Ан Сан Су Чи Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи бараалхав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи нар уулзалтын үеэр энгийн халуун дотно яриа хөөрөө өрнүүллээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний унь, тоононы хээ хуар, эрдэнийн чулуун шигтгээ, бэлгэдлийн морин эрдэнэ, монгол бичээс хатгамаллан чимсэн гэрийн хөшиг, хүндэтгэлтэйгээр өрсөн номууд, эзэн Чингис хааны хөрөг хатагтайн сонирхлыг ихэд татсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Монголчуудын Чингисийн өмнөх үеийн болон Чингисийн үеийн түүхийг хураангуйлан товчоолсон “Монголын нууц товчоо” ном, монголчуудын даган мөрдөж байсан Их цааз хуулийг хүндэтгэн залсан болохыг эрхэмсэг хатагтай Ан Сан Су Чи-д тайлбарлав. Мөн гэрийн хөшигний хаяаг Хүннүгийн үеийн хээ хуараар  хөвөөлөн чимэглэснийг хатагтай Ан Сан Су Чи болон түүний бараа бологчид ихэд сонирхож байв.

Монголчууд 1989 онд ардчилсан хөдөлгөөөнийг эхлүүлж, 1992 онд улс төрийн нам, хүчнүүдийн яриа, хэлэлцээ, ард иргэдийн санал асуулгад үндэслэн ардчилсан Үндсэн хуулийг баталж ардчилал, зах зээлийн нийгэм, хүний эрхийг баталгаажуулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч ярилаа.

Тэдний яриа үндэсний баяр ёслолын сэдвээр цааш үргэлжлэв. Монголчууд цагаан сар, үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг бол Мьянмарт усны баяр хийж бие биеэ сэрүүцүүлэн ус цацаж нааддаг гэлээ.

Монгол Улсад Тамхины эсрэг хууль батлагдаж иргэд мөрдөж байгаа, улс орон даяар “Архигүй Монгол” аян өрнөж байгааг хатагтай Ан Сан Су Чи талархан сонсч Мьянмарт ч залуус архи сархад хэрэглэхийг таашаадаггүй ёс байдгийг ярьсан юм.

Эх сурвалж: www.president.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж