
Тэрээр намын бүлэг завсарлага авч байгаа үндэслэлээ УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт болсон дахин сонгуулийн дүн гарч, Сонгуулийн ерөнхий хорооноос ялалт байгуулсан Д.Сумъябазарын нэрийг УИХ болон Ерөнхийлөгчид айлтгасан. Тиймээс Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилох асуудалтай цуг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Р.Гончигдорж гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилохыг дэмжихгүй байгаа юм биш. Дэмжиж байгаа. Гол нь ард түмний сонголтыг баталгаажуулахын тулд цөөнхийн бүлэг завсарлага авахаас аргагүй байна” гэсэн юм.
Ийнхүү хуульд заасан эрхийнхээ дагуу цөөнх завсарлага хүссэн тул УИХ-ын даргын зүгээс ажлын тав хоногийн завсарлагыг УИХ дахь МАН-ын бүлэгт өгснийг мэдэгдлээ.
Ингэснээр УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудал ирэх долоо хоногийн пүрэв гариг хүртэл хойшлогдох болоод байна. Гэхдээ УИХ дахь олонхи болон цөөнхийн бүлэг дээрх асуудлууд дээр зөвшилцөж чадвал түүнээс өмнө энэ асуудал шийдэгдэх бас боломжтой гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга онцолж байв.
Сануулахад, УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авахын өмнө УИХ-ын дэд даргыг сонгох асуудалтай холбогдуулж гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Бүлэг дээр асуудлыг ярилцаад УИХ-ын дэд даргад таныг сонгохоор тогтсон. Үүнтэй холбоотойгоор тодруулах зүйл байна. Төрийн өндөр албан тушаалтан нь гадаадад данстай байх нь хэр оновчтой зүйл вэ. Үүнд хариулт өгөөч, УИХ-ын дэд даргаар томилогдсон нөхцөлд асуудалд төрийн хар хүний үүднээс хандаж ажиллана гэж найдаж байгаа шүү” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “УИХ-ын гишүүн гадаадад данстай байж болохгүй гэж хуулиар зохицуулж болно. Түүнээс хувь хүнийх нь асуудалд оролцож болохгүй байх” гэлээ.
Ийнхүү асуулт, хариулт үргэлжилсний дараа гишүүд нэр дэвшигчид хандан саналаа хэлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Р.Гончигдорж гишүүн та ардчиллын үнэ цэнийн талаар их ярьдаг. Мөн монгол төрийн буянаар энэ зэрэгт хүрсэн. Гэвч өнөөдөр өөрийнхээ хүчээр энэ зэрэгт хүрсэн юм шиг зүйлийг ярьж байна. Цаашид дүр эсгэсэн ардчилал дарангуйллыг бий болгодог юм аа гэж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын Бага хуралд оролцсон гадаадын төлөөлөгчийн үгийг бодож ажиллаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Р.Гончигдорж гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилохыг дэмжиж байгаа. Та монгол төрийг тогтвортой байлгахын төлөө ажиллах ёстой шүү” гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “УИХ-ын гишүүд бие биедээ долигносон үгийг хэлж байна, би бол тэгж чадахгүй. Р.Гончигдорж гишүүн та хэтэрхий ноён нуруутай харагдах гээд асуудлыг бөөрөнхийлдөг шүү. Дэд дарга болсныхоо дараа үүнийгээ засаарай” гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг “Гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Д.Ганбат гишүүний хэлж буй үгтэй санал нэгдэхгүй байна. Зарчимтай байхыг хүсч байна. Нам дотор асуудал байгаа нь үнэн боловч түүнийгээ бүлэг дээр ярилцаад ойлголцож байгаа. Энэ бол эрүүл тогтолцоо. Тиймээс бүлэг дээр ярьсан асуудлыг чуулганы танхимд дэлгээд байх нь зохимжгүй, цаашид энэ асуудлыг анхаарах ёстой. Мөн цөөнхийн бүлгийн гишүүд хийрхсэн хагалсан яриагаа татах хэрэгтэй байна” гэдгийг хэлээд авсан юм.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.