Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль медаль хүртэж, анх удаа тивийн аварга хэмээх цолыг хүртсэн олон улсын хэмжээний мастер Даваадоржийн Төмөрхүлэгтэй ярилцлаа. Тэрээр Лондоны олимпоос хойш 66 кг-ын жинд барилдах болсон бөгөөд энэ нь түүнд илүү зохимжтой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэрээр олимпийн дараа оролцсон ихэнх тэмцээнээсээ медаль зүүсэн байх юм. Түүний хувьд ээлжит тэмцээндээ оролцохоор маргааш хилийн дээс алхах гэж байгаа. Учир нь, Азербайжаны Баку хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болох юм.
-Азийн аварга болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлж байна. Маш их баяртай байгаа.
-Тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцах уу. Ер нь хаана ч тэмцээнд оролцсон зохион байгуулалт, ур чадвар, өрсөлдөөн гээд ярих сонин мундахгүй байдаг шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэмцээн маань Тайландын Бангкок хотод болсон. Энэ хот надад ээлтэй юм шиг санагддаг. Тийм болохоор Азийн аваргад алтан медалийн төлөө барилдана гэдэгтээ итгэлтэй байсан. Яагаад гэвэл анх 2008 онд Бангкокт залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байлаа. Тус тэмцээнд би Монголын түүхэн дэх анхны мөнгөн медаль энгэртээ зүүсэн баярт явдал тохиолдсон. Тэгвэл энэ удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жинд өрсөлдөөд алтан медаль хүртлээ. Бусад тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн болохоор Бангкокийн дэвжээ надад ээлтэй гэдэгт итгэсэн. Зохион байгуулалтын хувьд маш өндөр төвшинд байсныг хэлэх хэрэгтэй. Ер нь Тайландууд аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулахдаа сайн шүү дээ. Дээрээс нь манай эрэгтэйчүүд багийн тэмцээнд хүрэл медаль авч, дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон нь илүү сайхан санагдаж байна.
-Эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон байх аа?
-Тийм. Эрэгтэйчүүд маань эхлээд Киргизийн багийг хожсон. Дараа нь Японы багт хожигдож, дагах барилдаан хийсэн. Улмаар Туркеминстан, Узбекстаны багийг буулгаж авснаар хүрэл медалийн тавцанд зогссон байгаа. Энэ бол манай улсын жүдо бөхийн шигшээгийнхэн багаараа Азийн аваргаас авсан медаль байлаа. Хэрвээ хүрлийн төлөөх барилдаанд ялаагүй бол багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахааргүй байсан шүү.
-Тэгвэл хувийн барилдааныхаа талаар товч мэдээлэл өгөөч?
-Нэлээд хүнд барилдаан хийсэн. Иран, Хонконг, Солонгосын жүдочдыг ялсан юм. Хэсгийн аваргын төлөөх өрсөлдөөнд таарсан Солонгосын бөхтэй дөрвөн удаа таарч барилдахдаа гуравт нь ялж байна. Аваргын төлөө барилдсан Фүкүоки Масаакиг манай спорт сонирхогчид сайн мэдэх байх. Нэлээд туршлагатай бөх л дөө. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа нартай нэг жинд өрсөлдөж ялах үедээ ялж, ялагдах үедээ ялагдаж явсан хашир тамирчин. Аваргын төлөө барилдахынхаа өмнө Цагаанаа ах болон багш дасгалжуулагч нартайгаа сайн зөвлөлдсөний хүчинд ялсан. Ер нь бол алтан медалийн барилдаан яг зөвлөгөөний дагуу болсон.
-Лондоны олимпоос хойш 66 кг-ын жинд барилдах боллоо. Мэргэжилтнүүд болон спорт сонирхогчид бас энэ шийдвэрийг тань сайшааж байна. Цаашид энэ жиндээ л барилдах уу, эсвэл…?
-Одоо жин хасахгүй ээ. Олимп хүртэл 66 кг-ын жиндээ барилдахаар болсон. Лондоны олимпоос хойш зургаан тэмцээнд оролцож гурван алт, гурван мөнгөн медаль хүртсэн байна. Бүгдийг нь 66 кг-д барилдаж авсан. Тийм болохоор энэ жин надад тохирч байна гэж бодож байгаа. Тэгээд ч одоо жин хасах асуудал бараг байхгүй болсон.
-Өмнө нь 60 кг-д барилдаж байхдаа хэр их жин хасдаг байсан бэ?
-Доод тал нь 6-7 кг хасдаг байсан. Ингэж хассаны үр дүн амижлтад их сөргөөр нөлөөлдөг. Ядрах, сульдах, тамиргүйдэх тохиолдол олон гарч байсан болохоор дээд жиндээ барилдахыг боддог болсон. Одоо дээд жиндээ барилдахад их дөхөмтэй байна.
-Яг одоо дунджаар хэдэн кг хасч байна вэ?
-Миний үндсэн жин дээд тал нь 68 кг байдаг. Тийм болохоор сайн бэлтгэл хийгээд л орно. Өөрөөр хэлбэл, жин хасна гэсэн ойлголт байхгүй.
-Таны форм нэлээд сайн байгаа. Бэлтгэлийг хэр их хийж байна вэ?
-Манай жүдогийн тамирчид Лондоны олимпоос хойш нэг ч амраагүй. Бүгдээрээ амралтгүй бэлтгэлээ хийсээр л байгаа. Сая нэг хэсэг шигшээ багийг байгуулах гэж бага зэрэг удсан шүү дээ. Тэр үед ч гэсэн бид бэлтгэлээ хийж л байсан. Форм сайтай байгаа нь тогтмол бэлтгэлтэй байгаагийн ач тус юм болов уу.
-Гурван жилийн хугацаанд маш олон барилдаанд оролцоно. Тэр болгонд амжилт гаргахыг хичээж болно. Амжилт гаргахын хэрээр чансаагаа удаан хадгалж чадна шүү дээ. Энэ жинд Цагаанаа ах, Мияарагчаа ах гээд Монголын шилдэг жүдочид олон жил бидний нэр, нүүрийг тахалж явсан. Тиймээс тэдний амжилтын буухиаг таслахгүйн тулд хичээх болно. Тэд хичнээн сайн барилдаж байсныг бид энэ шүү дээ. Ах нарынхаа амжилтыг хадгалахын тулд тэдэнтэй байнга зөвлөлдөж, хамтарсан бэлтгэл хийнэ.-Энэ жингийн шилдгүүдээс нэр бүхий тамирчид жин өгсчээ. Тэгвэл яг одоо Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын үеийн шилдгүүдээс хэр олон бөх 66 кг-д үлдсэн бэ?
-Японы бүх шилдгүүд үндсэн жиндээ байгаа. Олимп, дэлхийн аваргад оролцож медаль хүртэж байсан Японы бүх жүдоч 66 кг-даа барилдаж байна. Цагаанаа ах, Оросын Могушков, Словенийн Драксич нараас бусад нь 66 кг-ын жиндээ үлдсэн. Тэгэхээр цаашид өрсөлдөөн улам ширүүн болох биз. Хуучны шилдгүүдтэй дэлхийн шилдэг 16 бөхийн халз барилдаан болох “Мастерс”-аар л зодоглож үзнэ дээ.
-Азийн аваргаас ирээд удаагүй байгаа. Ер нь тэмцээний хуваарь нэлээд шахуу байна уу, үгүй юү?
-Ер нь бол шахуу байгаа шүү. Бид Азийн аваргаас ирээд шууд бэлтгэлдээ орсон. Маргааш /өнөөдөр/ Азербайжаны Бакуг зорих гэж байна. Залгуулаад ОХУ-ын Тюмень хотод болох жин жингийн шилдэг 16 бөх оролцдог “Мастерс”-т хүч сорино.
-Ядарч байна уу?
-Бэлтгэл сайн байгаа болохоор ядрах нь гайгүй байна. Гэхдээ ойр ойрхон тэмцээнд оролцвол мэдээж ядарна. Хэдий тийм боловч “Би чадна” гэж өөрийгөө зоригжуулаад л явж байна даа.
-Жүдогоос бага зэрэг хазаймаар санагдлаа. Аавыг тань уран барилдаантай улсын харцага гэдгийг хүн бүр мэднэ. Их спортод хөл тавихад юу гэж зөвлөдөг байв?
-Миний аав бол маш сайхан хүн дээ. Ийм сайхан аавын буяныг эдэлж, нэр хүндийг нь өргөн, дэлхийн тавцанд мандуулж яваадаа би үргэлж баяртай байдаг. Олон улсын тэмцээнд оролцоход намайг Төмөрхүлэг биш Даваадорж гэж овгоор минь дууддаг учраас аавынхаа нэрийг дандаа дээшээ мандан бадруулж явахыг хичээдэг. Ямар ч байсан доошоо унагахгүй ээ. Тэмцээн болгонд барилдахдаа аавыгаа боддог. Аав минь байсан бол гэж үргэлж бодож, тунгааж байна. Миний өдий зэрэгтэй амжилт гаргаж яваа маань аавын минь л ач гавьяа. Тиймээс аавынхаа төлөө илүү өндөр амжилт гаргахыг хичээж байна. Зорьсон зорилгынхоо оргилд хүрэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийж явна.
-Аав тань уран барилдаант харцага байсныг санадаг юм. Тун сайн хонгоддог бөх байсан шүү дээ. Аавынхаа мэхнээс хэр олныг өвлөж авсан бэ?
-Олон төрлийн мэх зааж өгсөн. Гэхдээ хутгах мэхийг нь илүү сайн сурчээ. Аавын зааж өгсөн хутгах мэхээр би өдий хэмжээний амжилт гаргасан гэвэл үнэнд ойртох байх.
-Таны аав үндэсний бөхийн харцага цолтой. Тэгвэл та хэзээ нэгэн цагт аавынхаа цолонд эсвэл дээгүүр цол авахыг мөрөөддөг үү?
-Миний хувьд үндэсний бөхөд маш их дуртай. Сумын заан цолтой. Зав л гарвал аймаг, сумын заан цолтнуудын барилдаанд тогтмол барилдаж байна. Гэхдээ миний хамгийн эхний зорилго бол жүдо бөхөөр олимп, дэлхийн аварга болох. Энэ зорилгодоо хүрэхийн тулд би хичээж байна. Өөрийгөө жүдод бүрэн зориулж байна. Харин зорилгодоо хүрсний дараа бол үндэсний бөхөөр барилдаж, аавынхаа авсан харцага хэмээх мундаг цолонд хүрэхийг мөрөөддөг. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүх зүйлээ дайчилна. Хэзээ нэгэн цагт миний мөрөөдөл биелэх байх. Ямар ч байсан бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл болно доо.
-Олимп, дэлхийн аварга болбол үндэсний бөхөөр барилдахад оройтохгүй гэж бодож байгаа юм уу?
-Миний хичээллэж байгаа жүдо бөхийн спортын оргилд нь хүрэхийг илүүд үзэж байна. Энэ бол аавын минь захиас. Би үүнийг л хүсч байна.
-Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?
-Миний аав жижиг биетэй хэрнээ гоё биетэй хүн байсан. Аавын үе тэнгийн найзууд нь хүртэл ярьдаг. “Танай аав тань биширмээр гоё бие хаатай бөх байсан шүү” гээд л хэлдэг. Аав хүртэл надад хэлдэг байсан. “Аав нь чамайг тэврээд явж чаддаггүй байлаа” гэж ярина. Гарынх нь булчин зангираад явж чаддаггүй байсан юм билээ. Миний хувьд аавыгаа яаж гүйцэх вэ. Гэхдээ жүдо бөхийн шигшээ багийн тамирчид долоо хоногийн дөрвөн өдөрт нь өглөө бүр байнга хүчний бэлтгэл хийж байгаа.
-Ах нар хэр их сургааль айлдаж байна вэ?
-Ах нарын сургааль алт байдаг шүү дээ. Миний бүхий л зүйл дээ Цагаанаа, Мияа ах хоёр зааж, зөвлөдөг. Ялангуяа би одоо 66 кг-д барилдаж байгаа болохоор тэд барилдааныхаа арга туршлагаас хуваалцана. Тэдний хүчинд би амжилт гаргаж яваа учраас ах нартаа баярлалаа гэдгээ хэлье. Та нарынхаа итгэлийг алдахгүй улам их хичээх болно.
-Ярилцсанд баярлалаа. Дараагийн тэмцээнүүдэд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Дараагийн бүх тэмцээндээ амжилт гаргаж, Монголынхоо нэрийг гаргахын төлөө хичээх болно.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
Холбоотой мэдээ