Хийморь, хөгжлийн үүд хаалга үйлдвэрлэгч

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Хийморь, хөгжлийн үүд хаалга үйлдвэрлэгч

Монголчууд өөрсдийн үйлдвэрлэсэн хаалгаа ОХУ руу экспортлох болсныг сониноос уншаад баярлах бахархах сэтгэл төрсөн юм. Тус мэдээллийн мөрөөр “Мегавүүд” компанийн Ерөнхий захирал Ц.Ариунбаттай уулзаж ярилцлаа.

-Би таныг сонины киоск анх санаачлан хийж сонины борлуулагч нарыг ажлын байртай болгож манай хэвлэлийн салбарт болон хотын маань хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан хүн гэж мэдэх юм байна яаж яваад үйлдвэрлэгч болчихвоо?

-Энэ ч урт түүх л дээ. Товчхондоо бол гудамжинд өвөл сонин зараад сууж байсан хөгшчүүл борлуулагч нарыг хараад өрөвддөг байсан л даа. Тэгээд бусад оронд соёлтой сонины киоскууд байж болоод байхад манайд яагаад гэж бодсон. Ингээд хамгийн бага зардлаар дизайн шийдлийн хувьд гологдохооргүй тийм сонины киоскны зураг төсөв гаргаад л “Өнөөдөр” сонины эрхлэгч агсан Ц.Балдорж гуайтай хамтарч хийсэн юм. Бүх ажлыг жигдрүүлсний дараа ажлын хөлсөө аваад л үйлдвэрлэгч болсон доо.

-Монголчууд бид гадагшаа экспортод гаргадаг маш цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Энэ дунд түүхий эд, байгалийн баялаг л голчилдгийг хүн бүр мэднэ. Гэтэл танай компани монгол инженерийн оюун ухаан, хөдөлмөр шингэсэн, эх орны үйлдвэрийн хаяг, шошготой бүтээгдэхүүн, барилгын дотор хаалга ОХУ-д экспортлохоор болсон гэж сонслоо. Ямар үйлдвэр, юун хаалга вэ гэж хүмүүс сонирхож байна?

-Манай үйлдвэр анх 2006 онд найман ажилтантай үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол түүнээс хойш тасралтгүй өргөжсөөр нийт 70 гаруй ажилчин албан хаагчтай болж, өнөөдрийн байдлаар 25 мянга гаруй айлын хаалга үүдийг үйлдвэрлээд  байна. Мегавүүдийн гэхээсээ илүү “Сараагийн хаалга” гэдэг нэртэй хаалга шүү дээ. /инээв/ Өнгөрсөн намар тавилгын түүхий эд материал борлуулдаг оросууд цавуу нийлүүлэх санал тавьж уулзахдаа манай үйлдвэрийг үзсэн юм. Тэгээд “Герман, Солонгос, Хятадын брэнд болсон тоног төхөөрөмжүүдтэй том үйлдвэр Монголд  байдаг гэж ёстой бодсонгүй. Тэгээд бүр шугаман дамжлагатай шүү” гэж гайхаад буцсан л даа. Яг тэр үед нь манай компани Монголд хийгддэггүй лактай хавтан хийдэг шугамыг ажилд оруулж технологио боловсруулаад байсан юм.  Тэр бүтээгдэхүүний загварыг их сонирхсон. Орос даяар 26 дэлгүүртэй компани юм билээ. Эхний ээлжинд загварын хаалга авъя гээд дөнгөж саяхан гэрээ байгууллаа. Цаашдаа эрэлттэй байвал тогтмол худалдаж авъя гэж байгаа.

-ОХУ өөрөө томоохон үйлдвэрлэгч шүү дээ. Яагаад Монголоос импорт хийхээр болсон юм бол?

-ОХУ жилд гаднаас 40 орчим сая долларын хаалга импортолж байна. Үүний 15 орчим хувийг манай урд хөршөөс авч байгаа юм. Манай хувьд дөнгөж эхлэх гэж байна. Манай бүтээгдэхүүний чанар, үнэ үүнд нөлөөлсөн байх. ОХУ-д юмны үнэ ханш манайхаас хамаагүй өндөр шүү дээ. Нөгөө талаас газар зүйн байршил бас нөлөөлж байгаа. ОХУ-ын манайтай хил залгаа бүс нутаг руу хаалганы үйлдвэр цөөхөн. Тэгэхээр манайхаас үнийн хувьд дотоодын зах зээл дээрхээс хямд, чанартай хаалгыг импортлоход тээвэрлэлтийн зардал бага. Бид өөрсдийн хаалгаа эндээ нийлүүлдэг үнээр л худалдана. Цааш цаашдаа эрэлт байх юм бол тоо ширхэг нь нэмэгдэж, үүнийг дагаад ашиг нэмэгдэх биз ээ. Тэрнээс бид юу юугүй ашиг хөөх бодолгүй байна. Хамгийн гол нь Монголын гэсэн хаягтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулж, бидний араас экспортод гарах үйлдвэрлэгчдэдээ зөв зам тавих нь чухал.

-Экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа үйлдвэр дотоодын зах зээл дээрээ ямар байр суурь эзэлсэн нь сонирхолтой байна?

-Өнөөдөр бүтээгдэхүүн маань дотоодын зах зээлийн 50 орчим хувийг хангадаг юм. Үйлдвэрийн хүчин чадлынхаа мөн 50 орчим хувийг ашиглаж байна.

-Хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээг 100 хувь хангана гэсэн үг үү. Яагаад бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй юм бэ?

-Бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоо уг нь бидэнд бий. Тэгээд яагаад тал хувиа л ашиглаж байгаа юм бэ гэхээр зах зээлийн эрэлт маань л тийм байгаа юм. Дотоодын хэрэгцээний үлдэх хувьд урд хөршид үйлдвэрлэсэн импортын хаалганууд өрсөлдөж байгаа гэсэн үг.

-Танай компани Тусгаар тогтнолын ордны дотор заслын гол гол ажлуудыг хийсэн гэж сонссон. Та Ардын намын гишүүн юм уу…

-За би ямар нэг намын гишүүн биш ээ. Зүгээр л гүйцэтгэгч компани нь манайд санал тавиад бид их хурлын, бага хурлын зэрэг танхимуудынх нь доторлогоо, тохижилт шийдлийг нь гүйцэтгэсэн хэрэг. Ардчилсан намын даргын өрөөний хаалгыг манай компани бас хийсэн. Тэгэхээр таныхаар аль намынх байж болох вэ? Ер нь бид ингэж намчирхахаа болих хэрэгтэй дээ. МАН-ын гишүүний хийсэн талхыг АН-ын гишүүд идэхгүй байх уу? Бизнест нэг л дүрэм байгаа. Чанартай, найдвартай, боломжийн үнэтэй. Энэ дүрмийг баримталж чадвал хэн ч хэлцэл хийнэ шүү дээ.

-Үйлдвэр байгуулахад хөрөнгө мөнгө л хэцүү гэсэн ойлголт байдаг, бас боловсон хүчин, хүний нөөцийн асуудал бэрхшээл болж байна гэх юм. Та үүнд юу хэлэх вэ?

-Эхлээд үйлдвэр байгуулах явц хэцүү л дээ. Хөрөнгө санхүү гээд. Гэхдээ найдвартай байдал бизнест маш чухал байдаг. Тиймээс манайх Худалдаа, хөгжлийн банктай он удаан жил түншилж ирснээр тус банк бидний ажилд чамгүй сайн туслалцаа үзүүлсэний ачаар бид Дэлхийн Банкны хөнгөлөлттэй санхүүжилт авч чадсан. Боловсон хүчний хувьд боломжийн цалин эвсэг хамт олон байгууллагын соёлыг зөв бий болгож чадвал хүмүүсээ бүгдийг нь ажилдаа дуртай болгож болдог юм. Манайд л лав цалин буусны маргааш ажил тасаллаа гэсэн асуудал ерөөсөө байдаггүй юм. Залуус маань ажилдаа ирэх гэж дурладаг, тэмүүлдэг болох тийм л нөхцөлийг нь хангачихвал асуудал гардаггүй юм.

-Тийм болохоор л та дараагийн үйлдвэрээ байгуулах гээд хичээж яваа юм байна л даа. Одоо хавтангийн үйлдвэр байгуулах гэж байгаа гэсэн үү?

– Тийм ээ. Дотооддоо шахмал хавтангаа үйлдвэрлэдэг болчихвол импортыг бүрэн орлож дотоодын 300 гаруй үйлдвэрлэгчдээ түүхий эдээр хангахаас гадна экспорт хийх юм. Мөн хавтангийн түүхий эдээ дотоодоосоо хангах учраас элдэв өртөг, зардал нэмэх шаардлага бидэнд байхгүй. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн өнөөдрийн импортын ижил төстэй бүтээгдэхүүнээс үнийн хувьд хямд байх юм. Тавилга үйлдвэрлэгчид маань өнөөдөр хавтангаа гаднаас зөөдөг, хүлээдэг. Дэргэдээсээ авдаг болчихвол тэдний бизнесийн эргэлт хурдасна. Их томоор харвал гадагшаа урсч байгаа мөнгө дотооддоо үлдэнэ. Жилд 10 тэрбум төгрөгийн хавтанг манайхан Хятадаас авдаг гэсэн тооцоо бий.

-Хавтангийн түүхий эд гэхээр юу байх билээ?

-Ойн хаягдал шүү дээ. Хавар болгон гардаг ойн түймрийн гол түлш нь тийм хаягдал унанги мөчрөөс үүддэг. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Ойн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд тийм хаягдлыг ашиглах бүрэн боломжтой. Мөн үүнийг үйлдвэрт нийлүүлж өгөх механизм нь бий. Тэгэхээр шинэ юм ерөөсөө шаардлагагүй. Ойн нөхөрлөлүүд ойг ашиглах, хамгаалах эрх үүрэгтэй байдаг ч ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл нь тааруу. Үүнээс болоод ойгоосоо ашиг олохын тулд хууль бус зүйл хийдэг нь ч нууц биш л дээ. Өөрөөр хэлбэл, нойтон мод унагах, хулгайгаар огтлох, нууцаар худалдах байдал руу ордог. Хэрэв ойн хаягддыг үнэ хүргэж авдаг болчихвол ойн нөхөрлөлүүд цэвэрлэгээ хийгээд л ашиг олдог болно. Тиймээс ой маань жинхэнэ утгаараа эзэнтэй болох юм.

– Экологи талаасаа ямар үйлдвэр вэ?

-Бид түүхий эдээ газар дээр нь анхны боловсруулалт хийдэг технологийг оруулж ирнэ. Энэ нь ойлгоход төвөгтэй зүйл огт биш ээ. Ойн хаягдал, унанги, хуурай модыг буталж, цавчдас болгох анхны боловсруулалтыг хийдэг машинууд байдаг юм. Тэр бүхнийг бүхлээр нь үйлдвэр рүү зөөж тээвэрлэнэ гэвэл овор хэмжээ ихтэй, олон дахин ачиж, зөөх болно оо доо? Хэрэв газар дээр нь жижиглэчихвэл нэг удаад илүү их түүхий эдийг зөөнө. Тийм болохоор ойн хаягдал нэрээр далимдуулаад нойтон бүдүүн мод зөөгөөд байх бололцоог ашиг хөөгчдөд олгохгүй гэсэн үг.

-Яг ямар хавтан үйлдвэрлэх вэ. Үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ, зах зээлээ яаж харж байна? Нууц биш бол хэр өртгөөр босох вэ?

-Хаалга, тавилга, шал хийх зориулалт бүхий хавтан юм. Ийм төрлийн үйлдвэр жижиг байх нь технологийн хувьд боломжгүй байдаг юм. Бид хамгийн бага хүчин чадалтайг нь байгуулна. Тэгсэн ч дотоодыг хангаад зогсохгүй экспорт хийх хэмжээнд үйлдвэрлэнэ. Манай компани хавтангийн үйлдвэрийн технологиороо дэлхийд тэргүүлдэг Германы “Диффенбахер” компанитай холбогдоод жил гаруй болж байна. Мөн тус компанийг удаалдаг дэлхийн төвшний компаниудтай ч холбоотой байгаа. ТЭЗҮ, зураг төсөл, урьдчилсан гэрээ хэлцэл зэргээ хийчихсэн. Засгийн газарт төслөө оруулсан байгаа. Батсүмбэрт үйлдвэр байгуулах газраа авчихсан. Төмөр замын салааны зөвшөөрөл, зураг энэ тэрийг нь хийчихсэн. Үйлдвэр гэдэг өнөөдөр мөнгө нь байсан ч маргааш босдог эд биш болохоор бичиг цаасныхаа ажлыг хөөцөлдөөд явж байна. Өртгийн хувьд 9 тэрбумаар босно.

-Тэгэхлээр энэ үйлдвэр байгуулагдсанаар нэлээн хэдэн асуудал давхар шийдэгдэх бололтой. Нийгэм, эдийн засаг гээд аль аль талаасаа. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг л…

-Тэгж хэлж болно. Нэгдүгээрт, “Цэвэр ой” төсөл хэрэгжинэ. Хоёрдугаарт,  ойн түймэр үлэмж хэмжээгээр багасна. Гуравдугаарт, 1065 нөхөрлөлийн 10 мянга гаруй иргэд ажилтай орлоготой болно. Дөрөвдүгээрт 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют гадагшаа урсахгүй. Тавдугаарт, 300-гаад үйлдвэрлэгчид түүхий эдээр хангагдана.

-Дээр нэр дурдсан Германы компани хөрөнгө оруулалт хийх юм уу. Ер нь ийм ашигтай бизнесийг зарлаад байдаг,  өөр хүмүүс түрүүлээд хийчих нь гэж айхгүй байна уу?

-Хэд хэдэн газар төсөл болон ТЭЗҮ-ийг маань сонирхон судалж байгаа.  Харин миний сонирхол бол гадны хөрөнгө оруулагчтай хамтрахаасаа өмнө дотоодоосоо хөрөнгө босгочихвол бий болох баялаг мөнгөө гадагш урсгамааргүй байгаа юм. Болж өгвөл өөрсдөдөө шингээх. Юу ч гэсэн “Чингис” бондоос хөрөнгө оруулалт татах гээд төслөө өгчихсөн л байгаа. Бүтэхгүй бол өөр арга бодно доо. Бүх тавилга үйлдвэрлэгчдээ нэгтгэж мөнгө босгоно доо. Хэрэв өөр хүмүүс өрсөөд хийчихвэл сайн л байна шүү дээ. Би тэгвэл хаалганы түүхий эдээ авдаг болно. Тэгээд ч энэ санааг өмчлөх сонирхол алга. Хөрөнгө мөнгөтэй дотоодын ямар ч компани байсан хамаагүй хамтарч болно шүү.

-Шинэ үйлдвэрийн газар чинь Төв аймгийн Батсүмбэр суманд гэл үү. Танайхыг дагалдаад ханган нийлүүлэлт маягаар өөр үйлдвэрүүд байгуулагдаж болох уу? Ер нь яагаад хөдөө зугтаад байна?

-Тийм, зөвшөөрлөө авчихсан. Төмөр зам татах зөвшөөрөл маань ч батлагдсан. Манай хавтан дээр өнгөлгөө хийдэг, хээ тавьдаг, зүсдэг жижиг, дунд үйлдвэрүүд хэрэгтэй. Тэр бүхэнд шаардлагатай жижиг, сажиг зүйлийг ханган нийлүүлэх компани, хувь хүмүүс ч хэрэгтэй. Аж үйлдвэрийн парк байгуулагдана ш дээ. /инээв/ Ер нь бид Батсүмбэр сумыг үлгэр жишээ хөгжлийн загвар болгох зорилготой байгаа. Тус сумын 2000 гаруй өрхийг ажилтай, орлоготой хэнээс ч дутахгүй сайхан амьдруулах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна аа. Үйлдвэр хотоос зайдуу байхдаа сайн байдаг юм. Нэгд зардал бага, хоёрт ажилчид тогтвор суурьшилтай ажиллана. Бас энэ хотын ачааллыг жаахан ч гэсэн багасгая л даа.
-Та Батсүмбэр сумын гаралтай юм уу. Яагаад тэнд үйлдвэр байгуулахаар сонгосон юм бэ. Хотоос хол болохоор бараа бүтээгдэхүүнээ борлуулах асуудалтай биш үү?

-Нутаг гэвэл унаган хотын хүүхэд. Би анх 1989 онд оросуудаас хальсны кино аваад Батсүмбэр суманд вагоноор хальсаа үүрч очоод кино үзүүлж байсан юм. Анхны мөнгө олсон газар минь байгаа юм. Хол ойрын хувьд бол Эрээнээс л ойр биз дээ.

-Танай үйлдвэр дээр нэг урт эвэртэй баримал байгаа харагдсан. Аль нэг байгууллагаас ирсэн өргөмжлөл, шагнал уу. Ер нь хэр олон шагнал хүртэж байв?
-Аан тэр чинь салбарын шилдэг бүтээгдэхүүний шагнал, яамнаас өгсөн юм. Өнгөрсөн жил манайх улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарч “Хөх дэвтрийн” эзэн болсон. Бас нийгмийн даатгалын найдвартай татвар төлөгчөөр шалгарч татвараасаа хоёр хувь бууруулж төлөх урамшуулал авсан. Бусад үйлдвэрүүд хоёр хувиар илүү татвар төлдөг юм л даа. Тэгээд бас үйлдвэрийн осол гаргахгүй, хөдөлмөр хамгаалал сайн байсан гэх юм уу даа.

-Бүх ажил, асуудал нь саадгүй биелээд, бүтээд байгаа хүнийг харахаар яагаад ч юм “ямар их авлига өгөө бол” гэж бодогдоод байх юм аа… Уучлаарай.

-Үгүй, хэнд ч авлига өгөөгүй шүү. Уг нь зохих хууль дүрэм журмын дагуу аливаа материалаа зохих Төрийн байгууллагад нь бүрдүүлээд өгвөл ямар нэг асуудал гардаггүй. Жаахан хугацааны асуудал гардаг болохоос биш. Яахав дээ, манайхан бүх юмыг амар хялбар дөт аргаар шийдэх гээд л тэр авилга гэдэг юмтай тааралдаад байдаг шүү дээ. Мэргэжлийн хяналт, гал, хөдөлмөр хамгаалал татвар, гааль ч юм уу энэ бүх байгууллагууд чинь уг нь зөв шаардлага тавьдаг шүү дээ. Хууль дүрмийн шаардлагыг нь биелүүлсэн байхад хэн юу ч ярьж чадахгүй шүү дээ. Тэгээд ч манай бүтээгдэхүүн ямар нэг авилгаар зарагддаг эд биш чөлөөт зах зээлийн зарчмаар л борлогддог шүү дээ.

-Танай хаалганы үйлдвэрийг Үйлдвэр, худалдаа, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга үзэж танилцсан байсан. Түүнийг аваачих санал тавьж, лобби хийсэн үү?

-Үгүй ээ би анх Батсүмбэр сумын иргэдтэй уулзах уулзалтан дээр Үйлдвэр, худалдаа, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай таарч танилцсан юм. Тэгээд тус суманд хийх гэж буй ажлаа танилцуулсан чинь их сонирхоод лавшруулж асуугаад хот буцахдаа хамт машинд сууж яриагаа үргэлжлүүлээд салсан юм. Тэгсэн дараахан нь манай үйлдвэрийг үзье гээд яамны мэргэжилтнүүд, тэр дундаа Н.Түвшинбаяр аваргыг дагуулаад хүрээд ирсэн. Олимпийн аваргыг… Бид баярласан, бас бэлгэшээсэн гэж жигтэйхэн… Тийм л юм болсон хэрэг.

Таны ирээдүйн зорилго мөрөөдөл чинь юу вэ?

-Олон олон үйлдвэр байгуулах. Хүүхэд байхын нэг мөрөөдөл байдаг юм “Зохион бүтээгч инженерүүдийн сургууль, туршилт судалгааны зохион бүтээх төв байгуулах.

-Аан тийм таныг зарим тоног төхөөрөмжөө өөрөө зохиосон гэж сонссон юм байна. Та шинээр юм зохион бүтээх хоббитой юм аа даа?

-Уг нь би эдийн засгийн удирдлага зохион байгуулалтын мэргэжилтэй юм. Харин хүүхэд байхдаа “Залуу техникчдийн ордны” сурагч байсан юм л даа. Үйлдвэртээ нэлээд хэдэн тоног төхөөрөмжийг шинээр хийж бас өөрчилж шинэчилсэн. Сонирхуулахад одоо нэг судалгааны ажил дуусах шатандаа орсон. Өвлөөс өмнө нийслэлчүүдээ баярлуулах байх гэж бодож байна. Юу гэдгийг та дараа нь асуугаарай /инээв/…

-Эцэст нь асуухад та хөгжлийг яаж бий болгох ёстой гэж боддог вэ?

-Минийхээр бол “Хөгжил гэдэг бол хүн бүр хууль ёсыг дээдэлж, улс үндэстнээрээ нэгдсэн зохион байгуулалтад орохыг хэлнэ”

-Өөдлөх айл үүднээсээ гэж монголчууд ярьдаг. Үүд хаалгаар эхэлсэн та бүхний ажил үйлс, тэр дундаа экспорт чинь амжилт дагуулах болтугай гэж хүсье. Монгол улсынхаа хөгжилд улам ихийг бүтээхийг хүсэн ерөөе.

Баярлалаа.

А.АМАР

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №009

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж