Элбарадейн ээлжит бай нь Фараоны хөвгүүд

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Элбарадейн ээлжит бай нь Фараоны хөвгүүд

Тахрирын хувьсгалчид нэхэл хатуутай байна. Тиймээс Египетийн сүүлчийн
фараон, түүний өв залгамжлагчдын эсрэг “Цөлийн шуурга” ажиллагаагаа
дахин эр­чимтэй явууллаа. Хосни Мубарак тэдний шаардлагыг хүлээн авч,
албан тушаалаасаа огцорсон. Хуулийнхан түүний эд хөрөнгийг битүүмжилсэн.
Тэр ч бүү хэл Швейцарийн банкинд хадгалуулсан бүх мөнгийг нь улсын
орлого болгохоор шийдсэн. Гэвч гал зогссонгүй. Тахрирын хувьсгалчид
Мубаракийнхныг овоо хараандаа авсан хэвээр байна. Тэгээд ч хууль
хяналтынхан Аля Мубарак, Гемаль Мубарак нарыг баривчилснаар “Египетийн
төрийн эрх ЭлБарадей нарын гарт шилжлээ” гэх таамгийг эвдлээ. “Хосни
Мубаракийн эрин үе эцэс болсон ч Гемаль Мубарак, ЭлБарадей нарын дунд
ширүүхэн тэмцэл өрнөж мэднэ” гэж ажиглагчид дүгнэх болов. Харин хууль
сахиулагчид “Аля, Гемаль нар өнгөрсөн сард жагсагчдад хүч хэрэглэх
тушаал өгсөн. Олон нийтийг турхирсан. Авлигын хэрэг үйлдсэн” хэмээн
буруутгаж уржигдар тэднийг баривчилсан юм. Аля байцаалт өгөхийнхөө өмнө
дүүдээ хандаж “Дүү минь, чи бид хоёр яах вэ. Аавтайгаа насны эцэст нь
хамт байж, хүн шиг амьдрах юм шүү” гэжээ. Мөрдөн байцаах газрынхан
тэднийг 15 хоног байцаана гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь энэ зуур
мэдэгдсэн билээ.  

Ингэхэд Мохамед ЭлБарадей тэргүүтэй тэмцэгчид юуг хүсээ вэ. Хосни
Мубарак тэдэнд зайгаа тавьж өгсөн. Энэ хангалтгүй гэж үү. Тийм ээ,
хангалтгүй. Учир нь Египетийн сүүлчийн фараоны үргэлжлэл болох хөвгүүд
нь хүчтэй, нөлөөтэй хэвээр байгаа. Тэдэнд улс төр, бизнесийн карьер,
мөнгө, эрх мэдэл бий. Тэгээд ч тус улсын төрийн эрхийг олон жил барьсан
Хосни Мубаракийн тойрон хүрээлэгчид, дэмжигчид хот, тосгодод олон. Чухам
ийм л учраас олон улсад “Цөмийн ноёнтон” хэмээн танигдсан ЭлБарадей нар
болгоомжилсон хэрэг. “Фараоныхон цусан өшөө авах вий” гэж тэд эмээж
байна.

Хэмжээлшгүй эрх мэдэлтэй явсан Хосни Мубаракт тэмцэгчид хүрд эргүүлэх
боломж олгохгүй байна. Египетийн экс Ерөнхийлөгч үнэт эд агуурсынхаа
талаар ямар ч тайлбар хийгээгүй. Тус улсын хууль хяналтынхан түүнийг
“Хэдэн үеэрээ “идээд” ч барамгүй энэ их хөрөнгийг авлигад авсан байх”
хэмээн сэрдэж байгаа юм. Тэр ч атугай “Олон улсад хэрэгжүүлж буй
төслүүдэд хөрөнгө оруулж, 16 оронд хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг
банкуудад байршуулсан” гэж үзэж байна. Харин тэд битүүмжлэгдсэн зарим эд
хөрөнгө Хосни Мубаракийн хөвгүүдийнх гэдгийг тогтоосон. Египетийн
сүүлчийн фараоныхон зөвхөн өөрийн оронд 20 гаруй орд харштайг ч олж
мэдсэн билээ. Хууль хяналтынхан Мубаракийнхны эрдэнэсийн санг ийн уудалж
байгаа бол сайн дурын мөрдөгчид нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэлээ.
“Хуулийнхан эхний ээлжинд 111 сая 160 мянган ам.доллартай дүйцэхүйц эд
хөрөнгө битүүмжилжээ” гэж.

Тэгвэл ЭлБарадей тэргүүтэй Тахрирын хувьсгалчдыг айлгаж буй Аля Мубарак,
Гемаль Мубарак гэж хэн бэ. Алягийн хувьд хувиараа бизнес эрхэлдэг. Өв
хөрөнгө ч гэж хэмжээлшгүй их. Барууны зарим ажиглагч түүнийг “Зэвсгийн
наймаачин” гэдэг. Гэвч Аля үүнийг хэдэнтээ няцаасан юм. Тэрбээр Сант
Жоржийн коллежийг дүүргэж, Кайр дахь Америкийн нэгэн их сургуулийн
салбарт бизнесийн чиглэлээр су­ралцаж байв. Аля дүү Гемальдаа “Ажлаа
хааяа ч гэсэн хойш тавьж, аавд санаа тавьж байгаарай. Насны эцэст чи л
түүнд хань болно шүү” хэмээн захидаг аж.

Гемаль Мубаракийн тухайд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж буй. Учир
нь Хосни Мубарак хувьсгал эхлэхээс өмнөхөн түүнийг залгамжлагчаараа
тодруулсан юм. Босогчид гэр бүлийнхнийх нь эсрэг тэмцэх хүртэл Гемалийн
улс төрийн замнал дардан байлаа. “Аавынхаа залгамж халааг авах сан” гэх
хүүхэд насны мөрөөдөл нь биелэхэд ойрхон байв. Тэрбээр мөн л Сант
Жоржийн коллежийг бизнесийн чиглэлээр дүүргэсэн. Ажил, амьдралынхаа
гарааг “Bank of America”-аас эхэлж, дараа нь хөрөнгө оруулалтын нэгэн
банкинд ажиллажээ. Түүнийг нэр хүндтэй эдийн засагчид “Банк, санхүүгийн
салбарт толгой цохих чадвартай” хэмээн үнэлдэг аж. Египетийн Ирээдүйн
хөрөнгө оруу­лалтын сангийн захирал асан Гемаль Үндэсний ардчилсан намын
гишүүн. Түүнийг эцэг нь тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2000
онд сонгосноор улс төрийн карьер нь эхэлжээ. Ямартай ч сүүлчийн фараоны
хөвгүүд хэрэгтний суудалд суулаа. Харин ажиглагчид “Энэ асуудлыг
Египетийн шүүх биш, олон улсаар шүүхээр хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэж
байна.

Б.БААТАР



Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж