Эрх чөлөөнд хүрэх замд

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөнд хүрэх замд

“Монгол ба Мьянмар: Эрх чөлөө, ардчилалд хүрэх зам” сэдэвт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шударга ёс, ардчиллын төлөө тэмцэгч, нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи нарын хамтарсан лекц өчигдөр Төрийн ордны их танхимд боллоо.

Энэхүү лекцийн сонсогч нэгэн залуу өөрийн цахим хуудсандаа “Хүнд бэршээлийг мятрашгүй сөрж, тэмцэж яваа хүчирхэг эмэгтэйн үгнээс эрх чөлөөний үнэ цэнийг мэдрэхээр сууж байна. Түүний амьдралтай харьцуулахад Монголчууд бид "эрх чөлөөтэй", "жаргалтай" хүмүүс юм байна. Та бүхэл бүтэн 15 жил үг хэлэх, чөлөөтэй зорчих, сонгох, сонгогдох, бүр хамгийн хайртай хүнтэйгээ уулзах эрхээ хасуулан "гэрийн хорионд" амьдрана гээд төсөөлөөд үз дээ. Тэр ийм л амьдралыг туулжээ. Гэсэн ч тэр хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлээсээ няцсангүй, хувь тавилантайгаа ч эвлэрсэнгүй тэмцсээр хүлээн зөвшөөрөгдөж суллагдсан юм. Үнэхээр мятрашгүй тэмцэл! Өөр юу хэлэх вэ” гэж онцолсон байна. Үнэхээр энэ залуу шиг 800 гаруй залуу, төр иргэний нийгмийн төлөөлөгчид төрийн ордны их танхимыг дүүргэж илтгэгч нарын илтгэлийг анхаарал тавьж сонслоо.

 Ан Сан Су Чигийн илтгэлээрээ өөрт байгаа эрхийнхээ үнэ цэнийг ухаарч, ядаж л сонгуульд санал өгөх эрхээ эдлэхийн чухлыг хэллээ. Тэрээр энэ талаар “Манай оронд “сонгуульд саналаа өгөх нь ямар хэрэгтэй юм” гэж үздэг хүмүүс бий. Би ч мөн насанд хүрээд сонгуульд чөлөөтэйгээр саналаа өгч үзээгүй олон жилийг өнгөрөөсөн. Хүн өөрөө санал өгөх эрхгүй байж л санал өгөх эрхийн утга учрыг ойлгодог. Гэхдээ залуус та нар санал өгөх эрхээ эдлэхийн чухлыг ойлгох хэрэгтэй” гэж онцлов. Мөн түрэмгийллээс түрэмгийлэл л төрдөг. Ардчиллын төлөө явах хугацаа нь богино биш байлаа ч гэсэн зөв замаар, энхийн замаар замнах нь чухал гэж байв. Мөн ардчилал гэдэг нь хоорондын зөрчилд бие биентэйгээ ойлголцох явдал хэмээн тодорхойлсон байна. Тэрээр энэхүү үгээ харилцан буулт хийж, харилцан ойлголцож байж л амжилтанд хүрдэг юм гэх жишээгээр тодотгов.  

Түүний илтгэл үндсэндээ товч байсан бөгөөд “Сөрөг хүчин эрүүл байх тусмаа нэг хүндээ өсгөж байдаг”, “Та нар яасан билээ, бидэнтэй яаж харьцаж байлаа гэж нэгэндээ хандах юм бол амжилтанд хүрэх тухай ярих хэрэггүй” “Ардчилагчид өөрт олдсон боломжоо буруугаар ашиглавал харамсаад ч баршгүй гарз, хугацаа алдана” “Шударга хуулийн төлөө тэмцэж, түүнийг дагаж мөрдөх ёстой” “Үндсэн Хуульд итгэх итгэлийн итгэл үгүй бол тэр ардчилсан улс биш” “Өөрийнхөөсөө гадна бусад хүний эрхийг хүндэтгэн дээдлэх ёстой” гэх санаанууд илтгэлд нь агуулагдаж байв.

Харин дараагийн илтгэгч болох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хэсэг дарга нарыг сольсноор юу ч өөрчлөгдөхгүй. Харин даргад байдаг эрхийг иргэдэд өгөхийг л өөрчлөлт” юм гэдгийг онцолсон юм. Тэрээр Ан Сан Су Чигийн хэлсэн санал өгөх эрхтэй байна гэдэг тун чухлыг мөн хүлээн зөвшөөрсөн ба залуус ирж саналаа өгдөггүйгээс улс төрийн намуудад залуусын төлөөх бодлого хэрэгжүүлэх сонирхол, шаардлага байдаггүй гэдгийг хэллээ. Тэрээр “Өнөөдөр залуус парламентад цөөнх байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд парламентад цөөнх байна. Өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүд парламентад цөөнх байна. Иймд цөөнх биш олонхи байхын тулд парламентад нөлөөлөх хэрэгтэй байна. Хэрэв залуус саналаа өгдөг болчихвол хүссэн хүсээгүй залуусыг дэмжсэн бодлого гарах болно” гэв.  

Б.МАНД


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж