
Саудын Арабын жүжигчин, зураач Омар Боркан Аль Гала хэтэрхий царайлаг төрснөөсөө болж эх орноосоо хөөгдсөн гэнэ. Лалын шашинт оронд шашны дэг журам дэндүү хатуу байдаг учраас зураач залуугийн эргэн тойрны бүсгүйчүүд түүнд дурлаж, шашны дэг жаягаа зөрчиж болзошгүй гэж ийм арга хэмжээ авсан байна. Оросын жүжигчин Катя Пушкарева “хөөрхөн төрөх албагүй” гээд л том шил зүүж, тосгоны “амьтан” чигээрээ гүйсээр байгаад л сайхан залуутай учир ургуулчихсан. Түүний зөв байж. Ингэхэд монголчууд царай муутай, хөөрхнөөрөө саяын хэд хоног ялгарлаа. Ардчилсан орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт Монголд болж өнгөрлөө. Гадаадын олон зочид төлөөлөгчдийн нүдэнд хэтэрхий олон царай муутнуудыг харагдуулахыг хүсээгүйдээ зарим албан байгууллагуудыг амрааж, хөдөөний голдуу оюутнуудыг амраасан. Траншейныхан болон биеэ үнэлэгчдийг хотоос гаргаж амралтанд амраасан. Ямар сайндаа л яалт ч үгүй ажилтай байж таарсан сэтгүүлчид голдуу хүмүүс цагдаа нарыг ажилдаа гарахаас нь өмнө амжиж хар нүдээ хуулаад л шууд редакцидаа ирж, харуй бүрийгээр байшин барилгын булан тохойгоор сүүтэгнэсээр харих вэ дээ. Бид чинь ямар ч олуулаа царай муутай юм. Ингэхэд Саудын Араб руу ил захидал илгээж, шейхэд нь и-мэйл явуулдаг юм бил үү. Царайлаг залуусаа Монгол руу явуулчих гэж. Тэд ямар виз, замын зардал гээд горойж хотойгоод байх биш. Баячууд голдуу юм чинь. Зөвшөөрөл энэ тэр хэрэгтэй бол УИХ-д санал оруулж, хэлэлцүүлж ч болох юм. Ганц нэг таньдаг гишүүн байгаа болохоор санаа зоволтгүй. Бүтчих байх. Манайх цэлгэр сайхан нутагтай, тунгалаг сайхан агаартай, хэдэн үеэрээ хэдэн саяараа идэж уугаад ч барахгүй их баялагтай, 50-иад сая малтай хэрнээ хэдүүлхнээ хэцүү байна. Цөөхүүлээ мөртлөө царай муутнууд олонтой болохоор юм юманд гологдож, ад үзэгдээд зовлонтой юм.
Б.ОЮУНГЭРЭЛЗохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
