
Бидний хэлж заншсанаар “нинжа” нар дураараа хаа хүссэн газартаа очиж, ухаж сэндийчдэг гэж өдийг хүртэл шүүмжлүүлсээр ирсэн. Гэсэн хэдий боловч энэ нь уул уурхайн бичил олборлолт болохын сацуу тэдний амьдралын авч явж буй орлого гэдгийг мартах ёсгүй бөгөөд олборлолтыг хуулийн дагуу, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх байдлаар хийх хэрэгтэй гэж буй. Үүнд төр, засгийн оролцоо чухал тул бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтад буюу нөхөрлөлд оруулж, дэмжих үндсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж Ашигт малтмалын ерөнхий газраас мэдээллээд буй. Бичил уурхайчид ч өөрсдөө зохион байгуулалтад орж эхэлсэн бөгөөд Хариуцлагатай бичил уурхайчдын үндэсний холбоо байгуулах талаар хоёр өдрийн туршид ийнхүү Төрийн ордонд цугларч, ярилцаж байгаа юм. Бичил уурхайчид чуулганы үеэр “Ямарч зохион байгуулалтгүй, хариуцлага хүлээх чадваргүй, эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, хүний эрхийн тухайд бол бүр ч ярилт байхгүй эдгээр хүмүүс маань сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэдэн арван мянгаар тоологдож бүхэл бүтэн нийгмийн давхарга болж өргөжсөн юм. Энэ ч утгаараа эрсдэл, зөрчил, хууль бус үйл ажиллагаа газар авч, улмаар төр засаг, орон нутгийн хэмжээний хүндрэл гарах болсоор хэдэн жилийн нүүр үзэж ирлээ. Хөдөө орон нутгийн газар шороо ч сүйдэж байна. Төр үүнийг зохицуулах гэж хэдий хожуу ч гэсэн олон янзаар оролдож ирсэн нь сайн үр дүнд хүрсэнгүй өнөөг хүрлээ. Үүний гол шалтгаан бол хууль эрх зүйн зохицуулалт оновчтой бус байсанд оршдог” гэж үзэл бодлоо илэрхийлж байна.
Нэг хэсэг 60 мянгад хүрч байсан бичил уурхайчид одоогийн байдлаар 30-40 мянган байна гэсэн тойм судалгааг албаныхан өгч буй. Учир нь уул уурхайн ажил улирлын чанартай бөгөөд энэ бүрт олборлолт хийдэг хүмүүсийн тоо хэлбэлзэж байдагтай холбоотой гэнэ. Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбар дан ганц гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаас шалтгаалахгүй, бичил уурхайчдыг зөв зохион байгуулалтад оруулж чадвал улсын хөгжилд нэмэр болох нь дамжиггүй юм.