Төрөх эмнэлгүүдийг ашиглалтад оруулах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Төрөх эмнэлгүүдийг ашиглалтад оруулах хэрэгтэй

УИХ-ын
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр
/2013-05-01/ үдээс хойш хуралдаж, хуралдааны эхэнд Эмнэлгийн барилгын
өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга
хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээллийг сонслоо.

Сүүлийн
20 гаруй жилийн дотор нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эрүүл мэндийн
байгууллагуудын барилга байшин, газар улсын болон хувийн байгууллагуудад
шилжиж эмнэлгүүд байраа бүтнээр нь эсвэл хэсэгчлэн алдаж, ялангуяа
эмнэлгийн орчны газар хувийн хэвшлийн орон сууцаар дүүрчээ. Тухайлбал
улсын томоохон эмнэлэг болох Гэмтэл, Халдварт, Улсын нэг, гуравдугаар
эмнэлгийн газрууд машин тавих зайгүй болтлоо газраа алдсан байна. Нийт
37 байгууллагыг судалж үзэхэд эмнэлгүүд байраа хэсэгчлэн алдсан 35,
бүтэн байшингаа алдсан 20, газраа алдсан 21, ямар нэгэн хэмжээгээр
хувийн хэвшилд алдсан 34 , улсын байгууллагад алдсан 9 байна. Харин 8
эмнэлэг шинээр баригджээ. Эдгээрээс ялангуяа амаржих болон хүүхдийн
эмнэлгийн хүрэлцээ өнөөдөр тулгамдсан асуудал болж төрөхийн ор
хүрэлцэхгүй, ачаалал нэмэгдсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд
чанаргүй үйлчилгээ ихээр гарах болсон.

Хан-Уул дүүрэгт баригдаж
байгаа 300 ортой төрөх эмнэлэг болон нийслэлийн 2, 3 -р амаржих газрын
барилгын явц байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар Эрүүл
мэндийн сайд мэдээллээ. 300 ортой төрөх эмнэлгийн угсралтын ажлын
гүйцэтгэгчээр шалгарсан “Нийслэл Өргөө” ХХК-тай 18 707 299 292 төгрөгөөр
2010 онд гэрээ хийж “Пума констракшн” ХХК тендерт түншлэлээр хамтран
оролцож ажиллахаар болсон байна. Барилгын ажлыг 2012.10.30-нд дуусгахаар
тооцсон ч гэрээний хугацааг 2013.12.30-ны өдөр хүртэл сунгажээ.
Одоогоор барилга угсралтын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа
бөгөөд өнөөдрийн байдлаар 7 удаагийн гүйцэтгэлээр 16 832 909 362 төгрөг,
банк баталгаа гарган 950 000 000 төгрөг, нийт 17782909362 төгрөгийн
санхүүжилт хийгдээд байгаа гэлээ. Санхүүжилтийн үлдэгдэл 924389930
төгрөг байна. Харин талбайд угсралтын ажил явуулах цахилгааны болон усны
эх үүсвэр байхгүй байснаас шалтгаалан ажлын явц удааширсан. Иймээс
гадна инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагуудад техникийн
нөхцөлийг сунгуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн гэлээ. 2-р амаржих
газрын хувьд зураг төслийн ажил болон газрын байршлыг тогтоогоогүй учир
удаашралтай байгаа. Техникийн нөхцөл авах шатандаа явж байна. Ажлын явц
50 хувьтай байна гэв. 3-р амаржих газрын хувьд БЗД-т Энэрэл эмнэлгийн
барилгыг буулган барихаар төлөвлөгдөж 2010 онд 500,0 сая төгрөг
батлагдаж барилгын зураг төсөв, буулгалтын ажил хийгджээ. Уг барилгын
нийт төсөвт өртөг 9.05 тэрбум төгрөг ба 2011 онд улсын төсвийн
төлөвлөгөөнд 1.0 тэрбум төгрөг батлагдсан байна. 2012 онд улсын төсвийн
төлөвлөгөөнд 7.5 тэрбум төгрөг батлагдаж, гүйцэтгэгчийг сонгон
шалгаруулах 2 удаагийн нээлттэй тендер зарлагдан “Цамхаг констракшн” ХХК
гүйцэтгэгчээр шалгарч 2012 оны 7-р сард 7,498,280,078 төгрөгийн гэрээ
байгуулагдан барилгын ажил эхлээд байгаа бөгөөд барилгын ажлыг гэрээний
дагуу 2013 оны 10-р сарын 01-ны өдөр дуусгах юм байна.

Сайдын
мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, саналаа хэлсэн.
Тухайлбал Л.Эрдэнчимэг гишүүн, эмэгтэй гишүүдийн зүгээс амаржих газрыг
бариулах асуудлаар их хөөцөлдсөн. Гэвч өнөөдрийг хүртэл үр дүн муутай
байна. Нэг тендер дээр хоёр компани зэрэг явдаг. Бид олон газарт энэ
асуудлаар албан бичиг явуулсан ч хариу өгөхгүй байгаа. Өнөөдрийн оруулж
ирж байгаа асуудал дээр БХБЯ, нийслэлийн захиргаанаас тодорхой албаны
хүмүүсийг оролцуулах шаардлагатай байсан. Төрөх эмнэлгийн барилгыг
яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна гэлээ. Мөн Г.Баярсайхан
гишүүн, социализмын үед эмнэлгийн барилгын стандартаар баригдсан цөөн
хэдэн барилга байдаг. Эмнэлгийн барилгын стандарт гэдэг бол бүхэн бүтэн
шинжлэх ухаан. Цаашид Хавдар, Халдварт, 3-р нэгдсэн эмнэлэг, Гэмтлийн
эмнэлгийн барилгуудыг их засварт оруулах нь зүйтэй гэсэн бол Ж.Батсуурь
гишүүн, бодит бэрхшээлээс яаж гарах талаар юуны өмнө анхаарч ажиллах
хэрэгтэй. 18 тэрбум төгрөгөөр 300 ортой эмнэлэг барьж чадахгүй байгаа
бол тийм юм гэж хаа ч байхгүй. Хамгийн гол нь эмч нарын ажиллах
нөхцөлийг сайжруулах ажлыг хурдавчлах хэрэгтэй гэсэн юм.

Түүнчлэн
гишүүдийн зүгээс 300 ортой эмнэлгийн 1 метр.кв-ийн үнэ хэдээр
тооцогдсон болон эмнэлгийн барилгыг хэзээ ашиглалтад оруулах талаар
асуусан асуултад тус яамны Барилга захиалагчийн албаны дарга н.Нэргүй
тодорхой хариулт өгч чадсангүй.

Эцэст нь уг асуудлаар гишүүдийн
зүгээс гаргасан саналуудыг үндэслэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр
ахлуулсан Ажлын хэсэг байгуулахаар тогтож, шаардлагатай тохиолдолд
холбогдох яамдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж
үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж