
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Дахин сонгууль одоо хэрэгжиж байгаа хуулийг зөрчсөн гэж үзсэн байр суурь дээр Ардчилсан намын бүлэг одоо хүртэл хэвээр байгаа. Сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд ч гомдол гаргасан. Харин цэцийн шийдвэр бидний хэнийх нь зөв болохыг нотолсны дараа энэ асуудлыг ярина” гэсэн юм.
Мөн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Манай бүлэг энэ асуудалд тухайлсан санал дүгнэлт байхгүй. Тойрог дээр хууль зөрчсөн эсэх тухай цаасаар ирж, уншиж танилцсан зүйл байхгүй. Тиймээс тодорхой саналгүй байна” гэв.
Харин МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй, дахин санал хураалт УИХ-ын 2012 оны сонгуулийн үргэлжлэл, тиймээс тухайн үед дагаж мөрдөж байсан хууль, журмаар явагдсан гэж тайлбарласан юм. Улмаар УИХ дахь гурван намын бүлгээс хоёр бүлгийн дарга Д.Сумъябазарын УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг дэмжих бололцоогүй гэж үзсэн учраас энэ асуудал дэмжлэг хүлээж чадсангүй.
УИХ-ын даргын зүгээс “Эл асуудал энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй. Долоо хоногийн дараа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд болохгүй гэх зүйлгүй. Өвөрхангайн тойрог дээр маргаан гарахад Ардын намын бүлгийнхэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад тангараг өргөх асуудлыг нэг сараар хойшлуулж байсан гэж тодотголоо.
Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үндсэн асуудалдаа орж, УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Р.Гончигдоржоос гишүүд асуулт асууж хариулт авч байна.