилчдын ажилласан цагийг 11 цагаар тооцдог байсныг бид өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс 12 цагаар тооцдог болгосон юм. Энэ бол зохион байгуулалтаа сайжруулах замаар шийдвэрлэж болох асуудал. Гүйцэтгэх захирлын тушаал гараад ээлжийг цагт нь багтааж хүлээлцүүлж байх шийдвэр гарчихсан байгаа.

-Хоёр дахь шаардлага нь “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ байгуулж өгөхгүй байна гэсэн байсан. Гэхдээ танай уурхайн дэргэд хоёр үйлдвэрчний эвлэл байдаг гэж сонссон?

-“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ байгуулах гэсэн шаардлагаа өмнө нь тавьж байсан. Манай уурхай дээр “Эв санааны нэгдэл”, Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл гэсэн хоёр ҮЭ ажиллаж байна. Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл нь өнгөрсөн гуравдугаар сард салбар хороогоо байгуулсан байдаг. Компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэл, ажилчдын төлөөлөл гэсэн гурван тал хамтын гэрээ байгуулах учиртай. Хоёр үйлдвэрчний эвлэл нэгдэж, хамтраад бидэнд асуудлаа тав,бал арай өөр байдал үүснэ. Энэ шалтгаанаас үүдэн компанийн зүгээс гэрээ байгуулах асуудлыг  түр азнаж байсан. Нөгөөтэйгүүр, С.Эрдэнэ гуай хамтын гэрээ байгуулах өдрийг товлохыг шаардсан байна лээ. Тийм тов хэлэх хараахан боломжгүй. Харин хэлэлцээр хийж болно. Хэлэлцээ хийх өдрийг бид энэ сарын 8-нд гэж тогтоод байна.

-Тэгвэл гурав дахь шаардлага нь юу вэ?

-С.Эрдэнэ гуайн гурав дахь шаардлага нь бүх ажилчдын хурал хуралдуулах тухай байсан. Бид ээлжийн горим өөрчлөгдөж байгаатай холбогдуулан хурал хийхээр төлөвлөсөн байсан. Энэ хурлын товыг наашлуулж тавдугаар сарын 6-нд хуралдуулахаар болоод байна.

-Уурхайн салбарын удирдлагууд намайг мөрдөж мөшгөөд дарамтлаад байна гэж ярьж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Үнэхээр тийм зүйл болсон бол шалгах ёстой хууль хяналтын байгууллагад баримттайгаар нотлох ёстой. Ажилчид шат шатны удирдлагуудад гомдлоо гаргах  боломж нь бүрэн байгаа. С.Эрдэнийн хувьд нэг удаагийн сахилгын шийтгэл авчихсан байгаа юм билээ. Мөн ээлжийн дарга нарынхаа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй зөрчилдсөн асуудал бий.

-Салбарын ажилчдын цалинг өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс 30 хувиар нэмж байгаа мэдээлэл танай вэб сайтад байгааг уншсан. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн үү?

-Компанийн ажилчид цалин бага байна гэдэг асуудлыг тавьдаг байсан. Компанийн  удирдлага гуравдугаар сарын 1-нээс салбарын ажилчдынхаа цалинг 30-40 орчим хувиар нэмсэн. Энэ арга хэмжээний хүрээнд салбарын нийт ажилтны үндсэн цалинг нэмсэн. Мөн мэргэжлийн зэрэгтэй операторуудад зэргийнх нь нэмэгдлийг тооцож олгож байхаар шийдвэрлэсэн. Зарим нэг нэмэгдэл тухайлбал компанид удаан жил ажилласны нэмэгдэл тооцож олгож байхаар болсон. Ингэснээр ажилчдын орлого мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн гэж бодож байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж