Р.Күү: Америкчууд японы алдааг давтаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Р.Күү: Америкчууд японы алдааг давтаж байна

"Nomura" судалгааны институтын эдийн засагч Ричард Күүгийн "INET" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр АНУ зах зээл рүү их хэмжээний ам.доллар гаргасан нь үр дүнгээ өгөхгүй байгаа тухай ярьжээ. Мөн үүнтэй зэрэгцээд Хятад улс мөнгөний бодлогоо өөрчилж эхэлсэн нь дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар онцолсон байна.

-Холбооны нөөцийн сан АНУ-ын Сангийн яамны бондыг худалдан авахын тулд 600 тэрбум ам.доллар гаргахаар болсон. Мөн энэ хөтөлбөрөө “QE II” хэмээн нэрлэсэн. Үүний дараа ам.долларын ханш огцом унаж байна. АНУ-ын төв банк бодлогын хүүгээ тэг рүү ойртуулсан нь мөн л эдийн засагчдын зүгээс шүүмжлэл хүлээгээд байгаа. Та энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ?
-Зах зээл рүү их хэмжээний ам.доллар гаргасан явдал нь цаг үеэ олоогүй. Эдийн засгийн хямралын үед АНУ-д маш олон санхүүгийн байгууллага хүнд байдалд орж, алдагдал хүлээсэн байсан. Хүн бүр л хямарчихсан. Ийм үед төв банкнаас нь тэднийг хамгаалж, дампуурахаас сэргийлэх нь зайлшгүй. “QE I” хөтөлбөрийн хувьд эхний хэсэг нь үнэхээр зөв хэрэгжиж байсан.

-Ер нь ямар ч төв банк хямралын үед юу хийхээ мэддэг байх ёстой. Тийм үү?
-Яг тийм. Ямар ч орны төв банк иймэрхүү хямралтай нүүр тулгарахад бэлэн байх ёстой. Японд 1997 онд мөн л ийм зүйл тохиолдож байв. Тухайн үед урьд нь болж байгаагүй их хямрал болж, Японы компаниуд бүгд дампуурчих вий хэмээн болгоомжилж эхэлсэн. Энэ үед Японы төв банк их хэмжээний иен зах зээл рүүгээ гаргаж, тэднийг эрсдэлээс сэргийлж байв. Тэгэхээр америкчуудын “QE I” хөтөлбөр цаг үеэ олсон гэж хэлж болно.

-Харин “QE II” хөтөлбөрийн тухайд та юу хэлэх вэ?
-Гэвч хоёрдугаар хэсэг буюу “QE II” хөтөлбөр эдийн засгийг уналтаас гаргах биш харин хэвийн байдлаа хадгалахын тулд хэрэгжүүлж буй бодлого байсан. Харамсалтай нь энэ нь хүмүүсийн найдаж байгаа үр дүнд хүрэхгүй. Учир нь одоо АНУ-ын эдийн засаг хямраагүй байгаа. Ийм үед бодлогын хүүг тэг болгочихвол хувийн хэвшил чанаргүй болно. Үнийн хөөрөгдөл гарч, санхүүгийн зээлд “хөөс” бий болох үед хувийн компаниудын хөрөнгө хэтэрхий өндрөөр үнэлэгдэж эхэлнэ. Гэвч бодит байдал дээр энэ нь хамаагүй бага түвшинд байгаа. Ийм үед бэлэн мөнгөний урсгалыг огцом нэмэх нь оновчгүй арга юм.

-Макро эдийн засгийн түвшинд авч үзвэл энэ нь юу гэсэн үг вэ?

-Хэн нэгэн мөнгөө хадгалахыг илүүд үзэж байна. Гэтэл нөгөө талд зээл авч, зарцуулах сонирхолтой бүлэг байгаа. Хэрэв зээлийн хүүг тэг болгочихвол хэн ч мөнгө зээлэхгүй. Зүгээр л мөнгө авна гэсэн үг. Бодлогын хүүг тэг рүү ойртуулах нь эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг идэвхгүй болгох аюултай. Чухам энэ үеэс л өсөлт нь зогсоно. Япончууд сүүлийн хагас зуун жилийн турш ийм бодлого явуулсан. Одоо тэд нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж чадахгүй байна.

-Тэгэхээр АНУ-ын бодлого Японыхтой адилхан байна гэсэн үг үү?
-Өнөөдөр Японд дифляци өсч байгаа. Гэтэл эдийн засгийн үзүүлэлтүүдээ өсгөх хэрэгтэй байдаг. Ингэхийн тулд, иргэдийнхээ хэрэглээг дэмжиж, хувийн хэвшлийг өргөжүүлэхийн тулд Японы төв банк бодлогын хүүгээ тэг рүү ойртуулахаас өөр аргагүйд хүрээд байна. Гэтэл зээлийн хүү багаслаа гээд япончууд эрсдэлээс улам их сэргийлж, мөнгө зээлэх сонирхолгүй болж эхэлсэн. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлого ирээдүйд ийм л үр дүнд хүрнэ. Америкчууд Японы алдааг давтаж байна. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд одооноос эхэлж зардлаа танах хэрэгтэй. Тэгж гэмээнэ хойч үеийнхэнд ашиг тусаа өгнө.

-Америкчууд “Бид Засгийн газарт итгэхгүй байна” гэж хэлдэг. Харин Хятадын ард түмэн арай өөр бодолтой байдаг. Үнэхээр тус улсын эрх баригчид дэд бүтцээ хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон зүйл хийж байгаа. Та энэ бүхнийг юу гэж тайлбарлах вэ?

-Хятад бол эдийн засгийн тэнцвэрээ маш сайн хадгалж үлдэхийн тулд хичээж байгаа орон. Санхүүгийн хямрал 2008 оны есдүгээр сараас эхлэх үед АНУ-тай адил Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл унасан. Хувьцаануудынх нь ханш буурсан. Ер нь тухайн үед улс орнууд бүгд яг ижил түвшинд очсон гэж хэлж болно. Харин 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн Хятадын Засгийн газар зах зээл рүүгээ маш их хөрөнгө гаргасан. Нийт дөрвөн их наяд юаниар хэмжигдэх тэр хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь нэлээд хувийг эзэлж байсан. Энэ үед Б.Обамагийн засаг захиргаанаас гаргасан хөрөнгө түүнээс гурав дахин бага байлаа. Ерөнхийдөө бол Хятадын эрх баригчид эдийн засгийн хямралын үед маш хурдан хариу арга хэмжээ авч, дорвитой хөдөлж чадсан. Гэтэл америкчууд тэгээгүй. Тэд асуудлыг аажуухан шийдвэрлэхийг хичээх болсон.

-Хятадын Засгийн газрын бодлогод шүүмжлэлттэй хандах хүн цөөнгүй байдаг?
-Тухайн үед Хятадыг дэлхий даяар шоолж байлаа. Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтээ огцом тэлснээс болж дотоодын нийт бүтээгдэхүүн нь найман хувиар өслөө гэж. Удахгүй түүнээсээ болж дампуурах вий гэж айлгаж  хүртэл үзсэн. Гэтэл өнөөдөр асуудал шал өөрөөр эргэж байна. Одоо Хятадын Засгийн газар мөнгөний урсгалаа хянаж, нийлүүлэлтээ сааруулж эхэлсэн. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч, инфляци бий болж байгаа энэ үед эдийн засгаа хөргөх гэсэн Хятадын эрх баригчдын бодлого хамгийн үр дүнтэй байна. Гэтэл америкчууд яав. Тэд яах учраа олохгүй сандарч эхэллээ. Дэлхий дахины эдийн засгийн тоглоомын цорын ганц ялагч нь одоогийн байдлаар Хятад болчихоод байна. Санхүүгийн хямралын үед бүх зүйл уналтад орчихоод байхад Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буураагүй. Үүнд л гол учир нь оршиж байгаа юм. Гэхдээ Хятадын эрх баригчид айдастай байгаа.

-Тэд юунаас айж байна гэж?

-Эдийн засгийн өсөлт хэвийн байхад тэд юунаас айж байна вэ гэж та асуух гээд байх шиг байна. Тэд бол ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээд биш. Хэрэв иргэд нь Засгийн газартаа дургүйлхээд эхэлбэл байдал бишдэнэ. Тиймээс Хятадын хувьд хуулийн тогтолцоо нь хамгийн том асуудал болчихсон. Хэрэв ард түмнээс сонгогдсон Засгийн газар ажлаа  хийж байх үед эдийн засаг уруудвал энэ нэг их сонин зүйл биш. Сонгуулийн хугацаа нь дуусангуут эрх баригчдыг сольчихно. Өөр хийж чаддаг хүмүүс нь гарч ирнэ биз. Гэтэл Хятадад тийм биш. Хэрэв Хятадын эдийн засгийн талаарх тааруухан мэдээлэл цацагдаж, тэр нь хүчээ авбал эрх баригчдад нь ямар ч ашиггүй. Өөрөөр хэлбэл, Хятадын иргэдэд одоо ямар ч бодит мэдээлэл байхгүй. Тэд америкчууд шиг зах зээлийн чөлөөт өрсөлдөөн дунд амьдраагүй. Магадгүй үнэ­хээр Хятадын дотоодын нийт бү­тээгдэхүүний өсөлт иргэдийнх нь амьдралд эергээр нөлөөлж байгаа байх. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ чөлөөт тогтолцоотой биш гэдэг утгаараа эдийн засгийн хурдацтай өсөлт нь зөвхөн коммунист системтэй нь холбоотой юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж