Айлуудын цонхонд онгорхой байх хувь гэж алга бололтой. Хүйтрээд айлууд нүүрсээ түлж эхэлсэн цагаас угаартуулах тул цонхыг онгойлгох боломжгүй. Гэтэл гэр гадаагүй дулаарч байгаа ч онгойлгоогүй хэвээр. Учир нь угаарын оронд шороо орж ирдэг болсон. Хөлс цутгаж халууцсан ч сэрүүцэх боломж үгүй. Хүүхдүүдэд нь гадагш гарч салхилах боломж бас л үгүй. Сул шороо, тоосон дунд булагдахгүйн тулд аав ээжийнхээ амралтын өдрөөр хотын төв рүү орж салхилуулах боломжийг хүлээхээс аргагүй.
Шорооноос ч илүү зовоодог зүйл бол үнэр. Үнэр гэдгийг тодруулбал, өмхий. Өвлийн улиралд битүүрч “данхраадсан” жорлонгийн хэдэн мянган нүхнүүд дулаан орохтой зэрэгцэн үнэрээ ханхлуулна. Гудамжинд хальсан угаадаснууд ч үүнд нэмрээ оруулна. Өвөл халтиргааны үүргийг биелүүлж байсан бол гэсэнгүүт нянгийн голомт болно. Сургууль цэцэрлэгүүдийн хувьд хаврын улирал халдварт өвчний дэгдэлтийн оргил нь. Энэ нь өнөөх хамаг бохир нь агаарт ууршдаг, тоос шороо нь дэгдэж эхэлдэгтэй ч холбоотой.
Халдварт өвчин ийн нэмэгддэгийн адил онц ноцтой гэмт хэргийн тоо ч өсдөг. Албан мэдээнээс онц ноцтой, гаж донтонгуудын гэмээр хэргүүд хаврын улиралд эрс нэмэгддэг болохыг харж болно. Үүнийг “хаврын синдром” гэх тодорхойлолтоор тайлж болно. Улс төрийн амьдралд ч, сэтгэцийн өвчтөнүүдийн амьдралд ч хаврын улирал өвчин хуучийг сэдрээж орхидог. Энэ мэтчилэнгээр урдын танил улирлын асуудлуудтай нэгэн хавар ирээд байна. Юу болдгийг нь мэдэж байгаа учраас яаж сэргийлэхдээ л анхаарахаас өөр аргагүй.