
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өчигдөр ширүүн уур амьсгал дунд болж өнгөрчээ. Энэ нь УИХ-ын дэд даргын албанд аль фракциас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс үүдэж гарсан байна. Уг нь бүлгийн гишүүд “Алтан гадас” фракциас УИХ-ын дэд даргыг сонгох ёстой хэмээн үзэж байсан ч Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга эсэргүүцжээ. Улмаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар тулж хоорондоо маргалдсан байна. Сайд Х.Баттулга “Яагаад дэд даргад зөвхөн Алтан гадас фракциас нэр дэвшүүлэх ёстой гэж… Өөр фракциас энэ албанд нэр дэвшүүлж болдоггүй юм уу” гэсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Баттулга аа чи яасан ханаж цаддаггүй юм бэ” гэж зөрүүлж хариу барьжээ. Харин “Шонхор” фракцийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нар МоАХ-ны талд зогсож, байр суурь нэг байгаагаа илэрхийлсэнээр хурлын уур амьсгал улам ширүүссэн аж. Тиймээс бүлгийн хуралдааныг үдээс хойш үргэлжлүүлж хийхээр болж, үдээс өмнөх хуралдаанаа түр завсарлуулсан юм байна.
Харин бүлгийн хуралдаан завсарласан үеэр маргалдагч талууд ойголцолд хүрснээр “Алтан гадас” фракциас УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Ингээд үдээс хойшхи бүлгийн хуралдаан 13.00 цаг өнгөрч байхад эргэн орж “Алтан гадас” фракциас УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Г.Батхүүг нэр дэвшүүлсэн байна. Гэвч Г.Батхүү гишүүн нэрээ татжээ. Ингээд эцэст нь тус фракциас УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг нэр дэвшүүлснээр бүлгийн гишүүдийнхээ олонхийн санал хүлээж, УИХ-ын дэд даргад тунаж үлдсэн нь энэ юм байна. Нэр дэвшигчийн хувьд нэгэнтээ бүлгээсээ дэмжлэг хүлээсэн учраас өнөөдөр зарлагдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж, улмаар маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж батлагдах болж байна. Ингэснээр УИХ-ын дэд даргын алба С.Баярцогтоос Р.Гончигдоржид шилжиж “Алтан гадас” фракци нам доторх эрх мэдэл нь урьдын адил хэвээр үлдэх болж байна.
Г.ДАРЬ