Б.Бат-Эрдэнэ “МАХН-аас нэр дэвшлээ” юү?

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ “МАХН-аас нэр дэвшлээ” юү?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнгүй гэж байсан МАН-ын боловсон хүчнүүд харин ч нэг багтаж ядаж байна. Энэ нам хэзээнээсээ боловсон хүчинээрээ хахаж цацсан газар. Гэхдээ энэ жил Ц.Элбэгдоржийг жинхэнээсээ чардайлгахаар өрсөлдөгчийн зарим нь аавынд байна. Бас зарим нь нэр дэвших хүсэлгүйгээ хоёргүй нэг утгаар илэрхийлсэн. Тэгэхэр хоёрдугаар эгнээнийхэнд шанс багатай ч гэсэн боломж гарч байна гэсэн үг юм.

Тиймээс хоёрдугаар эгнээнийхэн нь хоорондоо авалцаж байна. МАН-ынхан хэзээ ингэж эв нэгдэлгүй байлаа. Урьд өмнө атгасан гар шиг, шагай шиг хураалттай байж байгаад л нэгэн дуугаар нэр дэвшигчээ тодруулдаг байсан цаг нь түүх болон үлдсэн юмуу даа. Эсвэл аядуу зөөлөн удирлагатай болохоор зарим нэг нь сайн дурын тоглолтыг намаасаа гадуур хийгээд ч байгаа юмуу гэж бодогдохоор олон үйл явдал өрнөж байна.

Хамгийн сүүлийн байдлаар МАН-аас Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёрын нэг нь нэр дэвших нь бараг л тодорхой болсон. Тэгэхээр горьдлого тээж байсан Д.Оюунхорол эмэгтэйчүүдийнхээ холбоогоор дамжуулан намаа шахалтанд оруулж эхэлсэн. Энэ ч яахав улс төрд байж болох л үзэгдэл. Харин сонирхолтой үзүүлбэрийг далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ үзүүлж байгаа сурагтай. Тэрээр “МАН-ын нам нэр дэвшүүлэхгүй бол хүрээд ирээч гэсэн өөр нам байгаа шүү” гэсэн утгатай үгийг удирдлагадаа янз бүрийн мессеж маягаар ойлгуулах болжээ. Угаасаа бага хурлын гишүүдийн олонхийн саналыг авахгүйгээ маш сайн мэдэж байгаа аваргад Ерөнхийлөгчийн суудал ойрхон харагдаад байгаа бололтой. Яаж ийгээд дэвших зам хайгаад яваа сурагтай. Уугуул МАН дэвшүүлэхгүй гэвэл суугуул МАХН дэвшүүлье гээд байгаа гэсэн яриаг ч гаргаж. Өөрөөр хэлбэл намайг дэмжихгүй бол, дэвшүүлэхгүй бол МАХН-аас дэвшлээ шүү гэж дарга нараа дарамталж явна гэсэн яриа намынх нь байраар тархжээ. Их аваргын энэ үйдлийг бөхийн нь хэлээр тайлбарлах юм бол “буруу л барьц” сонгоод байх шиг. Харин өөрөө цаг хүлээж байгаад “хаялцах барьж” атгаад авсан юм шиг хөөрөөд буй бололтой.

Дархан аваргын энэхүү ам мэх МАН-ын удирдлагуудыг үнэхээр сандаргаж байгаа гэнэ. Хэдийгээр МАН-аасаа түүнийг дэвшүүлэх боломжгүй. Угаасаа бага хурлын гишүүд нь ч зөвшөөрөхгүй. Тэгтэл дархан аварга маань МАХН-д очоод нэр дэвшвэл МАН-ынхаа саналыг хуваагаад л дуусна. Ц.Элбэгдоржийн ялах боломжийг улам ч нэмэгдүүлнэ. Энэ байдал МАН-ын дарга нарыг нойртой хонуулахгүй байгаа гэнэ.

Тэгээд ч Б.Бат-Эрдэнэ аваргыг аль дээр л МАХН-ыг байгуулагдахад орох гэж байна гэж шуугисан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баригдахынхаа өмнө олон түмний нүдэн дээр Б.Бат-Эрдэнэ аварга ярьж байна, хүрээд ир гээд хэлчих гээд орон даяар зарлаж байсан удаатай. Түүний хамгийн сайн найз гэгдэх Д.Тэрбишдагва л их аваргыг уруу татаад байгаа гэж эх сурвалж дурдав.

Ийнхүү маргааш болох МАН-ын бага хурлын өмнө удирдлагууд нь үй түмэн шахалт, дарамтад ороод хэцүүхэн байна.

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж