Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайд болон тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын удирдлагуудаас зарим зүйлийг тодруулж, саналаа хэллээ. Үндэсний аудитын газар 2012 оны үндсэн чиглэлийн биелэлтэд аудит хийж, тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дөрвөн зорилт, 20 арга хэмжээ үндсэн чиглэлд тусгагдсанаас 11 арга хэмжээ нь дутуу, 9 нь бүрэн хэрэгжсэн гэж дүгнэжээ.
Үг хэлсэн гишүүдийн олонх нь төрийн бодлогын энэ чухал баримт бичгийн төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжилт хангалтгүй явж ирсэн, дүгнэх арга нь ч тодорхой бус, хэрэгжилтэд нь хяналт тавьдаггүй, хариуцлага тооцох тодорхой механизмгүй байсаар өнөө хүрсэн. Иймээс энэ асуудалд нухацтай хандаж, үндсэн чиглэлийг боловсруулах, хэрэгжилтийг хэлэлцэх дэгийг шинээр авч үзэх шаардлагатай байна гэсэн байр суриа илэрхийлж байлаа. Тухайлахад гишүүн Д.Эрдэнэбат төрийн бодлогын гол баримт бичгийн нэг байх учиртай үндсэн чиглэлийг хэлэлцэж дүгнэсэн болоод өнгөрдөг биш улс орны эдийн засгийн бодлогын асуудал болгох нь зүйтэй, гишүүн М.Батчимэг цаашид үндсэн чиглэлийг боловсруулахдаа ихээхэн тооцоо судалгаатай хандаж нухацтай хэлэлцдэг байх, боловсруулалт, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж хариуцлагын механизмыг бүрдүүлэхэд УИХ, Засгийн газрын аль аль нь анхаарах, байнгын хороо ч энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй байна гэсэн санал хэллээ. Мөн гишүүн Н.Батцэрэг, Л.Цог, М.Энхболд, С.Дэмбэрэл, С.Баярцогт, Су.Батболд, Ж.Батзандан нар ч ийм байр суурьтай байгаагаа хэлэв.
Ингээд үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх санал, дүгнэлтдээ цаашид төрийн бодлогын энэ чухал баримт бичгийн төлөвлөлт, боловсруулалт,ыг сайжруулах хангалтгүй хэрэгжүүлсэн нөхцөлд тооцох хариуцлагын механизм, хэлэлцдэг дэгийг боловсронгуй болгох, төсөв, үндсэн чиглэлийн уялдаа холбоог оновчтой болгох, хэрэгжээгүй үлдсэн төсөл, хөтөлбөр, нийгмийн халамжийн арга хэмжээг гүйцээж хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх зэрэг асуудлыг тусгахаар тогтов.
Мөн улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төрийн бодлогын баримт бичгүүдийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэгтэй ажлын хэсгийг байнгын хорооноос гаргаж ажиллуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.