
МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулиас “Технологи, дүрслэх урлаг-дизайны боловсрлын тулгамдсан асуудал, шиййдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг гурав дахь удаагаа зохион явууллаа.
Бага хурлын нээлтийн ажиллагаанд МУБИС-ийн ректор, академич Б.Жадамбаа, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга нар оролцож нийслэл, 21 аймгийн техник, технологийн багш нар төдийгүй БНХАУ, ОХУ, Польш, Япон улсын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байлаа.
Бага хурлын ажиллагааг МУБИС-ийн ДУТС-ийн захирал, доктор, профессор Л.Цэрэнсодном, мөн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор (Sc.доктор), профессор Ц.Цэвээн нар удирдан явууллаа.
Бага хурлаар профессор Л.Цэрэнсодном, магистр С.Энхбаяр нар “Дүрслэх урлаг-технологи, зураг зүйн мэргэжилтэн бэлтгэж байгаа өнөөгийн байдал, цаашдын зорилт”, профессор Ц.Цэвээн, доктор (Ph.доктор), дэд профессор Д.Сэрээтэрдорж нар “Технологийн сургалт нь хувь хүний “өв капитал”-ыг бүрдүүлэх үндсэн хэрэглүүр мөн” сэдвээр үндсэн илтгэл тавьж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Физик, материал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.доктор) Т.Кочева “Уламжлалт сүлжмэл хээний автоматжуулсан бүтээлт”, Япон улсын Шизуокагийн их сургуулийн багш, доктор Яшихиро Мацунага “Бага сургуулиуд дахь байгаль орчны сургалтын материалын боловсруулалт, бодит үнэлгээ”, МУБИС-ийн ДУТС-ийн багш, доктор (Ph.доктор), дэд профессор А.Энхмаа “Багш бэлтгэх загварт хийсэн судалгаа”, ОХУ-ын Буриадын их сургуулийн багш, доктор, доцент Н.С.Хитерхеева, Л.Д.Раднаева нар “Дизайны сургалтын интерактив (идэвхтэй олон талт) аргуудын элементүүд”, доктор В.И.Дарханов, З.С.Кокорина нар “Сургуульд дадлага хийлгэх нь оюутнуудын практик бэлтгэлийн хэлбэр” болох нь”, аспирант Б.Б.Эрдыниев, доцент Г.А.Корытов “Буриад гэрийг сурагчдын үндэсний соёлтой танилцуулах хэрэгсэл болгох нь”, Польш улсын Вроцлав хотын Археологийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор (Sc.доктор), профессор Кржитоф Жаковски, Агнеска Прзубул нар “Польш улсад их сургуулийн археологийн сургалтанд эртний урлагийн бүтээлийг ашиглаж байгаа нь”, МУБИС-ийн ДУТС-ийн багш, докторант М.Уранмандах “Дизайны боловсролын тулгамдсан асуудал”, мөн сургуулийн багш, магистр С.Даваа- Очир “Технологийн боловсролын агуулга дахь техникийн электроникийн сургалтын шинэчлэлийн асуудалд”, Польш улсын Вроцлав хотын Археологийн их сургуулийн багш доктор (Sc.доктор) Жозеф Сзиловски “Андын нуруунд хийсэн судалгаа: үндэстнүүдийн соёлын адил байдал, соёлын харилцан нөлөөллийн асуудал”, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Физик, материалын судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор С.О.Никофоров, В.Н.Михайлов, Д.А.Дамбеева, В.С.Никофорова нар “Машины дизайн-эдлэлийн эх загвар болон үйлдвэрлэлд зориулсан загварчлах технологи”, МУБИС-ийн ДУТС-ийн багш, доктор (Ph.доктор), дэд профессор С.Батчулуун “Скит” үү эсвэл “Эсгийт” үү”, мөн сургуулийн багш, магистр Н.Энхтайван “Боржигон байшингийн хийц, технологид хийсэн судалгаа”, Польш улсын Вроцлав хотын Археологийн их сургуулийн докторант Г.Одпүрэв “XII зууны эхэн үеийн төв Азийн нүүдэлчдийн соёл урлаг”, МУБИС-ийн ДУТС-ийн багш, магистр О.Эрдэнэчимэг “Анхдугаар Богд гэгээний дээлэнд хийсэн судалгаа”, мөн сургуулийн магистр Н.Анхбаяр “Монгол шатрын нүүдлийн онцлог, нүүдэлчдийн ахуйтай холбогдох нь”, БНХАУ-ын Чиндао хотын Урлагийн коллежийн захирал, доктор Ванг Гинг Лианг “БНХАУ дахь техник-технологийн сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавила. Тэрчлэн хэлэлцсэн сэдвээр ярилцлага явуулж оролцогчдод сертификат олгожээ.

Энэхүү бага хуралд зориулан дотоодын болон гадаадын эрдэмтэн судлаачдын ирүүлсэн 54 илтгэлийг нэгтгэн эмхэтгэл гаргасан байна.
Бага хурлын үеэр Технологи, дүрслэх урлагийн боловсролын академи байгуулагдаж уг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр санхүүжүүлж байх болсныг танилцуулав.
Профессор Л.Цэрэнсодном бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий даяарчлагдаж улс орнууд шинэчилэн өөрчлөгдөж байгаа энэ үед улс орнуудын хил хязгаар, хэл соёл, зан заншил, амьдралын хэв маяг улам бүр нээлттэй болж харилцан суралцах, хамтран ажиллахад нь технологи, дүрслэх урлаг-дизайны боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг болж байна. Орчин үеийн хүний бие даан амьдрах, хөдөлмөрлөх, мэргэжлээ зөв сонгох, хүн төрөлхтөний соёлын үнэт өв уламжлал, чанаруудыг эзэмшихэд технологи, дүрслэх урлаг-дизайны боловсролын ач холбогдол улам өсч байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын технологи, дүрслэх урлаг–дизайны боловсролын стандартыг боловсронгуй болгож олон улсын жишигт хүргэх, багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх тогтолцоог төгөлдөржүүлж үр өгөөжийг нь дээшлүүлэх, сургалт үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, сургалтанд дэвшилтэд технологи нэвтрүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой арга замыг эрэн сүвэгчлэхэд энэ олон улсын хурал ихээхэн нөлөө үзүүлнэ гэж бодож байна.” гэж онцлон тэмдэглэв.
МУБИС-ийн ректор, академич Б.Жадамбаа гадаадыг зочдыг хүлээн авч уулзаж их сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцуулж дээр дурдсан гадаадын их, дээд сургууль, коллежтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.