Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Хөлд чирэгдэх хүн

Долдугаар сарын 1-ний үйл явдал олон хүнийг хөлдөө чирэх дөхсөн. Тэдний нэг нь О.Магнай. Тэр үеийн О.Магнайгийн царайг хүн бүхэн санаж байгаа байх. Шүүх, цагдаагийн байгууллагаас ч болсон уу, угийн буруутай байсан уу бүү мэд. Ямар ч байсан тэрбээр тухайн үед нэлээд баргар царайлж явсныг санаж буй биз. Харин дараа нь түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор бага ч болов уужирсан болов уу. Тэрбээр тоосонд дарагдаж, агуулахад хадгалагдаж байсан цагаан хоолой, лоозонгоо гаргаж ирж байсан санагдана.

Харин өнөөдөр өнгөрсөн түүх олон хүний өрийг өвтгөж, үсэнд сор суулгаж мэдэхээр болоод байгаа. Энэ нь О.Магнайтай юугаар холбогдох вэ гэхээр үймээний үеэр зодуулж бэртэл авсан цагдаагийн албан хаагчид Нийслэлийн прокурорт өргөдөл гаргаад байгаатай холбоотой. Түүний эсрэг ганц, хоёр цагдаа муухай харж зогссон бол бас яахав. Гэтэл Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсээс эхлэн нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрынхан хүртэл түүнийг дахин байцаахаар шазуур зуун зогсч байна. Ингэхээр, хөл толгойгоо алдсан энэ хэрэгт О.Магнай дахин холбогдох нь. Арга ч үгүй биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан хүмүүс ч барьж алдаж мэдэхээр байгаа юм чинь.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж