Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа

Нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт
С.Гончигсумлаа 1915 оны 2-р сарын 18-нд Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт
төржээ. Тэрээр 1928-1937 онд бага, дунд ба багшийн сургууль, Эрхүү хотноо мал
эмнэлгийн техникумд суралцан төгсөж 1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд
малын эмч, дараа нь Улаанбаатарт энэ мэргэжлээрээ орчуулагч багшаар ажиллажээ.

С.Гончигсумлаа багаасаа хөгжим сонирхож, багшийн сургуульд байх үеэс О.Дашдэлэг
багшаар ёочин заалгаж, Эрхүүд сурч байхдаа хөгжмийн бүлгэмд давхар суралцан
төгсөж Эрхүүгийн радиогийн ардын найрал хөгжмийн гишүүн болжээ.

Ийнхүү түүний
өмнө хөгжмийн их гэрийн үүд сөхөгджээ. 1940 оноос С.Гончигсумлаа Улсын циркт
ажиллаж байгаад 1943-1950 онд Москвагийн хөгжмийн дээд сургуулийн
зохиолч–удирдаачийн ангид Е.Месснер (зохиомж) С.Богатырев /олон хоолойн
ухаан
/,
Д.Рогаль-Левицкий
/найрал хөгжмийн
судлал
/ нараар заалган
суралцаж төгссөн ажээ. 1950 оноос УХД театрт хөгжмийн зохиолч, удирдаач, 1958
оноос ХБД сургуулийн уран сайхны удирдаач, 1960 оноос МРТУ-ын хорооны хөгжмийн
ерөнхий зөвлөхөөр ажиллав. 1956 оноос монголын хөгжмийн зохиолчдын холбооны
зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 он хүртэл МХЗХ-ны даргаар ажилласан
юм.

Тэрээр уран бүтээлээ дуугаар эхэлсэн бөгөөд тухайлбал
“Дэнжийн ногоо”, “Ойн дуу”, “Чамайг үдье”, “Өргөн хайнгайн нутаг”, “Эх орондоо
хайртай би”, “Хайрын дуу”, “Жаргаах зүрхэн”, “Намын тухай дуу”,
“Москва-Найрамдал”, “Сүхбаатарын алдар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Энх
тайван” зэргийг дурдаж болно.

С.Гончигсумлаа 1956 онд Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нарын
зохиолоор “Үнэн” дуурь бичжээ. Энэ бүтээл орчин үеийн монголын мэргэжлийн
хөгжмийн урлаг түүний дотор дуурийн урлагт олон төрлйин шинэтгэл хийснээр
сонгодог дуурийн бүтээлд ихээхэн ойртож очсон юм. “Үнэн” дуурь агуулга,
дүрүүдийн шинж байдалд тохирсон ярилцал дуу, үглэл дуу, хоршил, гурвал зэрэг
баялаг хэсгүүдийг бий болгосон байна. Ээдрээтэй үйл явдал, эерэг сөрөг
дүрүүдийн зан төрхийг учир зүйн уялдаатай хөг аялгуугаар чадварлаг холбон
үзүүлсэн байна.

“Үнэн” дуурь бол манай анхны хувьсгалт баатарлаг дуурь
юм. Ийнхүү үндэсний дуурийн урлаг хөгжлинхөө эхийг тавьсан юм. Дуурийн урлаг
үүсэн хөгжихдөө ардын хөгжмийн өв уламжлалд баттай суурилж, дэлхийн сонгодог
дууриас үндэсний онцлогт тохирох шилдэг арга нийтлэг шинжийг тусган авчээ.

С.Гончигсумлаа 1959 онд Д.Лхасүрэнгийн цомгоор “Ганхуяг”
бүжгийн жүжиг туурвисан нь монголын бүжгийн жүжгийн урлагийн анхны дорвитой
бүтээл болсон юм. “Ганхуяг” бүжгийн жүжигт анчин залуу Ганхуяг, малчин бүсгүй
Мөнгөнтуяа хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Гэвч энэ бол зөвхөн хайр
сэтгэлийн тухай төдий бус шударга ёс, эрх чөлөө, аз жаргалын төлөө тэмцлийн
тухай хөгжим-бүжгийн найраглал юм. Ийм ч учраас түүнд 1961 онд Төрийн шагнал
хүртээсэн билээ.

"Ганхуяг"
/1959/


С.Гончигсумлаа энэ зохиолдоо сонгодог бүжгийн
хувилбарууд, гурван ангит рондо хэлбэр, хоршил, бүрэн адажио зэрэг олон хэлбэрийг
ашигласны үр дүнд уг бүтээл агуулга, хэлбэрийн бат нэгдэлтэй болж чадсан байна.
“Ганхуяг” бүжгийн жүжгийн хөгжим ихээхэн нүсэр дуурьсалтай, шигүү эгшиг
найралжуулгатай болсны дээр янз бүрийн баатруудынхаа хөгжмийн дүрийг тод
томруун зурж чадсанаараа онцлог юм.

С.Гончигсумлаагийн 1-р симфони (ля минор) залуучуудын
бадрангуй хөдөлмөр, яруу үйлс, гүн бодол тэмүүллийг сэтгэлийн их догдлолоор
дуулсан бүтээл юм.

С.Гончигсумлаа симфонийн төрөл дээр мэргэшин туурвиж “Удиртгал
найраглал”, “Скерцо”, “Баярын удиртгал”, “Намын тухай найраглал”, зэрэг
томоохон бүтээл туурвижээ. Түүний “Оргилуун гурвал” төгөлдөр хуурын 200-гаад
зохиол манай хөгжмийн цөөхүүл зохиолын санд орсон сайн бүтээл болжээ.

1965 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 1971 онд Ардын
жүжигчин цол хүртсэн юм.


Зохиолууд:

Дуурь, бүжгийн жүжиг:

– “Үнэн” /Д.Лодойдамба, Д.Сэнгээ нарын цомнол/ (1956, УДЭТ,
1980-1981 хоёрдахь засвар, УДБЭТ),

– “Буурал бүсгүй” (1952 УДЭТ),

– “Аянга” (1954 УДЭТ)

– “Ганхуяг” бүжгийн жүжиг /Д.Лхасүрэнгийн цомнол/ (1957,
1972 УДБЭТ)

– “Хошуу наадам” бүжгийн жүжиг (1965)

– “Найз залуус” /“Сүнжидмаа”/ бүжгийн жүжиг (1970 УДБЭТ)


Симфони хөгжмийн төрөлд:

– 1-р симфони, 1964

– 2-р симфони, 1973-1974

– 3-р симфони, 1981-1982 /Г.Димитровагийн дурсгалд/

– 4-р симфони “Миний эх орон”, 1986

– 5-р симфони, 1988 /Эрнст Тельманы дурсгалд/

– “Намын тухай найраглал”, 1955

– “Удиртгал найраглал”, 1950

– “Симфони чуулбар”, 1952

– “Жарын жар”, /“БНМАУ-ын 60 жил”/ симфони удиртгал, 1985


Концерт:

– Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концерт, 1984

– Морин хийл, симфони найрал хөгжмийн концерт, 1987


Цөөхүүл хөгжимд:

– “Оргилуун гурвал” /хийл, морин хийл, төгөлдөр хуурт, 1955
/

– Төгөлдөр хуурын 24 прелюди /1978-1979/

– Прелюди-Токката-Вариаци /төгөлдөр хуурт зориулсан, 1985/

– Төгөлдөр хуурт зориулсан хөгжмийн зохиол 200 гаруй

– Хийлийн чуулга, төгөлдөр хуурт зориулсан; морин хийлийн
чуулга, төгөлдөр хуурт зориулсан; хийл, төгөлдөр хуурт зориулсан
Романс-Сонатина /1972 онд шинээр засварласан/ зэрэг хөгжмийн зохиолууд;

– Төрөл бүрийн хөгжимд зориулсан хөгжмийн зохиол /20/

– Монгол ардын хөгжмийн зэмсэгт зориулсан хөгжмийн зохиол
/20/


Дууны төрөлд:

– Монголын яруу найрагчдын шүлгэнд бичсэн найрал, гоцлол
дуу, романсууд /60 гаруй/

– Монгол ардын дууны найруулга /150/


Драма, киноны төрөлд:

– 2 жүжгийн хөгжим

– 3 киноны хөгжим “Сэрэлт”, “Улаанбаатарт байгаа миний
аав”


Дууны түүвэр:

– Дууны түүвэр УБ 1946

– Дууны түүвэр УБ 1965

– “Монгол ардын 30 дуу” УБ 1976

– “Униар татсан уулсын дээгүүр” УБ 1978

– “Дуу, ари, романсууд” УБ, 1986


Ном, товхимол, нотны хэвлэл:

– “Думка”, “Монгол бүжиг” /төгөлдөр хуурт зориулсан 2 хөгжмийн
зохиол, Москва, 1950/

– “Монгол ардын дуу” /төгөлдөр хуурт, Москва, 1962/

– “Монгол ардын дуу” /төгөлдөр хуурт, Москва, 1965/

– Том симфони найрал хөгжимд зориулсан скерцо /партитур,
УБ. 1987/

– “Хүүхдийн хөгжмийн зохиолууд” /төгөлдөр хуурт, Москва,
1969/

– “Сонгомол зохиол” /төгөлдөр хуурт, Москва, 1970/

– “Хүүхдийн хөгжмийн зохиол” /төгөлдөр хуурт, Москва,
1970/

– “Монгол ардын арван таван дуу” /төгөлдөр хуурт, Москва,
1970/

– “Монгол ардын 30 дуу” /УБ, 1976/

– “24 прелюди” /Москва, 1981/

– “Оргилуун гурвал” /Москва, 1981/

– “Нотыг өөрөө суралцах бичиг” /УБ, 1939/

– Тогтмол хэвлэлд хөгжмийн тухай өгүүлэл, тэмдэглэл /30 гаруй/


Эх сурвалж:

“Справочник” /Союз композиторв МНР/ Д.Батсүрэн

“Тавин дуурийн тухай” Г.Хайдав

“БНМАУ-ын соёлын түүх II” 

 http://libromusic.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж