Унаач хүүхдийн амь ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдийн амь ямар үнэтэй вэ?

Монголчууд хурдан морь, унаач хүүхдээ зовоохгүй тулд өвлийн улиралд наадам хийдэггүй байжээ. Харин сүүлийн үед хурдан морины уралдаан эрийн гурван наадам, ард түмний зугаа цэнгэл байхаа больж, хөрөнгө бэлтэй хүмүүсийн “хобби” болон хөгжиж байгаа. Тиймдээ ч морины уяа сойлго тааруулах нь бүү хэл машинаасаа бууж үзээгүй “Манлай уяач” олширсон нь үнэний хувьтай. Харин үүний цаана унаач хүүхдийн хувь заяа, амь нас, аюулгүй байдал алдагдахад хүрэв.

Гутал нь сугарч, хамраас нь цус гаран нүүр нүдгүй шавар шавхай болсон хурдан  морь унаач хүүхдүүдийг харахаар наадам үзэж цэнгэхээсээ илүү нүд хальтирахад хүрнэ. Адуугаар наадаж болох ч гэлээ алдрай бяцхан үрсээрээ наадаж болох уу даа, бид. Наадмын тоосон дунд бяцхан үрс минь мориноосоо унаж, гишгүүлж, зарим нь бүр боссон тоосонд харагдахгүй байсаар машинд дайруулж нас барж байна.Сар шинийн баярын дараа болсон Хаврын урал­дааны үеэр унаач хүүхдийн амь эрсэд­сэн эмгэнэлт явдал дахиад л гарсан.

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр үүний дараа л Монголын морин спорт, уяачдын холбооноос 2013 оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Гэхдээ энэ хоригийн хугацаанд хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэл дээр мэргэжлийн холбоод нь төр засагтайгаа хамт анхаарч, арга хэмжээ авна хэмээн олон хүн найдсан юм. Гэвч эрхэм түш­ээд эдийн засаг, төсөв хөрөнгөн дээрээ талцаад хүүхдийн амь нас, аюул­гүй байдлын асуудлаар анхаа­рах сөгөөтэй хүн алга. Удахгүй дахиад наадам болно.

Өнгөрсөн жилийн баяр наадмаар 100 гаруй хүүхэд хурдан мориноос унаж, гэмтэж бэртсэн байна. Гэсэн ч наадамчид, хүүхдийн эрхийн байгууллагууд үүнийг байдаг л нэг жирийн үзэгдэл мэтээр хүлээж авсан уу, өмнөхийн адил чимээгүйхэн өнгөрсөн. Хаа очиж Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө газрынхан энэ удаа баяр наадмын зохион байгуулалт, хурдан морины унаач хүүхдэд анхаарах цаг болсон талаар дуугарч эхэлсэн. Гэвч хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өмнө хүний эрхийн комисс ч хүртэл хүчин мөхөсдөв үү гэлтэй аажим аажмаар дуу нь суларч эхэллээ. Уг нь Хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхдээр хурдан морь унуулах явдлыг “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр” хэмээн үзэж, албан ёсоор хориглох саналаа Засгийн газарт тавиад байсан юм. 

Хурдан морь унах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр үү?

Юуны өмнө хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу болох, Монгол Улсын хууль тогтоомжид насанд хүрээгүй хүүхэд ажил хөдөлмөр эрхлэхэд юуг хориглосныг сонирхъё.

Нийгмийн хамгаалал хөдөл­мө­рийн яамны сайдын 2008 оны 107 тоот тушаалын хавсралтад “Насанд хүрээгүй хүнийг эрүүл мэнд, амь нас, ёс суртахуун, аюулгүй байдал, хөгжилд нийтлэг аюултай ажлын байр, ажил мэргэжлээр ажил­луу­лахыг хориглоно” тусгажээ. Тиймээс хурдан морь унах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр гэж Хүний эрхийн үндэс­ний комисс дүгнэж, энэхүү дүг­нэл­тээ Засгийн газарт хүргүүлсэн байна.

Хүний эрхийн үндэсний комисс­оос хүргүүлсэн хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийг тэвчишгүй хэл­­бэрийн хөдөлмөрт хамруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэн, шийд­вэрлэх ёстой. Хэрвээ үүнийг хүүх­дийн тэвчишгүй хөдөлмөрт хам­руулах боломжгүй гэж үзвэл хурдан морь унаач хүүхдэд ядахдаа насны зааг зааж өгөх ёстой тухай УИХ-ын зарим гишүүд санал дэвшүүлсэн. Мөн төр хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хам­гаа­лах үүднээс хувцас хэрэглэлд тавих шаард­лагыг өндөржүүлэх ёс­той гэсэн санал­­тай гишүүд ч олон байсан. Гэтэл одоо тэдний дуу хоолой хаана явна вэ?  

Унаач хүүхдийг хамгаалах хуулийн ганц заалт

Манай улсад өдгөө 500 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилдэг аж. Эдгээр 500 гаруй хууль, тогтоомжид хурдан морь унаач хүүхдийг хам­гаа­лах ганцхан хуулийн заалт бий гэнэ. 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн ҮII зүйлд “Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэж тусгажээ. Энэхүү заалтаас өөр унаач хүүхдийн алтан амь нас, эрүүл мэндийг эрсдлээс хамгаалсан хууль тогтоомж одоогийн байдлаар манай улсад алга. Мэдээж энэ хуульд хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдэхээс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, хэрвээ хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тусгаагүй  байх.

Мөн хэн юу өгүүлснийг хүргэж байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү:

Уламжлалаа ч үлдээе, хүүхдээ ч хамгаалъя

-Сар шинийн дараа болсон хаврын уралдааны үеэр хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнээс үүдээд хавар морь уралдуулах, хаврын уралдаанд  хүүхэд хурдан морь унах зөв үү. Яагаад бид хүүхдээ хамгаалахгүй байна. Ингээд хараад суугаад байсаар байх уу гэсэн энэ олон асуудлыг иргэд ярьж хөндлөө. Үүнтэй холбоотойгоор манай Хүүхдийн төлөө үндэсний газар холбогдох талуудтай хамтран илүү  нарийвчилсан судалгаа хийж, хамтран ажиллахаар болсон.

Уяачид болохоор орчин үеийн хүүхдүүд ёс заншил өв уламжлалаасаа дэндүү хол өсч байгааг ярьдаг. Уяачдын ярьж байгааг ойлгож байна. Өвөг дээдсээсээ уламжмлсан монгол ахуй, монгол ёс заншлаа өнөө бидний үеийнхэн үргэлжлүүлэн үр хойчдоо өвлүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ өв уламжлалаа үлдээхийн хамт хүүхдийнхээ эрхийг хамгаалъя гэж байгаа юм. Сайхан наадъя. Гэхдээ хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж байж уралдъя. Хэрвээ ямар нэгэн осол гарвал эмнэлгийн тусламж үйлчилгээ, хууль эрх зүйн зөвлөгөө нь хангалттай, хүлээх хариуцлага нь тодорхой байя гэдэг асуудлыг тавиад байна.

УИХ-ын гишүүн, алдарт уяач Б.Наранхүү:

Хүүхэд унаж уралддагтаа л  гайхамшиг нь байгаа юм

-Бүх зүйлийг туйлшруулж ярих нь зохимжгүй юм. Машин мөргөлдөөд байна ерөөсөө машин гэдэг зүйлийг унахаа больё гэж ярьж болох уу. Эсвэл онгоц энд тэнд осолдоод онгоцоор нисэхээ больё гэдэгтээ яг адилхан. Мориноос хүүхэд унаад бэртээд байна гээд наадам хийхээ болиод бүх морио гадагш нь гаргачихъя гэдэг ч юм уу ийм байдлаар асуудалд туйлширч хандаж болохгүй. Хамгийн гол нь зохион байгуулалтаа яаж сайжруулах тал дээр ярилцах ёстой болов уу. Хүүхэд эндэж байгаа нь маш харамсалтай зүйл. Гэхдээ энэ бол цэвэр зохион байгуулалтын асуудал шүү дээ. Ерөөсөө замын л асуудал. Замыг мөсгүй болгох хэрэгтэй. Хүүхдийг яг стандартын хувцас хэрэглэлийг нь өмсгөөд унуулах ёстой, зам талбайг нь сайжруулах хэрэгтэй. Уяачдын холбоо ч энэ тал дээр сайн ажиллаж байгаа. Би УИХ-ын эмэгтэй гишүүдийг дагуулаад хөдөө уяан дээр аваачиж үзүүлдэг юм уу гэж бодоод байгаа. Морь унаж ч чаддагүй хүмүүс энэ тухай яриад байгаа нь надад сонин санагдаж байна. Бид мориноос холдох тусам хүүхэд бэртэж, эндэх нь нэмэгдэнэ. Гол нь асуудлынхаа голд орж шийдвэр гаргахгүй байна гэсэн үг. Энэ бол зүгээр нэг зугаа цэнгэл биш шүү дээ. Бид байшинд орж суучихаад л морины тухай хол хөндий яриад байна. Гэтэл өнөөдөр бидний дунд морь унаж өссөн маш олон хүн бий шүү дээ. Х.Тэмүүжин сайдыг л хар даа. Морь унаж л өссөн хүүхэд. Бид морины хүчээр л дэлхийг эзэлж, эх орноо хамгаалж байсан. Багаасаа морь унаж сурсны хүчинд шүү дээ.  Морины хүчинд хүүхдүүд сургууль соёлтойгоо залгадаг байсан. Одоо ч ийм зүйл байна. Монгол хурдан морины уралдааны гайхамшиг нь хүүхэд унаж уралдаж байгаадаа шүү дээ. Эргээд морио үзэн ядах, наадмаа үзэн ядах ийм хандлагыг бий болгож болохгүй л дээ. Хэнд ч илүүдээ гарсан мөнгө гэж байхгүй шүү дээ. Бүхэл бүтэн хүмүүсийг ажиллуулж, цалинжуулж уламжлалаа авч явж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн, Тод манлай уяач Г.Батхүү:

Цэвэр зохион байгуулалтын асуудлаас болж хүүхдүүд унаж бэртэж байна

-Цэвэр зохион байгуулалтын асуудлаас болж хүүхдүүд унаж бэртэж байна гэж бид дүгнэсэн. Хийсэн судалгаануудыг ч харлаа. Зохион байгуулалт сайтай, Засгийн газрын тогтоолоор болж байгаа уралдаануудад эрсдэл гарах нь харьцангуй бага байдаг. Хүмүүс дураараа өөрсдөө мөнгө нийлүүлээд шагналын байгаа тогтоод жижиг уралдаануудыг их хийж байна. Үүнээс үүдэж янз бүрийн эрсдэл их гарч байгаа болохоор морин уралдааныг заавал мэргэжлийн байгууллага, холбооны зөвшөөрөлтэй нарийн зохион байгуулалттай, газар, орны зөвшөөрөлтэй газар, хүүхдийн нас заасан, аюулгүй байдал, хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсгөсөн хийхийг  хуульчилж өгөх хэрэгтэй байна.

Мөн уралдаан болж байгаа бол тухайн газар заавал хүний эмч, малын эмч, түргэний машин, цагдаа, хүчний байгууллага  байх шаардлагыг тавих хэрэгтэй. Жижиг наадам, уралдаануудад  энэ байдаггүй юм билээ. Тиймээс хүүхэд эрсдэж, түргэн тусламж авч чадахгүйгээсээ болж осол, гэмтэл гараад байна.

Энэ хуулийн төслийг өргөн барих гэж байгаатай холбоотой Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболдоос мөн санал авахаар явуулсан.

Бэлтгэсэн: Б.ОЙНБИЛЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №009

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж