“Боруссиа Дортмунд”-ын залуус “Уэмбли”-г зорихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

“Боруссиа Дортмунд”-ын залуус “Уэмбли”-г зорихоор боллоо

Аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолтод “Реал Мадрид” клубынхэн “Боруссиа Дортмунд”-ыг талбай дээрээ 2:0-ээр буулган авлаа. Гэвч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр финалд шалгарах эрхээ авч чадсангүй. Ингэснээр “Боруссиа Дортмунд” багийнхаа түүхэнд хоёр дахь удаагаа аваргуудын лигийн финалд үлдэв. Эхний тоглолтод “эзэн хааны багийнхан” 4:1-ээр бут ниргүүлж, хариу тоглолтод олон гоолын зөрүүтэй хожил авах хүнд даалгавартай буцсан. Жозе Моуриньо “хөлбөмбөгт бүх зүйл боломжтой, хэрэв хүсвэл бид финалд үлдэж чадна” гэж хэлж байв. “Дортмунд”-ын Юрген Клоппийн хувьд тэднийг “Сантьяго Бернабеу”-д жинхэнэ там хүлээж байгааг маш сайн мэдэж байсан бөгөөд ялалтын дараа “бүх зүйл бүрэн шийдэгдээгүй” гэсэн болгоомжтой хариултыг өгч байлаа. Ингээд олон сарын турш дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн  шохоорхолыг өдөөсөн гайхалтай тоглолт эхэлсэн.

Моуриньогийн хэлснээр түүний баг тоглолтын эхний секундээс шүглийн сүүлийн дуу хүртэл тэмцэх ёстой гэжээ. Харин “Мадрид”-ууд тоглолтын эхэнд болон төгсгөлд жинхэнэ тэмцлээ харуулах шиг болов. Уг нь бүх зүйл тэдний гарт байлаа. “Реал”-ынхан тоглолтын санаачлагыг гартаа авч   “Дортмунд”-ын талбайн хэсэгт нь прессинг хийж, бөмбөгийг илүү эзэмшиж байлаа. Гэвч хамгийн гол үүрэг болох бөмбөгийг хаалганд оруулах гол зорилгодоо хүрч чадахгүй байсан. Роналду, Игуаин нарын боломжийг Вайденфеллер үгүй хийж, Өзил хаалганы гадуур буудав. “Дортмунд” ч мөн ялгаагүй сөрөг довтолгоонуудаар тооны харьцааг нээх боломжоо алдсан. “Дортмунд”-ын хувьд тэдний гол тоглогч Марио Гөтцэ бэртэл авсан нь томоохон гарз болов. Завсарлагааны дараа талбайн зочид эхний үеийнх шиг айж бэргэлгүй, зоригтой тоглож эхэлсэн нь талбайн эздийн хүчийг бага боловч сулруулсан. Моуриньо Игуаины оронд Бенземаг оруулж, Коэнтрауг Какагаар сэлгэж довтолгоонд шинэ салхи оруулсан. Энэ сэлгээний үр дүн 83 дах минутад гарч Какагийн төвөөс дамжуулсан бөмбөг баруун жигүүрт дамжуулж тэндээс ирсэн хөндлөн дамжуулалтыг Бензема гоол болгож тоглолтын салхийг хагалав. Үүнээс таван минутын дараа Рамос зүүн хөлийн хүчтэй цохилтоор тоогоо ахиулж дахин нэг гоол хийвэл финалд шалгарах бяцхан найдлагыг бүр илүү томруулав. Гэвч үлдсэн хугацаанд ийм зүйл болсонгүй. Энэхүү хагас шигшээ тоглолтын нийлбэр үр дүнд “Реал Мадрид” өөрсдөө дэндүү буруутай гэж дүгнэж болно. Тэдэнд зөвхөн эхний 15 минут болон сүүлийн 10 минутад гоол хийх хүсэл төрсөн мэт. Тоглолтын дараа Жозе Моуриньо “Финалд үлдэхэд ойрхон байлаа. Бид жинхэнэ ялах хүсэлтэй баг шиг байлаа. Яг ийм мөчид өмнөх тоглолтыг талаархи бодол санаанд бууж байна. Бид тэр тоглолтод маш муу тоглосон. Өнөөдрийн тоглолтын бус харин өмнөх тоглолтынхоо шийтгэлийг амслаа” гэжээ. Харин Юрген Клопп “Тоглолтын төгсгөл хэсэгт байдал хурцадсан. Үүнээс өмнө бид маш том боломжуудыг алдсан. Хэрвээ бид гоол хийсэн бол асуудал аль хэдийнэ шийдэгдэх байлаа” хэмээн ярьсан байна.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж